• С.Баясгалан: Жуулчин хүлээж авдаг оргил үе буюу зуны гурван сард үйлчилгээнийхээ чанарыг ахиулсан байна

    2019-05-13

    БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

    Жуулчин хүлээж авах гол улирал эхлэх гэж байна. Ямар бэлтгэл ажлуудыг хангаж байна вэ?

    -Өнгөрсөн онд Монгол Улсад нийтдээ 529 мянган гадны жуулчин аялж, улсын эдийн засагт 569 сая ам.долларын орлогыг бүрдүүлсэн байна. Энэ онд жуулчдынхаа тоог  30-аас дээш хувьд байлгах,   салбарынхаа өсөлтийг мөн дээрх хувиар өсгөх зорилт тавьсан. Гол нь бидэнд үйлчилгээний чанар, дэд бүтэц, Монгол Улс руу орж байгаа жуулчдын орц болон  бусад аялөл жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх гэх мэт асуудал тулгамддаг. Эдгээрийг шат дараатайгаар шийдвэрлэх ажлуудыг эхнээс  хийгээд явж байна. Саяхан “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг зохион байгуулсан. Энэ чуулганаар аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх, бүс болгон өөрийн онцлогт тулгуурлан брэнд бүтээгдэхүүнийг бий болгоё гэж үзсэн.

    Ингэснээр бүс нутгуудад жуулчлах жуулчдын тоог илүү нэмэгдүүлэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар төвийн болон хангайн бүсэд аялал жуулчлалын урсгал төвлөрсөн. Click To TweetБусад бүсэд аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж бага байна. Тухайлбал, зүүн бүсэд Чингис хаан, нууц товчоотой холбоотой түүхэн аялал жуучлал, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлье гэсэн зорилт тавьсан. Үүний хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  улсын төсвөөс 5,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ жилээс хоёр цогцолбор ашиглалтад орно.

    Мөн Азийн хөгжлийн банкны  38 сая ам.долларын санхүүжилтээр хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих  “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл энэ оноос хэрэгжинэ.

    Төсөл Хөвсгөл аймагт 19 сая ам.доллароор нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө нэг нь Хэнтий аймгийн Дадал суманд Мянганы суут хүн их эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолборыг байгуулах ажлыг эхлүүлэх гээд хоёр газар хэрэгжинэ.

    -Аялал жуулчлалын үйлчилгээний чанар нь жуулчдыг татах гол шалгуур.  Засгийн газраас үүнд анхаарч ажиллахаар болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

    -Энэ жил хийх хамгийн гол ажил нь аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх. Өмнө нь байр, буудалдаа стандарт тавьдаг байсан бол үйлчилгээ маань стандартгүй явж ирсэн. Тиймээс аялал жуулчлалын салбар дахь есөн ажлын байр буюу хөтөч, өрөөний үйлчлэгч, тогооч гэх мэт техник мэргэжлийн үйлчилгээнүүдэд ажлын байрны дүрэм буюу стандартыг жишигт нийцүүлж боловсруулсан. Засгийн газраас санхүүжилтийг шийдээд аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа 15 мянга гаруй ажилчдыг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ны хооронд нэгдсэн стандарт бүхий сургалтыг мэргэжлийн сургагч багшаар гүйцэтгүүлнэ. Сургалтад хамрагдсанаар  жуулчин хүлээж авдаг оргил буюу зуны гурван сард үйлчилгээнийхээ чанарыг тодорхой төвшинд ахиулсан байх болно гэж найдаж байна.

    -Аялал жуулчлалыг нутгийн иргэдийн оролцоотой хөгжүүлэх нь тухайн орон нутгийн  иргэдийн хувьд хувьд маш том дэмжлэг, хөрөнгө оруулалт болно гэж бодож байна?

    -Тэгэлгүй яахав. Аялал жуулчлалынхаа бүх төсөл хөтөлбөрүүдэд орон нутагт хэдий хэмжээний ажлын байрыг бий болгох вэ, орон нутагт ирж байгаа гадаад, дотоод  жуулчдын урсгалыг дагасан ямар бүтээгдэхүүн үйлчилгээг өөрсдөө нийлүүлж, тогтвортой амжиргаагаа дээшлүүлэх вэ  гэдэг судалгааг хийж байна. Хөвсгөл болон Хэнтий аймагт хэрэгжих хоёр төсөл хоёулаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхээс гадна орон нутгийн иргэдийг сургах, иргэдийн гар урлалын болон бусад бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу тухайн аймаг орон нутагт ирж байгаа жуулчдад нийлүүлэх боломжийг бүрдүүлэх, Зээлийн эргэлтийн сан бий болгоод иргэдийн амжиргааг дээшлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн чиглэлрүү анхаарч ажиллаж байна.

    -Хөвсгөл далай дээрх  төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хог хаягдал, бохирынхоо асуудлыг шийдэж чадсан уу?

    -Хөвсгөл нууран дээр 2,3 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны нутгийн иргэдэд түшиглэсэн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орчны бохирдлыг бууруулах” гэсэн төсөл байгаа. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нуурын орчны бохирдол, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг нэлээн авч хэрэгжүүлсэн.

    Тусгай хамгаалалттай газар нутгуудад ялангуяа нуурын эрэг дагуух нүхэн жорлон байгуулж болохгүй, хөрсний бохирдлыг маш ихээр бий болгож байна гэж үзэн жуулчны баазуудын нүхэн жорлонг буулгах ажиллагааг  өнгөрсөн онд БОАЖ-ын Сайдын тушаалаар эхлүүлсэн.

    98 хувийн хэрэгжилттэй явж байна.

    Мөн  жуулчны бааз, гэр буудлуудаас гарч байгаа хог, хаягдлыг цэгцлэх  хүрээнд орон нутгийн иргэдэд   тээвэрлэх машин авч өгсөн. Ингэснээр иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэх гэх мэт хаа хаанаа харилцан ашигтай үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүн дээр нь бид жил бүр очиж хяналт тавьдаг. Өдөрт хэдий хэмжээний жуулчин хүлээж авах  хүчин чадлаас нь хамаарч  шингэн хог хаягдлаа хөрс рүү нэвчүүлж байна уу, жилд хэдэн удаагийн давтамжтай тээвэрлэж байгаад нь хяналт тавьдаг болсон байна. Энэ оноос хэрэгжих төслүүдийн хүрээнд Хатгал болон Ханх сумдад тус тус ландфилийн аргаар хог хаягдал  булшлах хоёр төвийг байгуулна. Нуурын эргийн Жанхайн даваа хавьцаа 37,2 км замыг хатуу хучилттай замтай болгоно. Ингэснээр замаас үүдэлтэйгээр нуур бохирдуулж байгаа тоосонцорыг бууруулах ач холбогдолтой юм.

    Ерөнхийдөө эдгээр төслүүд маань аялал жуулчлаас байгаль орчинд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүд. Click To Tweet

    -Нэг үеэд бодвол дотоодын аялал жуулчлал хөгжсөн л гээд байгаа. Манайхан бодит үйлчилгээг авч чадаж байна уу?

    -Жуулчдыг ор хоногоор тоолдог. Орон нутгийн хэмжээнд бодитоор гарсан тоо байхгүй. Албан бус тоогоор нэг сая гаруй жуулчин жилийн турш давтамжтайгаар аяладаг гэсэн үзүүлэлт байдаг. Үүнийг Тусгай хамгаалалттай газруудаар нэвтэрсэн хураамж, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн тоон дээр  гаргасан.

    Гэхдээ дотоод аялагчдын  нэг ялгарах онцлог нь зохион байгуулалтгүй аялдаг. Үүнээс үүдэлтэй хог хаягдал бий болгох, тухайн тусгай хамгаалалттай нутгийн дотоод журам зөрчих гэх мэт асуудал их гардаг.

    Өнгөрсөн жил Хөвсгөл нуурын эрэг дээр хоёр отоглох цэгийг байгуулсан  байгаа. Нуурын эрэг рүү орох машины урсгалыг хязгаарлаад зөвхөн майхан бариад аялах жуулчид тухайн  отоглох цэг дээр  машинаа байрлуулаад майхнаа барих замаар хог хаягдлыг нь шийдэж байна. Энэ онд Орхоны хөндийн тусгай хамгаалалттай газар нутагт 2-3 отоглох цэг байгуулах ажлыг эхлүүлж байна. Мөн жуулчид их зорчдог Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жуулчдад зориулсан тэмдэг, тэмдэглэгээ, хогийн цэг байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. Энэ жилээс нэгдсэн нэг тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар зэргийг ажиллуулна. Энэ онд Хан Хэнтийн хамгаалалтын захиргаа, Орхоны хөндий, Хөвөн тарна, Их газар Бага газрын чулуу гэх мэт жуулчид ихээхэн зорчдог бүсүүдэд тэмдэг тэмдэглэгээ, хогийн цэг байгуулна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ