Х.Цогтбаатар:Биет үзмэр нь байхад музейгүй байна гэдэг эмгэнэл юм даа

2019-05-15

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ салбарт анхаарна гэсэн.Үлэг гүрвэлийн олдворт газрууд дээр музей байгуулах хэрэгтэй-

Шинжлэх ухааны академийн Палентлоги,геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа. Click To Tweet

Эртний үлэг гүрвэл буюу палентлогийн олдворыг хадгалж хамгаалах асуудал манай улсад ямар байна вэ?

-Эртний судлал  олон янз. Хүний түүхтэй холбоотой судлалыг археологи, шим ертөнц буюу  бидний амьдарч  байгаа байгальтай холбоотой шинжлэх ухааныг палентлоги гэдэг. Тэгэхээр палентлогийн олдвор  хүн үүссэн тэр цаг үеэс эхлэлтэй. Хэдэн сая жилийн өмнө байгаль өөрөө булшилж, хадгалж үлддэг учраас ховорт тооцдог.  Сүүлийн жилүүдэд эртний шим судлалын талаарх судалгаа хүн төрөлхтний анхаарлын төвд орсон.

Яагаад гэхээр дэлхийн бөмбөрцгийн үүсэл өөр нэг асуудал. Гэтэл тэр дэлхий дээр амьд байгаль, амьд шим ертөнцийн талаарх ойлголт хүмүүст бага байна. Ялангуяа дэлхийн дулаарал, байгаль орчны тэнцвэргүй байдал зэрэгтэй холбоотойгоор түүхээ эргэж сайн харж, судлахгүй бол хаашаа яваад байгаа нь ойлгомжгүй болж байна. Сүүлдээ харь гариг, өөр ертөнц рүү нүүх тухай хүртэл ярьж байна.

Манай улс эртний шим ертөнцийн биет олдвор цуглуулгаараа дэлхийд дээгүүрт орж байгаа нь сайшаалтай хэрэг. Монголын палентлогийн судалгааны түүхийг 100 жилийн өмнө үүсэлтэй гэж ойлгож болно. Анх гаднын судлаачид1920-иод оны үеэс  Монголын эртний шим ертөнцийн түүхийн олдвор цуглуулгыг эрж хайж олж байсан түүхтэй.   Монголын өөрийн үндэсний эрдэмтэн, судалгааны байгууллага  үүсч хөгжөөд 50  жил болж байна. Энэ хугацаанд амжилтад хүрсэн үр дүнгүүд нь  мэдрэгдэж байна.

Үнэхээр өнөөдөр Монголын палентлогийн судалгаагаагүйгээр дэлхийн палентлогийн судалгааг ойлгоход хэцүү болсон. Гадаад орноос шинээр олдож байгаа олдвор цуглуулгыг Монголд байгаа судалгаа шинжилгээний жишиг олдвортой харьцуулахгүйгээр шинжлэх ухааны том сэтгүүлд… Click To TweetТэгэхээр  төр засгаас энэ салбарыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

Палентлоги  зөвхөн судлаач нарт зориулагдсан зүйл биш шүү дээ. Хүн төрөлхтөн, нийгэмд маш чухал, танин мэдэхүйн, соён гэгээрүүлэхэд ач холбогдолтой юм. Энэ нь ч дэлхий нийтийн жишгээс харагдаж байна. Манайх ийм үнэт зүйлтэй орны хувьд палентлогийг хөгжлийнхөө бодлоготой шинжлэх ухаанчаар холбож хийх ёстой. Ингэснээр судалгаа шинжилгээнээс гадна танин мэдэхгүй, аялал жуулчлалыг татах гэх мэт олон зүйлд  чухал үүрэгтэй гэж  боддог юм. Өнөөдөр манай улсын аялал жуулчлал зөвхөн бэлэн юман дээр жуулчдаа хүлээж аваад л  бөөгнөрүүлж байна. Гэтэл өөрсдөө бас бүтээх ёстой. Ялангуяа, үлэг гүрвэлийн олдворт газрууд дээр музей байгуулах хэрэгтэй. Хүн зорьж очих нөхцөлийг бүрдүүлэх  жишээний.

-Монголчууд үлэг гүрвэлийн олдвороорынхоо  үнэ цэнийг нь мэдэрч чадаж байна уу?

-Би манай улс зах зээлд их бүдүүлгээр шилжсэн гэж боддог юм. Өөрсдөө сонгож орчихоод өмнө байсан юмаа устгасан, үгүй хийсэн, зарж үрэх боломжтой юу байна, тэр бүхнийг зарж болдог юм байна гэсэн ойлголттой орсон. Энэ нь бидний том алдаа.

Манай палентлогийн салбар зах зээлийн шуурганд их өртөж, хэлмэгдсэн дээ.

1990-ээд оны дунд  үеэс 2010 он хүртэл олдворт газруудыг маш ихээр сүйтгэсэн. Алт хайдаг нинжа нар шиг эртний амьтан, ургамлын олдвор цуглуулгыг хууль бусаар ухдаг хүмүүс олширсон. Хамгийн гол нь мэргэжлийн биш хүмүүс олон сая жил хадгалсан зүйлийг зүгээр аваад эзэмшиж болдоггүй  юм. Маш нарийн технологитой. Үүнийг нь мэдэхгүй учраас газар дээр нь олон олдвор эвдэж сүйтгэсэн. Үнэхээр харамсалтай.

Өнөөдөр  энд тэнд гадны улс орон руу гарчихсан олдворыг буцааж авах гэж үйлээ үзэж байна шүү дээ. Эргээд бодохоор энэ талын мэдлэг буруу тавигдчихсан, мөнгө олох хэрэгсэл мэтээр ойгосонтой л холбоотой. Ховор гэхлээрээ заавал үнэтэй байх албагүй. Монголын палентлоги ирээдүйтэй хөгжих найдвартай байсныг гадны даалгавраар ч хийгдсэн байж магадгүй, дандаа гаднаас захиалга авч сүйтгэсэн гэж хууль хяналтынхан  дүгнэдэг. Бахархдаг олон хүн байдаг ч мэдлэг нь бага байна. Өнгөцхөн л хүүе, хаая гээд явж байгаа болхоос биш ямар их чухал ач холбогдолтойг нь сэтгэл зүрхээрээ мэдэрсэн  нь тун цөөн.

-Бид өнгөрсөн үеийнхээ түүхийн үнэ цэнийг ер нь яаж ойлгож,мэдэрдэг болох вэ?

Шинжлэх ухаанаар олж авсан мэдлэгийг энгийнээр нийт хүмүүст зориулж хялбаршуулсан ойлголтыг түгээх нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Дэлхийн дахинд олон арга зам байна. Тухайлбал, энгийн үг хэллэгтэй ном зохиол бичих, хэвлэл мэдээллээр түгээх гэх мэт.

Манайд дутагдаж байгаа нэг зүйл бол шинжлэх ухааны мэргэшсэн сэтгүүлч. Бүр дагнасан телевизтэй болмоор санагддаг. BBC, National geographic гэх мэт төрөлжсөн сувгууд шиг. Click To Tweet

Энэ маш их үр дүнтэй байдаг юм байна. Зүгээр нэг судлаач лекц уншихтай харьцуулалтгүй. Хүүхэд багачуудад багаас нь  суурийг нь зөв тавих хэрэгтэй. Буруу ойлголт авсан томчуудын бодлыг засахад  хэцүү учраас залуу үе, хүүхдүүддээ Монголын бахархал болгож ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Би зүгээр нэг жишээ ярья л даа.

Японы нэг хотоос манайхтай харьцуулахад муухан олдвор олдоход тэр жижигхэн хот тэр чигээрээ үлэг гүрвэлээр амьсгалсан. Ресторанд нь үлэг гүрвэлийн хэлбэртэй хоол хийсэн байх жишээний. Click To TweetЭнэ мэтчилэн бидэнд сурах зүйлс их байна.

-Хүүхдүүдэд ойлгуулья гэвэл сурах бичгийн агуулгаас эхлэх ёстой байх л даа?  

-Тэгэлгүй яах вэ. Би одоо ашиглагдаж байгаа байгалийн шинжлэлийн бүх сурах бичгийг харсан. Палентлоги өөрөө байгалийн шинжлэлийн нэг томоохон хэсэг нь. Том юм ярихаа больё. Монголынхоо дэлхийд гайхагдаад байгаа тэр зүйлсийг сурах бичигт нь оруулах ёстой. Тэгж оруулсан юм би олж хараагүй.

-Хилээр гаргаад алдсан хэчнээн палентлогийн олдвор байна вэ?

-Үүний нарийн тоог хэлэхэд хэцүү л дээ. Алдах гэж байгаагаа мэдсэн бол бид алдахгүй л  байх байсан. Харин орж ирж байгаа болон Монголын байж болзошгүй гэх  сураг гарсан  олдворуудыг тооцох юм бол их тоо гарна. Өнөөдрийг болтол бидний цуглуулж хадгалснаас дутахааргүй их хэмжээний тоо гархаар байгаа. Бид зөвхөн Америкаас оруулж ирсэн олдвороороо л хуучин Лениний музейд нэг музей байгуулчихаад байна шүү дээ. Авчирч чадахгүй байгаа олон олдвор байна. Манай улсын л өмч юм чинь зардал мөнгө нь манайхаас гарна. Мөнгө төсөвтэй холбоотойгоор авчирч чадахгүй байна. Жишээлбэл,

Солонгост пманай  11 олдвор байна. Үүний гурав нь  батаар байх жишээний. Франц, Бельги зэрэг улсад манай улсад буцааж өгөх гээд бэлэн болчихсон, хууль хяналтын байгууллага нь дүгнэлтээ гаргачихсан олдворууд ч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ салбарт анхаарна гэж хэлсэн. Үүнийг би маш том алхам гэж харж байгаа. Гэхдээ өмнөх шиг хуучин байшинд хагас дутуу байрлуулах биш, дэлхийд байхгүй музейг байгуулах хэрэгтэй. Биет үзмэр нь байгаад байхад музейгүй байна гэдэг эмгэнэл юм даа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ