• Ч.Хүрэлбаатар:Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийг хааж боосон хориг тавьжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.05.15/ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн энэхүү хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлэв. 

    Ч.Хүрэлбаатар “Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй. Үндэслэлгүй, дотор байгаа зүйлийг нь ойлгоогүй хориг гэж үзэж байна. Оюутолгойд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Хуульд цагаан цаасан дээр хараар бичсэн байгаа. Ашигт малтмал, цацрагт идэвхт, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчлэхгүй гээд биччихсэн байгаа. Үүнийг ойлгочихоод тоглоод байгаа юм уу, мэдэхгүй. Үнэ шилжүүлэлт капиталжуулалтын дүрмийг дордуулсан гэсэн байна. Яг эсрэгээрээ. Монгол Улс хар жагсаалтаас гарах нэг нөхцөл нь үнэ шилжүүлэхийн эсрэг Монгол Улсын татварын хуульд заалт байхгүй байна, үндэстэн дамнасан компаниудад боломж олгоод байна гэсэн учраас бид Татварын хуульдаа оруулж өгсөн. Тэгэхээр огтын үндэслэлгүй гүтгэлэг гэж хэлье.

    Уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар тусгажээ гэсэн байна. Бөөнд нь тайлагна гэсэн санал оруулж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Бөөнд нь тайлан гаргаснаар татвар төлөхгүй болчихдог. Лиценз болгоноор тайлагнаснаар ашигтай лиценз болгоноосоо татвар төлдөг болно. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийг суутгах татвар оногдуулдаг байсныг 5 хувь болгожээ гэсэн байна. Энэ бол дотоодод байгаа зээлийн хүүг буулгах зорилгоор оруулж ирсэн зүйл. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал зээлийн хүү өндөр хэвээр байна. Тэгэхээр гаднаас зээлийн эх үүсвэр орж ирээсэй гэсэн үүднээс 5 хувийн татвар тавьсан гэдгийг онцолж хэлмээр байна.

    Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болгосон гэсэн байна. Энэ бол бүр онигооны юм болж байгаа. Яагаад гэвэл ААН-үүд өөрсдөө сонголтоо хийх боломжтой. Жилдээ нэг удаа тайлан гаргах, эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлтөө эдлэх эрх нь нээлттэй. Тэгэхээр энэ бүхнийг авч үзээд хоригийг хүлээж авах боломжгүй. Хориг дотор байгаа зүйлс үндэслэлгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж боосон хориг болсон байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ