• Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлэхэд хоёр хоног үлдлээ

    Энэ сарын 15 буюу ирэх лхагва гаригаас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нүүрс түлдэг 202 мянган өрх бий. Нэг өрх жилд дунджаар 3-5 тонн түүхий нүүрс түлдэг. Эдгээр өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Харин эл хэрэглээг сайжруулсан түлшээр сольбол жилд 600-800 мянган тонн болно.

    15-наас хойш гэр хорооллын айл  өрх түүхий нүүрс түлж байгаа эсэхэд нийслэлийн хэмжээнд 5000 орчим орон тооны бус ажилтан хяналт тавина.  Мөн Цагдаагийн ерөнхий газраас түүхий нүүрсоруулж ирэх боломжтой цэгүүдэд хяналт тавьж ажиллахаар болжээ.  Түүнчлэн  хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд сайжруулсан түлш хэрэглэх талаар мэдээлэл өгч мөн  хяналт тавих ажлыг хийх юм.

    Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авна. Ингэхдээ хүссэн хэмжээгээр авахгүй, 2-6 тонныг авах эрхтэй байхаар зохицуулалт хийж байгаа ажээ. Сайжруулсан түлш хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савалгаатай байна. Нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм.

    Түүнчлэн ирэх лхагва гаригт Эрүүл мэндийн яамнаас “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ