• “Оюутолгой”-г шалгасан УИХ-ын гишүүд “Рио Тинто”-той биш өөр хоорондоо тэмцэлдсээр сууна

    Монголын хамгийн том үүцний нэг болох Оюутолгой тойрсон асуудал сүүлийн 10 гаруй хоногт хурцаар тавигдаж дуулиан шуугиан дэгдээж эхэллээ. Энэхүү дуулиан шуугиан нь Оюутолгойд шалгалт хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийнхэн болон шалгалттай холбоотой.

    Өнгөрсөн 2018 оны 3 дугаар сарын 23-нд УИХ-ын дарга асан М.Энхболд захирамж гарган “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

    Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллахаар болсон. Гишүүдээр нь эхлээд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдож байв. Тэгвэл ажлын хэсгийг ахалж байсан Д.Дамба-Очир уг албыг удалгүй Д.Тэрбишдагвад шилжүүлээд өөрөө больсон. Тэр үед Э.Болорчулуун, Т.Аюурсайхан нар нэмэгдэж орсон.

     УИХ-ын энэхүү шалгалтын ажлын хэсгийн доор салбарын яамдын ТНБД нар болон газрын дарга нар гээд мэргэжлийн хүмүүсийг оруулсан дэд ажлын хэсгүүд ажилласан. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүр өнгөрсөн намар шалгалт дуусч байгаа, удахгүй УИХ-д танилцуулна гэсэн ч энд хүрч байж орж ирлээ. Энэ хооронд УИХ-ын олонх гишүүд МАНАН-тай тэмцээд завгүй байснаас ийнхүү орж ирсэн хэрэг. Гэвч Оюутолгойд хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийнхэн дотроо бас хуваагдаад үзэж тарах болов. Д.Тэрбишдагва гишүүний хувьд Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд удлаа. Тэрбээр өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайд байхдаа тэр үеийн Сангийн сайд Ч.Улааны хамт мөн Оюутолгойд шалгалт хийж нэг тэрбум гаруй ам.долларын асуудал гаргаж ирж байсан билээ. Энэ удаа ч мөн багагүй асуудал илрүүлсэн учраас гэрээг цуцлах саналыг УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзсээр ирсэн.

    Харин салбарын буюу УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын тухайд Оюутолгойн гэрээг цуцлахгүй, харин хэлэлцээр хийж гэрээг сайжруулна хэмээн мэдэгдээд байсан. Гэтэл УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт УИХ-д орж ирэхтэй зэрэгцээд “Рио Тинто”-гийн Арно хэмээх захирал ярилцлага өгөхдөө “Гэрээг өөрчлөхгүй, бандан тас” гэсэн. Харин манай УИХ-ын гишүүд бусад албаныхан гэрээг цуцлахгүй, гэхдээ хэлэлцээрийн ширээний ард сууж сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

    Гэхдээ манай Оюутолгойг шалгасан улстөрчид, УИХ-ын гишүүд хоорондоо байлдаад эхэлчихлээ.

    Д.Дамба-Очир нууц биш асуудлыг өгөв үү, нууцыг задлав уу

    Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гарган УИХ-д хүргүүлж, парламент дүгнэлтийг нь хэлэлцэж, арга хэмжээ авах ёстой байлаа. Гэтэл гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт тараагдахаас өмнө хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн удирдлагад манай талын дүгнэлт очиж, тэдний зүгээс байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй.

    Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” хэмээн мэдэгдсэн. Тэр юутай ч Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-д өгсөн нь тодорхой болоод байна.

     УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Материалыг задалсан асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой. Хэн, хаанаас тараасныг нь шалгуулж шийдэх байх. Өдийг хүртэл би хэвлэлийнхэнд хэлэлцээгүй асуудлын талаар мэдээлэл өгөхгүй хаалттай явж ирсэн. Харин Төрийн гурван өндөрлөг, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. Хэлэлцэх гэж байсан асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой оролдлого гэсэн бодол надад төрж байгаа” гэсэн. 

    Одоогоор Оюутолгойтой холбоотой гурван ч дүгнэлт УИХ-д очсон хүлээгдэж байна. Дубайн гэрээнд хийсэн Аудитын байгууллагын дүгнэлт, АТГ-аас Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлт, нөгөөх нь ийнхүү ил болоод байгаа УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт байсан юм. Үүнээс АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан.

    Тэгвэл УИХ-ын зарим гишүүд Оюутолгойг шалгасан ажлын хэсэг хангалтгүй ажилласан гэж мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ингэж хэлсэн бөгөөд тэрбээр “Дүгнэлтийн төсөл нь туйлын хангалтгүй байсан.Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт дэвшүүлж байгаа боловч яагаад гэдэг санхүүгийн тооцоо үндэслэл байхгүй. Хэн ч маргахгүй үндэслэлийг гаргаж ирэх ёстой. Тэр үндэслэлийг гаргаж ирж чадаагүй. Хөрөнгө оруулагчдын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээг дурдаа ч үгүй. Хамгийн гол үндсэн гэрээг. Үүний цаана байгаа санхүүгийн тооцооллыг гаргаж ирээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөхийн тулд Монгол Улсын их хурал хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах ёстой гэсэн ганцхан өгүүлбэр бий. Ажлын хэсгийн дөрвөн гишүүн гарын үсэг зураагүй. Гэтэл үүн дээр үндэслэж УИХ-ын тогтоол баталж, Засгийн газарт чиглэл өгнө гэвэл туйлын хангалтгүй. Цэвэр усны нөөцийн талаар юу ч байхгүй. Секундэд 800 гаруй литр усыг шахаж байгаа. Жилийн өмнө Оюутолгой долоон сая ам.доллараар бүх хоолойгоо татаад мотороо ажиллуулсан байсан. Бусдын өмч дээр. Тэр байхгүй. Боловсруулах үйлдвэр, цахилгаан станц бүгд байхгүй. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлт хэлэлцэх бус ажлын хэсгийн явцтай танилцах гэдэг асуудлыг оруулсан байсан шүү” гэж мэдэгдсэн.

    Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:Стратегийн орд газруудын гэрээний хэрэгжилттэй танилцах эрх УИХ-д байгаа. Оюутолгойн гэрээг байгуулах үед жил бүр гэрээний хэрэгжилтийг Засгийн газар УИХ-д танилцуулж байх үүргийг өгсөн байдаг. Гэтэл энэ үүрэг огт биелэгдэж байгаагүй. Дубайн гэрээ ч УИХ-аар оролгүй батлагдсан.  Тиймээс жил бүхэн Засгийн газар УИХ-д гэрээний хэрэгжилтийг танилцуулж байх хэрэгжилтийг хангаж өгөх хэрэгтэй байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг Оюутолгой компанид өгсөн байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. 10 жилийн хүүхдээс шалгалт авч байгаа бол өмнөх өдөр нь шалгалтын хариуг өгснөөс ялгаагүй асуудал болсон” гэж байлаа.

    Ийм их асуудалтай байгаа ч энэ долоо хоногт Оюутолгойг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг УИХ хэлэлцэнэ. Мөн Аудитын болон АТГ-ын шалгалтын дүн гэх мэт 10 гаруй дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. Харин манай улстөрчид энэ асуудлаа хэлэлцэхээс илүүтэй нэгэн рүүгээ дайрсаар уг дүгнэлтийг юу ч биш болгож “Рио Тинто”-д дахин боломж олгочих вий гэсэн болгоомжлол олон хүнд байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ