Ч.Гантулга:Анх удаа хийгдэж буй “Амьдрах орчны судалгаа”-гаар агаар, орчны бохирдлын эсрэг нарийвчилсан статистиктай болж байна

Засгийн газрын “Түүхий нүүрсийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжиж эхлэхэд ердөө гурван өдрийн хугацаа үлдээд байна. Үндэсний хэмжээний агаар, орчны бохирдлын эсрэг төрийн болоод төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоог бодлогын хэмжээнд холбож, зохион байгуулж ажилладаг газар бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл уг шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллахаар төлөвлөсөн, энэхүү ажлын хүрээнд хийгдэж байгаа Амьдрах орчны судалгааны ач холбогдлын талаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулгатай ярилцлаа.

-Амьдрах орчны судалгаанаас ямар үр дүн биднийг хүлээж  байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 9-нд Чингэлтэй дүүргийн хэмжээнд чуулган зохион байгуулагдаж, сургалтууд орж, аппликейшнаараа дамжуулаад судалгаагаа авч эхэлсэн. Чингэлтэй дүүргийн нийт гэр хорооллын 22 000 гаруй иргэдээс  31 асуулт бүхий асуулга авч, статистик мэдээлэл эцэслэгдсэн. Хашаанд дахь жорлон, яндангийн тоо, сайжруулсан зуухны төрөл, шөнийн тарифын тоолууртай эсэх, гэр байшингаа дулаалсан эсэх, ам бүлийн орлогын хэмжээ, ам бүлийн тоон талаарх статистик мэдээллүүд эцсийн байдлаар гарчихсан байгаа.

Дүн мэдээллээс харахад 50 гаруй хувь нь гэр байшингаа дулаалсан, 70 гаруй хувь нь шөнийн тарифын тоолууртай, нэг хашаанд хоёроос гурван жорлонтой, сайжруулсан зуухны “Хас”, “Дөл”, “Өлзий” гэсэн гурван төрөл байна .

Өнгөрсөн баасан гаригт болсон  чуулганаар үлдсэн таван дүүргийнхээ ажилчдыг сургаж, хороодоор нарийвчилсан судалгаагаа үргэлжлүүлсэн.  Өмнө нь Монгол улсын хэмжээнд,нийслэлд  ийм судалгаа хийгдэж байгаагүй. Иргэдээ ямар бодлогоор хангаж,зорилтот бүлгийн иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах, техник технологийн шийдлийг ямар үе шаттайгаар нэвтрүүлэх үү зэрэг агаар, орчны бохирдлын эсрэг хийгдэх Засгийн газрын хэмжээний цогц арга хэмжээ бүхий  баримт бичиг боловсруулагдан гарах үндэслэл болох нарийвчилсан статистик  мэдээлэлтэй болж байна.

– 4604 ажилчдыг хойч үеийнхээ эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийж буй хариуцлага үүрсэн хүмүүс гэж харж байна. Зөвхөн амьдрах орчны судалгааг  авахаас гадна ямар үүрэг, хариуцлага хүлээж байна вэ?

-4604 хүний бүтэцтэй баг маань нийслэлийн гэр хорооллын 86 хорооны 220 мянга гаруй айл өрх бүрт хүрч ажиллана. Ингэж ажиллахдаа түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулж, сайжруулсан түлшийг сурталчлан, сайжруулсан түлшээ хэрэглэж байгаа эсэх дээр хяналт тавина.

-“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын шийдвэрийн талаарх иргэдийн хандлага ямар байна вэ?

-Агаарын бохирдлыг бид цогц арга хэмжээг үе шаттайгаар авсны дүнд бууруулж чадна. 2019-2020 өвөл буюу энэхүү хэдхэн сарын богино хугацаанд агаарын бохирдлыг шийдэх боломжтой. Гагцхүү, иргэд маань төрөөс гарсан бодлого шийдвэрийг дэмжин, хамтарч, хүчээ нэгтгэх хэрэгтэй.

Амьдрах орчны судалгаанд оролцогчид болох Чингэлтэй дүүргийн нийт 22 000 оршин суугчдын 61 хувь нь маш зөв шийдвэр гарсан гэж хариулсан . Үлдсэн 30 гаруй хувь нь ер нь хэрэгжүүлэхэд төвөгтэй гэсэн байгаа. Дэмжиж байгаа 61 хувь маань сайжруулсан түлшээ хэрэглэхэд үлдсэн 30 орчим хувь нь дагаад л хэрэглэнэ.

-“Таван Толгой түлш “ ХХК-ийн хувьд энэ өвлийг давах бэлтгэлээ хэрхэн хангаж байна, одоогоор нийт хэдэн тонн түлшийг үйлдвэрлэж, нөөцөлсөн байна вэ?

-“Таван Толгой Түлш” ХХК-ийн хувьд 2018 оны 11 дүгээр сард эхний үйлдвэрийн шугамаа ашиглалтад оруулж, түүнээс хойш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг хариуцан ажиллаж байна. Өмнөх засгийн газрын үед хоёрдугаар цахилгаан станцын хашаан дотор сайжруулсан  түлшний үйлдвэрийг барьхад 16 тэрбум төгрөгийг зарцуулдаг байдаг боловч технологийн хувьд алдаатай байсан учраас ажиллагаанд оруулж чадаагүй. Тэр үйлдвэрийг шинэчилж ажиллагаанд орууллаа. Одоогийн байдлаар нийт 70 000 тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж бэлтгэсэн. Долдугаар сард үйлдвэрийн шугамаа дөрвөөр нэмэгдүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

-Иргэд маань агаар, орчны бохирдлын эсрэг ямар хандлагыг бий болгох хэрэгтэй байна вэ?

-Саалиа бэлдэхээр, саваа бэлд гэдэг шиг иргэд маань сайжруулсан түлшээ зааврынх нь дагуу хадгалах амбаар, саваа бэлдэх хэрэгтэй. Нэгэнт Засгийн газраас хөрөнгө зарцуулаад дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас түлшээ байгалийн эрсдэлээс хамгаалж, стандартынх нь дагуу буюу бороонд норгохгүй, нарны тусгалаас хол хадгалах ёстой.

Ирэх  өвлийг бид сайжруулсан түлшээрээ л давж гарна.

Ногоон зээлийн татаасны  хүрээнд амбаар барихад, сайжруулсан шахмал түлш худалдан авахад санхүү, хөрөнгийн асуудал байгаа бол Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хүсэлтээ гаргаад зээлд хамрагдаж болно. Мөн иргэд нийт 600 гаруй цэгээс сайжруулсан түлшний төлбөрийн картаа ашиглан худалдан авалт хийнэ.

-Нэг тонн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын үнэ болох 150 мянган төгрөгт жижиглэн борлуулагчдын ашиг орсон уу, эсвэл ашгийг нь нэмснээр түлшний үнэ маань нэмэгдэх үү?

-Оператор компаниуд нийт 600 цэгээр түгээж ажиллана. Компанитай бид тухай бүрт нь үнэ дээрээ тохирч ажиллана. Үнэ бол 150 мянган төгрөгөөс хэтрэхгүйн дээр компани ашигтай ажиллах боломжийг нь бүрдүүлж өгнө. Энэ тухай Засгийн газарт саналаа танилцуулж байж эцэслэж шийдвэрлэгдэнэ. Төр иргэдийнхээ эрүүл мэндийн асуудал дээр хөрөнгө гаргаж, бодож ажиллана л гэж бодож байна.

-Түлш борлуулах цэгийг хэрхэн төлөвлөсөн бэ?

-Эхний ээлжид нэг айлд 2-6 килограмм сайжруулсан шахмал түлш гэсэн  тооцоололттойгоор зургадугаар сарын 20-доор тарааж эхэлнэ.

Түлш борлуулах үйл ажиллагааны хувьд нэгдүгээрт , хуучин 500 гаруй түүхий нүүрс зарж борлуулдаг цэгүүдийг сайжруулна. Хоёрдугаарт, нэмж 100 гаруй цэгийг нэмж ажиллуулна.

Аль болох иргэдэд сайжруулсан түлшийг  хэрэглэх нөхцлийг бий болгоно.

-Энэ сарын 15-нд талбай дээр болох “Түүхий нүүрсийг хориглох тухай”  62 дугаар тогтоолын талаарх арга хэмжээний үеэр иргэд ямар мэдээ, мэдээллээр хангагдах боломжтой вэ?

-ЭМЯ, БОАЖЯ, ОББҮХ, НЗДТГ болон бусад байгууллагууд хамтран түүхий нүүрсний талаарх хор уршгийн талаар иргэдэд  мэдээлэл өгөх, цаашлаад нийгэмд зөв ойлголтыг өгөх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нийт иргэд, төрийн бус байгууллагууд гээд агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирч байгаа хэн бүхэн оролцох ёстой.  62 дугаар тогтоолоо амжилттай хэрэгжүүл,  иргэдийнхээ эрүүл мэндэд анхаар, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэ зэрэг мессежүүдийг иргэд өөрсдөө төр засагтаа хүргэх хэрэгтэй.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ