• Орон нутагт цасан шуурга шуурсны улмаас махны нийлүүлэлт тасарч, үнийн савлагаа үүссэн гэв

    Өчигдөр нийслэлийн хүнсний захуудад махны хомсдол үүсч,  махны үнэ 16  мянган төгрөг хүрсэн нь  иргэдийг нэлээн бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад албаны хүмүүс  мэдээлэл хийлээ. Махны нийлүүлэлт тасарч, үнийн савлагаа үүсэхэд гурван хүчин зүйл нөлөөлжээ.

    Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим аймгийн нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хаагдсан нь “Хүчит шонхор” захаар дамжин  зах зээлд нийлүүлэгддэг  махны нийлүүлэлт тасархад нөлөөлсөн гэлээ. Мөн шатахууны үнийн өсөлт, нөгөө талаас зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан гэх тайлбарыг  Ч.Улаан сайд өглөө.

    Өнгөрсөн сарын 15-наас нөөцийн  махыг 127 хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байгаа.  Өдөрт  30 орчим тонн мах тогтвортойгоор зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд үнээр  хэрэглэгчдэд хүрч байгаа ажээ. Гэхдээ өчигдрийн үйл явдал  нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж   байна.  Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Зах дээр нийлүүлэгдэж байгаа махнаас дотоодод боловсруулах үйлдвэрүүд ялангуяа дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд махны хангамжид нөлөөлж байна. Бид энэ байдлыг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хоёр улс тохиролцсон протоколын дагуу итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс махаа бэлтгэж, дулааны аргаар боловсруулж экспортонд гаргах тохиролцоотой. Гэтэл энэ журам зөрчигдсөнөөс болж зах зээл дээрээс шууд махыг боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлж байгаа явдал гарсан. Үүнийг бид зохицуулж цэгцлэх болно.

    Өнөөдрөөс эхлэн махны үнэ харьцангуй тогтворжино гэж үзэж байна.

    Цаашдаа бид дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын хангамжтай зохицуулах квоттой болгох зохицуулалт хийнэ.

    Боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн хүчин чадлаас давсан хэмжээгээр мах боловсруулж экспортолж байгаа нь тогтоогдсон. Ийм учраас суурилагдсан хүчин чадалд нь тааруулж махаа бэлддэг байх шаардлага тавина. Манайд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий.

    Цаашилбал, экспортод үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах гаргаж байгаа компаниудад экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэмжээг нь дотоодод нийлүүлсэн байх шаардлага тавих болно. Махны зах зээлийг тогтвортой байлгах үүднээс 2018 онд бэлтгэсэн махнаас хоёроос гурав дахин их нөөцтэй байх тодорхой зохицуулалтыг хийж байна”  гэлээ.

    Өнгөрсөн онд 4000 тонн мах бэлтгэсэн бол энэ жил  хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөхөөр төлөвлөж байгаа юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ