Одоо Хүүхдийн паркийн газрыг “Голомт”-ын Д.Баясгалангаас авч өгөөч, хотын дарга аа

Монгол улсад хүүхдийн гэх тодотголтой бүхэн төрийн болон хувийн компаниудын мэдэлд очоод одоо ганц парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн өчүүхэн жаахан хэсэгт хэдэн тоглоом суурилуулсан болоод ажиллаж байна. Монгол улс соц үед хүүхдийн театр, хүүхдийн кинотеатр, хүүхдийн номын сан, хүүхдийн парк, “Найрамдал зуслан”  гээд хүүхдийн гэсэн тодотголтой олон урлаг, соёл, амралт зугаалгын байгууллагуудтай байсан билээ. Хүүхдийн гэсэн болгоныг  шинэ цагийн монголчууд буюу олигархиуд авч,газар дээр нь шинэ бизнесээ эхлүүлсэн түүхийг жич өгүүлнэ.

Харин энэ удаа Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийг хувийн компанийн эзэмшлээс гаргаж буй хотын даргад талархахын сацуу Хүүхдийн паркийн газрыг буцааж авч өгөөч гэсэн уриалгыг хотын дарга С.Амарсайханд хүргэж байна.

Хүүхдийн паркийн  ихэнх талбай нь “Голомт” банкны Д.Баясгаланд  очоод удаж байна. Уг нь С.Баясгалан нартай одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд хамтарч байх үедээ хүүхдийн паркийг буцааж өгөх гээд хүчрээгүй гэдэг. Тэр үед Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ноос санаачлан “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж байсан ч яваандаа чимээгүй болсон. МЗХ-ны  ерөнхийлөгч А.Мөнхбатын мэдэгдэж байснаар  паркийн 76 хувийг “Бодь” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК 24 хувийг эзэмшдэг.

МЗХ-ны А.Мөнхбат 2014 онд Хүүхдийн паркийн газрыг төрд авна “Паркаа аварья” хэмээн хэсэг шоудсан ч тэгэсгээд чимээгүй болсон.

Нийт 35 га газартайгаас ердөө дөрвөн  га газарт нь л тоглоом хийсэн гэдэг.  Тухайн үед тэд хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандаад ч тусыг эс олсон. Тэд Фэйсбүүкийн “Паркийн газрыг чөлөөл” групп,  твиттерээр уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байсан ч тэгэсгээд сураг тасарч билээ.

Тэгвэл энэ удаа хотын дарга С.Амарсайханыг Хүүхдийн паркийн асуудлыг шийдэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байна. С.Амарсайхан дарга саяхан Сүхбаатарын талбайн урд хэсгийг авчихсан байсан хувийн компаниас газрыг буцаан авах шийдвэр гаргасан нь олны талархлыг хүлээсэн.   Тэгвэл дараагийн ээлжинд Хүүхдийн паркийн газрыг “Голомт”-ын Д.Баясгалангаас авчихвал хотын дарга С.Амарсайханд нийслэлчүүд нийтээрээ алга ташин баяр хүргэхээс гадна нэг сая гаруй хүнтэй нийслэлийн хүүхдүүд тавиухан тоглох орчинтой болно!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ