• Сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудлаар Ерөнхий сайдын байр суурийг нэхэв

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын сайд нарын нэг нь  10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын бүрэлдэхүүнд явсан сайд нарын нэг нь авлига авсан байж болзошгүй гэх  хардлага байгаа юм. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар багтсан байдаг.  . Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй ч тухайн үед БНХАУ-д болсон  “Нэг бүс-нэг зам” уулзалтад оролцсон   байдаг.

    Дээрх асуудлаар зарим сайд нар байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Би 10 сая ам.долларын авлига аваагүй. Энэ талаар гүтгэлэг явж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд би яваагүй. Хариуцсан хүмүүс нь юу гэж бодож байгаа юм” гэх тайлбарыг хийсэн бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Санаанд багтах битгий хэл зүүдэнд ч оромгүй тоо яригдаж байна. Би бодохдоо ирж байгаа сонгуультай ч холбоотой байж мэдэх худлаа мэдээлэл гэж бодож байгаа. Дараа дараагийн гүтгэлэгээс хамгаалж байгаа хэрэг. Худлаа мэдээлэл юм чинь дараагийн гүтгэлэгэнд итгэх хүн байхгүй. Зүгээр  энгийнээр бодоход дээшээ сэвсэн маш том тоо яригдаж байна. 20 тэрбум төгрөг хэдэн машин дүүрэх хэмжээний мөнгө. Надад 10 сая доллар авах битгий хэл 1000 доллар авах сэтгэл байхгүй” гэх тайлбарыг өгсөн.

    Тэгвэл өнөөдөр дээрх асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайдаас тайлбар авах албан бичиг хүргүүлэв.

    Уг албан бичигт “Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбоотой эсэх талаар мэдээллийг ирүүлнэ үү” гэжээ.

    Энэ талаар АН-ын зөвлөлийн бүлгийн дарга Д.Эрдэнэбэт “Нэг сайд ийм их хэмжээний мөнгөний авлигын хэрэгт холбогдсон асуудал гарна гэдэг нь Засгийн газар нь өөрөө тогтворгүй болох чиглэл рүүгээ явж байна. Зүгээр яриад өнгөрөх сэдэв биш. Ерөнхий сайд өөрөө албан ёсны тайлбарыг өгөх ёстой. Кабинетийнх нь сайдуудтай холбоотой асуудал яригдаж байхад Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхгүй байж болохгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ