• Ц.Даваасүрэн: Ирэх өвөл түлэх нүүрсээ ч нөөцөлчихсөн айл байхыг үгүйсгэхгүй

    Өчигдрөөс нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Үүнтэй холбоотой асуудлууд ихээр гарч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

    -Өчигдрөөс нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүхэн байх төлөвтэй байна. Шахмал түлш худалдаанд гарсан уу?

    -Түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Орлуулах бүтээгдэхүүн нь  шахмал түлш. Шахмал түлшийг үйлдвэрлэх нийлүүлэх үүрэг нь манай яаманд оногдож байгаа. Өнгөрсөн зунаас эхлээд шахмал түлшний үйлдвэр барьж байгуулах, технологийг бий болгох ажлыг хийсэн. Одоогийн байдлаар нийслэлийн зуны хэрэгцээнд бүрэн хүрэлцэхүйц 50 мянган тонн сайжруулсан шахмал түлш  бэлдчихсэн байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүй. Найман цэгт борлуулалтын ажил өчигдрөөс эхэлсэн. 600 мянган тонныг үйлдвэрлэж байж ирэх өвлийн хэрэгцээг бүрэн хангана. Энэ хэрэгцээгээ хангаж чадах юм бол агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломжтой. Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулчихсан байгаа учраас нийслэлчүүдийн хэрэгцээг хангах шахмал түлшийг асуудалгүй үйлдвэрлэнэ.

    -Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэхээс  өмнө нөөцлөөд авчихсан иргэн,  байгууллагад яаж хяналт тавьж, зохицуулах вэ?

    -Энэ  асуудал яг өчигдрөөс гарч ирж байна. Бид хориглочихсон. Хориглосон өдрөөс эхлээд нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй. Гэтэл хориглосоос өмнө нөөцлөөд авчихсан айлууд түлээд эхэлж байна. Энийг зохицуулах шаардлага гарч ирж байна. Магадгүй ирэх өвөл түлэх нүүрсээ нөөцилчихсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс иргэн хүн иргэний хариуцлагаа ухамсарлах ёстой. Бусдын эрүүл мэндийг хохироох үйлдэл хийгээд байж болохгүй. Утаатай тэмцэнэ гэдэг зөвхөн төрийн хийх ёстой ажил биш. Бүгдээрээ хамтарч байж утаагаа бууруулах ёстой. Зуух л байгаа бол үнэгүй юм түлэх гэдэг хандлагатай хүмүүс  зөндөө байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо ч чухал. Айхтар утаа гаргаж байгаа айлыг танайх юу түлж байна гээд сурвалжлах хэрэгтэй. Ингэж тал талын оролцоотойгоор хяналт тавьж байж л бид үр дүнд хүрнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ