• Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт нар авлига авсан нь тогтоогдож байна уу

    Өчигдөр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээтэй холбоотой Оюутолгойн гэрээний дараа авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээлэл байна. Нэрийг нь хэлэх боломжгүй байна. Тэр бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирнэ. Засгийн газарт ирсэний дараа Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Жишээлбэл, давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэсэн асуудлууд бий” хэмээн мэдэгдсэн.

    Тэгвэл тэрхүү авлига авсан байж болзошгүй 4-5 хүн хэн бэ гэдэг сонирхол татаж байна. Л.Оюун”Эрдэнэ сайд нэрийг нь хэлэхгүй гэсэн ч тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс гээд хэлчихсэн нь нэрлэснээс ялгаагүй юм. С.Баярын тэргүүлсэн “Стандарт бус” Засгийн газар 2009 оны намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр буюу 10 дугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баяр ёслолын байдалтай үзэглэсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголын талаас ажлын хэсгийг ахалсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсгээ зурсан.

    Нэгдэх гэрээ буюу Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан
    Хоёр дахь гэрээ буюу Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Эм Жи Эл” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “ Айвенхоу Оюутолгой Лимитед” компани эрхзүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Нидерландын Би Ви” ТУЗ-ын дэд дарга Питер Мередит, “Айвенхоу майнз Монгол Инк” ХХк-ын Ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
    Харин гурав дахь гэрээ буюу Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт,
    “Айвенхоу майнз Монголия Инк” ХХк-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зуржээ.

    Тэгэхээр Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх наырн гурван сайд, Б.Энэбиш нарын 4 хүн гарын үсгээ зуржээ. Тэр үеэс л эдгээр хүмүүсийг авлига авсан байж магадгүй хэмээн хардаж эхэлсэн Click To Tweet билээ.

    С.Баяр Оюутолгойн гэрээг хийснээрээ бахархдаг хэмээн ярьдаг. Гэхдээ түүнийг уг гэрээг хийгээд удалгүй Ерөнхий сайдын суудлаа Сү.Батболдод шилжүүлээд АНУ-ыг зорьсноос хойш 10 жил янз бүрийн хөрөнгө мөнгөний асуудал огт салсангүй дагалаа. С.Баярыг АНУ-д үнэтэй 7 байшин, хаустай болох тухай мэдээлэл 10 жил хэвлэлийн хуудаснаас салсангүй. Гэвч өнөөг хүртэл яг таг батлагдаагүй л байна. С.Баярыг өнгөрсөн жил АТГ-аас баривчлан хорьсон ч тэгэсхийгээд сулласан билээ.

    Тэгвэл эдгээр хүмүүсээс хамгийн их асуудалд орооцолдож одоо ч АТГ-т байцаагдаж яваа С.Баярцогт байна. С.Баярцогт нар гэрээнд гарын үсэг зурсны дараа тэрбээр Нью-Йорк хотод хөрөнгө оруулагч компаний мөнгөөр очиж хөрөнгийн бирж дээр нь “Айвенхо майнз” компаний хувьцааны арилжааг эхлүүлэх харанга цохиод зогсож байсан. Үүнээс 4 жилийн дараа буюу 2013 онд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын алба хашиж байхад нь Швейцарийн банкин дахь нэг сая ам.долларын асуудлыг нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас зарласан “Панамын баримт”-аар гарган тавьж байлаа.

    Тэр үед 20 мянган хувьсагчтай тэгшитгэл бодон байж гэрээ хийсэн гэж онгирдог С.Баярцогт ихэд сандран “мэдлэггүйгээсээ болоод” нэг сая ам.долларын асуудлаа ХОМ-тээ мэдүүлээгүйдээ уучлалт гуйж байна гэхийн зэрэгцээ УИХ-ын дэд даргын суудлаа өгч “хариуцлага хүлээсэн” билээ.

    Гэвч С.Баярцогт худлаа хэлсэн нь өнгөрсөн жил ил болж байлаа. Тэгэхэд С.Баяоцгт ганц саяыг биш 10 гаран сая ам.долларыг оффшорт хадгалуулсан байсан нь илэрч АТГ-аас түүнийг баривчлан хорьж байв. Түүгээр ч үл барам С.Баярцогт нь “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байх үедээ Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан  хэмээн АТГ-ынхан мэдэгдэж байлаа. Тэгвэл энэ удаа тэр нь авлигал байсан нь нотлогдож байгаа бололтой. Тэгвэл С.Баярцогттой хамт гарын үсэг зурсан Д.Зоригт эдүгээ С.Батболдын “Алтай трейдинг”-д захирлын алба хашиж байгаа бол Л.Гансүх “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” байгуулан “тэмцэж” яваа. 2009 онд бас нэг гэрээнд гарын үсэг зурсан Б.Энэбиш нь “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхдаа баахан асуудал тарьчихаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байхад хил даваад зугатаад алга болсон.

    Мөн 2015 онд Оюутолгойн хоёр дахрь шатны хөрөнгө оруулалтын гэрээ буюу Дубайн гэрээний асуудал бас бий. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайд очиж хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гээч бичигт тухайн үеийн “Эрдэнэс Монгол” компаний захирал С.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компаний захирал Да.Ганболд нараар гарын үсэг зуруулсан. Энэ асуудлаар Ч.Сайханбилэг болон С.Бямбасайхан нарг АТГ-аас шалгаж буй. Ч.Сайханбилэгийн ЗГХЭГ-ын дарга нь С.Баярцогт байсныг санавал энэ гэрээнд ч “но” байх өндөр магадлалтай гэж учир мэдэх хүмүүс ярьсаар байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад авлига авсан байж болзошгүй хүмүүс энд нэр дурдсан хүмүүсийн дунд байгаа нь ойлгомжтой.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ