• Мазаалай баавгайг алдаршуулах зорилготой хэлэлцүүлгээс хийсэн сурвалжлага

    АНУ-ын Говийн баавгай судалгааны төслийн удирдагч доктор Харри Ренолдс, Дэлхийн баавгай судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссер, Норвегийн Скандинавын Бор баавгайн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссер болон Монголын Байгаль Хамгаалах хамтын ажиллагааны сангийн тэргүүн Б.Цогтгэрэл ,МУИС-ийн Биологийн танхимын багш, доктор Р.Самьяа, МАМА ТББ-ын тэргүүн Н.Түмэнжаргал, “Хонгор нутгийн дуудлага” ТББ-ын тэргүүн Д.Батболд нар оролцож, мазаалайн талаар сонирхолтой хэлэлцүүлгийг өчигдөр  өрнүүллээ.

    Хэлэлцүүлэгт оролцогчид

    Уулзалтыг нээн Монголын Байгаль Хамгаалах хамтын ажиллагааны сангийн тэргүүн Б.Цогтгэрэл үг хэлсэн бөгөөд тэрбээр “Устан үгүй болж байгаа баавгайг дэлхий нийтээрээ панда баавгайгаар төсөөлж байна. Тэгтэл Монголын мазаалайг бодвол панданы тоо толгой хэд дахин их үржиж, аль хэдийнэ устах аюулаас аврагдсан. Хятадууд панда баавгайгаа өөрсдийн брэнд болгож, устах аюулаас нь аварсан шиг бид ч мөн адил мазаалайг Монголын нүүр царай, брэнд болгож сурталчилж, дэлхийд таниулах хэрэгтэй. БОАЖЯ-наас 2013 оныг “Мазаалайг хамгаалах жил” болгон зарласнаас хойш мазаалай гэх нэн ховор амьтныг хамгаалах, мөхөхөөс нь сэргийлэх үйл ажиллагаа идэвхжсэн гэж хэлж болно. Click To TweetГэсэн хэдий ч түүнээс хойш төрийн бодлогын хүрээнд мазаалайг цөөн хэдэн удаад л авч үзэж, хэрэгжүүлсэн ажил тун цөөн байна” гэв.


    Мазаалайн тоо толгой өсч байна

    МУИС-ийн Биологийн танхимын багш, доктор Р.Самьяа

    Мазаалайг жилээс жилд тоо толгой нь хорогдож байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Өмнөх жилүүдэд хийгдсэн судалгаанаас харвал 1967 онд Болд эрдэмтний хийсэн судалгаагаар хамгийн цөөн буюу нийт 15-20 тооны мазаалай, 1995 онд Р.Тулгат гуайн хийсэн судалгаагаар хамгийн өндөр буюу 35 тоо толгой мазаалайг тус тус тогтоож байжээ.

    Харин 2018 оны байдлаар Монголын говьд нийт 36 тоо толгой мазаалай амьдардгийг МУИС-ийн Биологийн танхимын багш, доктор Р.Самьяа нарын эрдэмтэд тогтоосон байна. Click To Tweet

    Эдгээр 36 мазаалайн дунд аламцаг нэг, хоёр болон түүнээс дээш насны залуу мазаалай таваас зургаа байгаа нь мазаалайн үржил буураагүй харин ч хэвийн үргэлжилж байгааг харуулж байгаа гэж доктор Р.Самьяа онцолж байлаа. Ийнхүү хэвийн үржиж байхад зохиомол үржүүлгийг ашиглах нь зохисгүй гэж тэрбээр тэмдэглэн хэллээ. Click To Tweet


     Андреас Зедроссер:Олон улсын Баавгайн нийгэмлэгийн ээлжит хурлыг Монголд зохион байгуулахаар тохирсон

    Мазаалай нь бор баавгайн Ursus arctos gobiensis дэд зүйлд хамаарагддаг бөгөөд зөвхөн Монголын говьд үзэгддэг амьтан. Дэлхийд цор ганцад тооцогдох бор баавгайн дэд зүйл болох Мазаалай нь зөвхөн Монголын бус дэлхийн өв юм. Мазаалай буюу Говийн бор баавгай нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт аж төрдөг.

    Андреас Зедроссер, Харри Ренолдс нар

    Мазаалай нь говийн уур амьсгалын хатуу нөхцөл, хоол тэжээлийн хомс байдалд хамгийн дээд зэргээр зохицсон бор баавгайн нэг төрөл зүйл юм. Түүний хоол тэжээлийн 90 гаруй хувийг ургамал, тэр дундаа тэд хармаг, намхан бажууна, зээргэнэ, сонгино эгэл нишэнгэ, махирс.сухай, дэрс зэрэг ургамлын зүйлүүдэд ихээхэн дуртай. Click To Tweet

    Дэлхийн баавгай судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Андреас Зедроссер:

    Говийн хатуу, эрс тэс уур амьсгалд тэдэнд хоолоо олж идэх, аюулгүй газар орогнохыг тэдэнд ээж баавгайнаас нь өөр, хүмүүс бид ч зааж өгөх боломжгүй. Говийн баавгай Мазаалайд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор Олон улсын Баавгайн нийгэмлэгийн ээлжит хурлыг Монголд зохион байгуулахаар албаны хүмүүстэй ярилцаж, тохирсон.

    Хугацааны хувьд тодорхойгүй байгаа бөгөөд Олон улсын Баавгайн нийгэмлэгийн 27 дахь  чуулган 2020 оны есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд АНУ-ын, Монтана мужид зохион байгуулагдахаар тов нь гарчээ. Олон улсын Баавгайн нийгэмлэгийн ээлжит чуулган Монгол улсад “Мазаалай “сэдвийн дор зохион байгуулагдсанаар, олон нийтийн анхаарлын төвд Мазаалайгаа оруулж, улмаар түүнийг хамгаалах, үржүүлэх төвшинд ахиж дэвшил гарах боломжтой юм.


    Мазаалайг хамгаалахад олон нийтийн оролцоо чухал:Мазаалайгаа алдаршуулъя

    Монголын Байгаль Хамгаалах хамтын ажиллагааны сангийн тэргүүн Б.Цогтгэрэлийн хэлсэнчлэн бид мазаалайгаа алдаршуулах хэрэгтэй. Харин энэхүү алдаршуулах ажлыг  “Хонгор нутгийн дуудлага” ТББ-ынхан эхлүүлжээ. Тэд хүүхдийн зохиолч Х.Дэмбэрэлтэй хамтарч “Мазаалай” хүүхдийн үлгэрийн ном, “Улаанбаатар хивс” ХК-тай хамтарч мазаалайн зурагтай хивс, хивсэнцэр, “Оюуны хүрээ” ХХК-тай хамтарч Оюуны тоглоом “Мазаалай”-г үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлжээ. Мөн Баянхонгор аймагт хүүхэд, багачуудад зориулан Мазаалайн паркийг ашиглалтад оруулсан байна.

    “Хонгор нутгийн дуудлага” ТББ-ын тэргүүн, хамба лам Д.Батболд  “Одоо бидэнд говийн баавгайг сурталчлах ажлаа дэлхийн төвшинд буюу шинэ шатанд гаргах хэрэгтэй” гэв.


    Харри Ренолдс:Хүн,баавгай хоёр зэрэгцэн амьдарч чадна

    Говийн баавгайн судалгааны төслийн хүрээнд 2005 оноос хойш нийт 20 мазаалайд сансрын дохиололтой хүзүүвчийг өмсүүлжээ Click To Tweet. Ийнхүү тухай амьтныг байршил тогтоогчтой болгосноор мазаалайн зан төлөв, хөдөлгөөнийг илүү сайн ойлгох тэдний генетик, нөхөн үржих чадвар, амьдрах чадварын талаар мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

    Зургийг Жое Рисс www.gobibearproject.org

    Говь дахь  зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцөлд хүмүүсийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. IPBES,НҮБ-ын хорооноос гарсан судалгаанд  нийт нэг сая биологийн төрөл зүйлийн усталд хүний үйл ажиллагаа голлох нөлөөтэй тухай бичсэн байв. Монголын Говийн хувьд бэлчээрийн даацын менежментгүй, хэтрүүлснээс тухайн газар нутгийн хэмжээнд хөрс нь шим тэжээлгүй болж, ургамал ургахаа больж, доройтолд орж буй. Энэ хэвээрээ үргэлжилсээр байвал аль хэдийн хүнс, шим тэжээлийн хомсдолд орж эхэлсэн Говийн амьтдын хувьд амьдрах орчин нөхцөл нь илүү хүнд, хатуу болно.

    Говийн баавгайн судалгааны төслийн удирдагч, доктор Харри Ренолдс ын хэлснээр,хүн болон мазаалай хоёр зэрэгцэн оршин тогтнож чадах аж. Говийн баавгай судалгааны төслөөр 19 эрэгтэй, 7 эмэгтэй, нийт 31 мазаалайг 2017 оны байдлаар тогтоожээ.

    Ингэхээр Монгол улсын говьд, цаашлаад дэлхийн хэмжээнд мазаалайн тоо толгой 40 хүрэхгүй хэмжээнд байгаа юм. Click To Tweet

    “20 тоо толгойг сансрын дохиололтой хүзүүвчтэй болгосноор өмнө нь бүрэн гүйцэд судлагдагдаагүй байсан мазаалай гэх нэн ховор бор баавгайн зүйлийн талаар судалгааны ажлыг эрчимжүүлэх боломжтой болсон”гэж Харри Ренолдс онцоллоо.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ