• Агаарын бохирдлыг бууруулах албаны хүмүүсийн үг:Нийслэл даяараа хүчээ нэгтгэж байна

    Тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллахаар  төлөвлөж буй талаар албаны хүмүүс юу гэж хэлснийг хүргэе.

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:  Гэр, байшингаа дулаалбал нийслэлчүүдийн нэг өвлийн 600 тонн нүүрсний хэрэглээ 30 хувиар буурах боломжтой

    Гэрэл зургийг mpa.mn

    Гэрэл зургийг mpa.mn

    2019-2020 онд агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг 50-иас дээш хувиар бууруулна. Түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр энэ зорилтод хүрнэ.

    Амьдрах орчны судалгааны 4604 орон тооны бус ажилчдын хамт гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэх, гэр байшингаа дулаалахыг зөвлөж, шаардлагуудыг хүргүүлнэ. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр сольсноор нэг өвлийн хэрэглээ нь 600 тонн болж буурна. Дулаан алдагдлаа бууруулж гэр байшингаа дулаалбал сайжруулсан түлшний хэрэглээ дахин 30 хувиар буурах боломжтой.

    Ингэснээр  нэгдүгээрт, тухайн айл өрхийн хувьд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хоёрдугаарт, бидний гол асуудал болсон агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлнө.

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Гантулга:  Иргэдэд түлшээ зээлээр авах боломжийг нь бүрдүүлж, хүүгийн татаасыг бий болгоно.

    4604 хүний бүтэцтэй баг нийслэлийн гэр хорооллын 86 хороон 220 000 айл өрх бүрт хүрч ажиллана. Ажиллахдаа түүхий нүүрсний хор уршгийг таниулж, сайжруулсан түлш хэрэглэхийг уриалж, түлшиндээ сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа эсэх дээр хяналт, мониторинг хийнэ.

    Иргэд нийт 600 гаруй цэгээс  сайжруулсан түлшний төлбөрийн картаа ашиглан худалдан авалт хийнэ.

    Иргэдэд түлшээ зээлээр авах боломжийг нь бүрдүүлж, хүүгийн татаасыг бий болгоно. Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд 4604 хүний баг дээр нэмэгдээд 58 хүний бүрэлдэхүүнтэй Цагдаагийн нэгж байгуулж хяналт тавьж ажиллана. Мөн дээрээс нь МХЕГ, ОБЕГ зэрэг бүх холбогдох байгууллагууд хамтарч, нийслэл даяараа агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж, тэмцэх тэмцлээ эхлүүллээ. Амьдрах орчны судалгаагаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын талаар нийт судалгаанд оролцогчдын 61 хувь нь маш зөв шийдвэр гэж хариулсан. Иргэд маань маш нааштайгаар хүлээн авч, бидний ажлыг дэмжин оролцож байна.  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хувьд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж зохион байгуулалтад оруулах мөн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

     “Таван Таван толгой түлш” ХХК –ийн захирал М.Ганбаатар: Нийслэлчүүдийг энэ өвөл  600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр хангах бүрэн боломжтой

    Нийслэлийн гэр хороолын айл өрхийн нэг өвлийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээг 600 мянган тонн гэж тооцоолсон.

    Одоогийн байдлаар “Таван Толгой түлш” ХХК-ийн хувьд 130 000 тонн түүхий эдийн нөөцийг, 70 000 тонн сайжруулсан шахмал түлшийг тус тус бэлтгэсэн байна.

    Үйлдвэрийн хүчин чадлын хувьд одоо гурван шугамаар үйлдвэрлэлээ явуулж байгаа бол ойрын хугацаанд нэмж дөрвөн шугамыг ашиглалтад оруулахаар угсралтын ажлаа эхлүүлээд байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн татан авалт, түгээлтийн зохион байгуулалт зэргийг харгалзан  үзвэл нийслэлчүүдийг энэ өвөл  600 мянган тонн түлшээр хангах бүрэн боломжтой.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ