• Ө.Энхмарал охины аав Өгөөдэй:Миний охиныг цаг хугацаа хүлээхгүй,тэр л надад аймшигтай байна

    2019-05-14

    Төрөлхийн нуруу нугасны хорт хавдар гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хот руу эмчилгээндээ явсан Ө.Энхмарал охины талаар бид өмнө нь мэдээлсэн.  Охины аав Өгөөдэйтэй өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Хүүхдийн хорт хавдарын дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг эх орондоо бий болгох” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр таарч  цөөн хором ярилцлаа.

    -Сайн байна уу? Охиных нь биеийн байдал ямархуу байна вэ. Эхний хагалгаа нь амжилттай болсон уу?

    -Сайн. Охин маань эхний хагалгаандаа орсон. Эхний хагалгааны төлбөр 70 сая төгрөгийг Монголын ард түмнийхээ тусламж дэмжлэгтэйгээр олж, төлбөрөө хийгээд хагалгаандаа орсон. Энэ сарын 9-нд хоёр дахь удаагийн хагалгаандаа орох ёстой байсан ч төлбөр гүйцэхгүй байгаа учир хойшлогдсон.

    -Хагалгааны дараах ямар нэгэн эмчилгээ хийж байгаа юу?

    -Одоо ямар ч эмчилгээ хийгдэхгүй байгаа. Төлбөрөө төлчихбөл эмчилгээнүүд  хийгдэж эхлэх гээд хүлээлтийн байдалтай л болчихоод байна.

    -Эмчилгээний нийт төлбөр хэд вэ?

    -Монгол мөнгөөр 200 орчим сая төгрөг болж байгаа.

    -Хандивын аянаа яаж зохион байгуулж байна вэ?

    -Би өөрөө хувиараа л  зохион байгуулж байна. Надад тусалж байгаа хүмүүс бий. Урлагийн агентлагийн залуус сайн дураараа аян зохион байгуулж байгаа. Бас дуучин Анхбаяр ах тусална гэсэн.Тусална гэдэгт нь итгэж байгаа. Гол нь миний охиныг цаг хугацаа хүлээхгүй.Тэр л надад аймшигтай байна.

    -Эмчилгээний зардал яагаа ч үгүй байгаа юм байна шүү дээ?

    -Яагаа ч үгүй байна. Гэтэл миний охин хоёр удаагийн хагалгаа, зургаан удаагийн химийн тариа хийлгэх ёстой. Одоо Бээжинд ямар ч эмчилгээ хийгдэхгүй мөнгөө хүлээгээд л байж байгаа.

    -Төрөлхийн хорт хавдар гэх оношийг анх хаана оношилсон бэ?

    -Бээжинд оношилсон. Монголд оношлоогүй. Энд хоргүй хавдар гэж хэлсэн. Нарийн шинжилж, оношлох тоног төхөөрөмж байхгүй, Хятад руу явж нарийн шинжилгээ өгөө гэж хэлсэн. Шинжлэх юм бол дотроо хагараад амь насанд нь аюултай, Монголд хагалгаа хийх

    боломжгүй гэсэн. Ингээд Бээжин явах гээд хандивын аян нэг сар зохион байгуулах хугацаанд 9.4 см байсан хавдар нь 11 см  болоод тэлж томорсон байсан.

    -Анх ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

    -Миний охин одоо нэг ойтой. Анх шинж тэмдэг гэж мэдэгддэггүй байсан.  Дөрөв, таван сар хүрсэн хэрнээ эргэж хөрвөөхгүй, хөл гар нь л хөдөлдөг байсан. Өрхийн эмч нар хэтэрхий мяраатай болохоор биеэ дийлэхгүй тэгж байгаа юм л гэдэг байсан. Бид нар ч тэгж бодсон. Гэтэл есөн сар хүрээл нэг өглөө хоёр хөл нь мэдээгүй болчихсон. Гуравдугаар эмнэлгийнхэн хагалгаа амжилттай болсон ч хөл нь мэдээ орохгүй, насаараа суумгай болно гэж хэлсэн. Хятадад хөл нь мэдээ орох магадлал өндөр гэсэн. Эхний хагалгааны дараа нэг талын хөл сэргэж, мэдээ орсон байгаа. Монголчууддаа хандаж хэлэхэд миний бяцхан охины амь насыг авраач ээ л гэж гуймаар байна.

    Ө.Энхмарал охины амь насыг аврах сүүлийн найдвар Монголчууд та бид болоод байна. Хандивийн данс: 5090770421 ХААН БАНК ээж Эрдэнэтунгалаг Холбогдох утас: 9148-1828, 9133-3934 залгаж 2 хөл дээрээ босоход нь бага ч гэлтгүй хандиваа өргөөрэй. Click To Tweet

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ