“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг батлав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн лхагва гаригт Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байсан тул Засгийн газрын хуралдаан болоогүй. Харин уг хуралдааныг өчигдөр буюу амралтын өдөр хуралдууллаа.

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Хөтөлбөрт :

–  Ажлын орчин нөхцлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах

–  Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

–  Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх

–  Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.

2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ