
5-р сарын 7, 8-нд, Тайландын сонгуулийн ерөнхий хорооноос парламентын төлөөлөгчдийн танхимын тойргоос сонгогдсон 349 гишүүн, тойроггүй сонгогдсон 149 гишүүний нэрсийг тус тус нийтэллээ. Энэхүү дүнгээс үзвэл авлиагач хэмээн эрэн сурвалжлагдаж буй экс ерөнхий сайд Таксин Чиннаваттай ойр байдаг “Тайландын төлөө” нам 136 суудал, одоогийн ерөнхий сайд Прают Чан-Очагийн “Ардын төрийн хүч” нам 115 суудал, одоогийн засгийн газрын эсрэг “Шинэ ирээдүй” нам 80 суудал тус тус авчээ.
Өнөөгийн ерөнхий сайд, “Ардын төрийн хүч” намын гишүүн Прают Чан-Оча: Парламентын дээд танхимын 250 гишүүний нэрсийг хаандаа өргөн барьсан бөгөөд товлосон ёсоор бүх ажил өрнөж байна. Парламентын дээд танхимын 250 гишүүний нэрсийг тогтоосны дараа, дээд доод танхимын гишүүнд хамтаар санал оруулж шинэ ерөнхий сайдаа сонгоно. Тодруулбал “5-р сарын 23-наас өмнө шинээр сонгогдсон парламентын анхны чуулганыг хуралдуулж, 5-р сарын эцсээс өмнө парламентын дарга, орлогч даргыг сонгож, 6-р сарын эхээр парламентын гишүүдийн саналаар шинэ ерөнхий сайдаа сонгоно” гэжээ.
Тайландын Вант улсын сонгуулийн хуулийн дагуу, парламентад наад зах нь 25 суудалтай улс төрийн нам бүлгийн лидер л ерөнхий сайдад нэр дэвшиж, парламентын дээд доод танхимын нийт 750 гишүүний талаас дээш буюу наанадаж 376-аас дээш гишүүдийн дэмжсэн саналыг авсан нэр дэвшигч ерөнхий сайдаар сонгогддог байна. Тус улсын хэвлэлийнхний мэдээлж буйгаар, одоогийн ерөнхий сайд Прают Чан-Очагийн “Ардын төрийн хүч” нам засгийн газраа амжилттай байгуулж, тэрээр ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч парламентад 200 гаруй суудал эзэлсэн засгийн газрын эсрэг “Ардчилсан холбоо” нь түүний хамгийн том “чөдөр” болохоор байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.