• Хувьцааны үнэ нь 1.3 ам.доллараас буурвал “Turquoise Hill Resources”-ийн компанийн  засаглал суларна

    2019-05-16

    “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ 2018-2019 онд тогтмол буурсан үзүүлэлттэй байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн  мягмар гаригийн байдлаар нэгж хувьцааны үнэ 1.31 ам.долларт хүрчээ.  Энэ нь өмнөх өдрийн хаалтын ханш буюу 1.33 ам.доллараас  хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
    2009 оны аравдугаар сарын 6-нд “Turquoise Hill Resources” болон “Рио Тинто” компаниуд Оюу Толгойн зэс-алтны уурхайн цогцолборыг барих, ажиллагаанд оруулах талаар Монгол улсын Засгийн газартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээнд Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources,  34 хувийг эзэмшдэг Монгол улсын Засгийн газар хамтран байгуулсан.  Turquoise Hill Resources  компани нь 2006 оны аравдугаар сараас хойш “Рио Тинто” компанитай стратегийн түншийн харилцаатай болсон билээ.  Улмаар 2010 оны 12 дугаар сараас Оюу Толгойн бүтээн байгуулалтыг явуулж эхэлсэн. Ийнхүү тус компанийн хувьцааны 2019 оны дундаж үнэ 1.6 ам.доллар болсон үзүүлэлттэй байна. 2011 онд хамгийн өндөртөө буюу хувьцааны жилийн дундаж үнэ 23.0995 ам.долларт хүрч байв.

    Оюу Толгой бол “Рио Тинто” компанийн өсөлтөд чухал нөлөөтэй төслүүдийн нэг бөгөөд жилд 550000 тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий далд уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар төсөвлөөд байв. Нэг талаар хувьцааны үнэ буурсаар байгаа нь тогтвортой үйл ажиллагааг хангах чадваргүй гэж үзэж, бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, ашиглалтад оруулах хугацааг 2022 он хүртэл сунгасантай холбоотой байж болох юм.

    Мөн Сан-Франциско хотод төвтэй “SailingStone” хөрөнгө оруулалтын фирм нь “Turquoise Hill Resources” компанийн 10.9 хувийг эзэмшдэг бөгөөд “Оюу толгой”-н далд уурхайн олборлолтыг эхлээгүй байгаад “Rio Tinto” компанийг буруутгасан байна.

    Нөгөө талаар өнгөрсөн сард “SailingStone” фирм төлөөлөн удирдах зөвлөл болон бага хувьцаа эзэмшигчид хоорондын хамтын ажиллагаа учир дутагдалтай байгааг онцолж байсантай холбоотой байх магадлалтай. Хувьцааны үнэ тогтвортой байх чухал үзүүлэлтүүдийн нэг бол компани сайн засаглалтай эсэх юм. Өнгөрөгч мягмар гаригт жил тутам зохион байгуулагддаг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хараат бус захирлуудыг дахин сонгох асуудлыг  хэлэлцсэн. Тэгэхэд компанийн бага хувьцаа эзэмшигчдийн 40 орчим хувь нь хараат бус захирлуудыг дахин сонгохын эсрэг санал өгсөн байна.
    Шинжээчдийн үзэж байгаагаар хувьцааны үнэ 1.3 ам.доллараас буурвал “Turquoise Hill Resources” компани засаглалын хувьд сулрах аюултай юм. Хувьцааны доод ханш 1.26 ам.доллар хүртлээ ч буурах  магадлалтай аж.

    “Turquoise Hill Resources”  нь Британий Колумбын Ванкувер хотод төвтэй Канадын ашигт малтмалын хайгуул, хөгжүүлэлт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.  Ази Номхон Далайн бүсэд хэд хэдэн томоохон хэмжээний уурхайг хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг бөгөөд тэдгээрийн нэг Өмнөговьд байрлалтай Оюу Толгой төсөл юм. Тус компани нь “Rio Tinto” компанийн удирддаг Оюу Толгой төслийн 66 хувийг эзэмшдэг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ