• Нийслэлчүүдийн оролцоог хангасан Амьдрах орчны судалгааны талаарх 5 баримт

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд  Амьдрах орчны судалгааг анхдагч байдлаар Чингэлтэй дүүрэгт амжилттай эхлүүлсэн.  Тэгвэл үлдсэн таван дүүрэгт Амьдрах орчны судалгааг авах орон тооны бус 3560 ажилчдад анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох уулзалт өнөөдөр  “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулганы хүрээнд зохион байгуулагдлаа.

    1.Амьдрах орчны судалгаа нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэнэ

    Анхдагч байдлаар Чингэлтэй дүүрэгт нэг сарын хугацаанд хийгдсэн Амьдрах орчны судалгаа нь өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүх дүүргүүдэд хийгдэж эхэлнэ.

    2.Судалгааг нийслэлийн иргэд өөрсдөө авна

    Өнгөрөгч дөрөвдүгээр сарын еснөөс нийслэлд анхдагч байдлаар эхэлсэн Чингэлтэй дүүрэг дэх Амьдрах орчны судалгааг нийт 700 орчим хороо, хэсгийн ажилчид гүйцэтгэсэн. Тэгвэл нийслэлийн хэмжээний зургаан дүүрэгт явагдах судалгааны ажилд нийт 4604 иргэн оролцож, гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгаа авах юм.

    3.Судалгааг орчин үеийн шинэлэг аргаар буюу гар утас аппликейшн ашиглан авна

    Амьдрах орчны судалгааг гар утасны “Classic collector” аппликейшн ашиглан авна . Ийнхүү техник, технологийн дэвшилтэт байдлыг нэвтрүүлснээр нэгдүгээрт цаг хугацаа, хоёрдугаар хүний хүч хөдөлмөр хэмнэгдэх боломжтой болж байгаа юм. Уламжлалт судалгааны аргын оронд гар утасны аппликейшн ашиглаж, цаасны хэрэглээг халсан нь зохион байгуулагч байгууллагын байгаль орчинд ээлтэй ханддагийнх биз.

    4.Судалгааны дүнд суурилан агаар,орчны бохирдлын эсрэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулна

    Амьдрах орчны судалгаа нь нийт 31 асуултаас бүрдэнэ. Асуулт бүр тухайн айл өрхийн хашаан доторх амьдрах орчин хэрхэн бүрдсэн талаар мөн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд цаашид ямар арга хэмжээг төлөвлөх хэрэгтэй гэсэн асуултад хариулт нэхсэн байна. Айл өрхийн амьдрах орчныг тодорхойлох иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгааны хэрэглээ, цахилгааны аюулгүй байдал,  сайжруулсан зуух, түлш хэрэглэж байгаа эсэх, жорлонгийн төрөл, тоо, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг бүхий л үзүүлэлтүүд судалгаанд багтжээ.

    ОББҮХ-ны Ажлын албаны дарга Ч. Гантулга:

    Амьдрах орчны судалгааны дүн, мэдээлэлд тулгуурлан Засгийн газрын бодлогын хэмжээнд өргөн баригдах Агаар, орчны бохирдлын эсрэг цогц арга хэмжээ бүхий баримт бичиг боловсруулагдана.

    5. Анхдагч байдлаар эхлүүлсэн Чингэлтэй дүүрэг дэх амьдрах орчны судалгааны дүн албан ёсоор эцэслэгдсэн

    2019 оны дөрөвдүгээр сарын есөнд зохион байгуулагдсан Чингэлтэй дүүргийнхний чуулган зохион байгуулагдсан. Тэгвэл түүнээс хойш сар хүрэхгүй хугацаанд ОББҮХорооноос холбогдох байгууллагуудтай хамтран судалгааны арга зүйг судлаачдад сургах сургалтыг зохион байгуулж, нийт 22,000 иргэнээс амьдрах орчны судалгааг аван, дүн мэдээллийг нэгтгэж дуусжээ. Судалгааны дүнгээс харвал Чингэлтэй дүүргийн нийт айл өрхийн 42 хувь нь сууцаа маш сайн, 50 хувь нь бага зэрэг, үлдсэн нь дулаалаагүй байна. Мөн нийт өрхийн 70 гаруй хувь нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж, 39.2 хувь нь сайжруулсан зуух хэрэглэж байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ