• МАН-ын бүлэг:20 сая төгрөг хүртэлх зээлийг барьцаагүй олгох хуулийн төслийг дэмжлээ

    2019-05-13

      -20 сая төгрөг хүртэлх Итгэлийн зээлийн хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ-

    Барьцаа хөрөнгө, тогтмол орлого шаардагдахгүйгээр 20 сая хүртэлх төгрөгийг итгэлийн зээлээр авч болох боломжийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй  нэр бүхий гишүүд судалж, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар ажиллаж эхэлсэн.Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжих шийдвэрийг гаргалаа.

    МАН-ын бүлгийн шийдвэрийг танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  “18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дарааагийн зээл авах боломж олгоно. Зээлийг төр хариуцаад Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор төсөлд тусгасан. Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээл олгоход зарцуулах тооцоолол хийсэн” гэв.

    Зорилтот бүлэгтээ чиглэсэн энэ зээлийг  олгохдоо хувийн арилжааны банкаар  дамжуулахгүй, зөвхөн Төрийн банкаар дамжуулж, төр,иргэн хоорондын итгэлцэл дээр тулгуурлаж явуулах аж. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зорилтот бүлэгт чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлдэг бөгөөд Монголын хувьд жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг төсвөөс олгох аж.

    Гурван жилийн өмнө манай улсын хүн ам гурван сая 63 мянга байжээ. Үүний  907.5 мянга  буюу нийт хүн амын 25 хувь ядууралд өртсөн судалгаа байна. Нийт өрхийн хувьд авч үзвэл, 2016 онд манай улсын 869.8 мянган өрхийн 22.1 хувь нь буюу 192.2 мянган өрх ядуу гэж гарсан байна. Бага хүүтэй барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй зээлийг зорилтод бүлгийн иргэдэд олгосноор ажил орлоготой иргэдийн тоо өсөх юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ