• Ц.Пүрэвхүү:Ямар ч үр дүн үзүүлээгүй зуухны мөнгийг миний хүүхэд 24 нас хүртлээ татвараасаа төлнө

    “Утааны эсрэг ээж, аавууд” ТТБ-ын тэргүүн  Ц. Пүрэвхүүтэй агаарын бохирдлын асуудлаар ярилцлаа.

    -Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн хугацаанд хэдэн  зуун тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл агаарын бохирдол буурсангүй. Үүний шалтгаан юу вэ?

    -“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас 2018  оноос агаарын бохирдолд мөнгөний тайлан, үр дүнг авч үзье гэж ҮАБЗ, Өргөдлийн байнгын хороо, Ерөнхий сайд, УИХ-ын дарга,БОАЖ-ын сайд гэх мэтчилэн холбогдох албаны бүх хүмүүст хандсан. Эдгээрээс УИХ-ын дарга байсан М.Энхболд, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар бидний хүсэлтийг анхаарч үзсэн. Анх удаа Үндэсний аудитын газарт утаанд зарцуулсан мөнгийг тодорхой ил болгож өгөөч ээ гэсэн саналыг хүргүүлсэн. Аудитын газар эхлээд маш хойрго хандсан. Тайлангаа дууусгахгүй удсан л даа. Өнгөрсөн жилийн хугацаанд 550 тэрбум төгрөгийг  утаанд зарцуулсан байна. Үүнээс улсын төсвөөс нийтдээ 156 орчим тэрбум төгррөгийг зарцуулсан бол үлдсэн нь гаднаас авсан зээл байгаа юм. Одоогийн ханшаар нь тооцох юм бол  550 орчим тэрбум төгрөг яригдаад байгаа. Энэнээс гадна утаанд зарцуулсан мөнгө бас байсан. Гэтэл утаа арилсан уу  арилаагүй.

    2008 онд эдгээр мөнгийг зарцуулж эхлэхэд нийслэл хотод 190 мянган иргэн хороололд амьдардаг байсан бол одоо 220 мянга болж нэмэгдсэн. Өнөөдрийг хүртэл 30 мянган айлаар гэр хороолол тэлж, яндагийн тоо нэмэгдсэн байна. Утаа нэмэгдсэн нь үнэн, зарцуулсан мөнгө нь богино хугцааны арга хэмжээнд зориулагдсан байна. Утаа нэрээр мөнгийг үнэхээр хувааж идсэн байна. Үүнтэй холбоотойгоор 19 төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтан хэрэгт татагдаад явж байсан.

    -Одоо дахиад зээл авч утаанд зарцуулах гэж байгаа шүү дээ. Монголын төр ер нь утаатайгаа тэмцэж чадах юм уу?

    -Өнгөрсөн 10 жилд 500 гаруй тэрбум төгрөгийг зарцуулчихаад ямар ч үр дүнд хүрээгүй. Гэтэл өнөөдөр дахиад л ийм зээлийг авах гээд явж байна. Бас л утаанд зарцуулах мөнгө. Азийн хөгжлийн банкнаас авч байгаа гэр хороололд дэд бүтэц тавих 320 сая ам.долларын зээл байгаа юм. 120 сая ам.долларыг нь  аваад зарцуулчихсан. Гэхдээ дэд бүтэц нь ашиглалтад ороогүй. Гэтэл энэ зээлийн гэрээнд зааснаар энэ сараас эхлээд эргэн төлөлт нь эхэлнэ.

    Өмнө нь зээлээр авч байсан 104 сая ам.доллароор 2012 онд зуух тараахдаа 66 хувийг нь Дэлхийн банк төлөөд үлдсэн хувийг нь иргэд өөрсдөө гаргаад явж байсныг бид тусламж гэж ойлгоод байсан. Гэтэл зээл байж таарсан. Click To Tweet 66 хувийг нь Дэлхийн банк төлөөгүй, татвар төлөгч бидний мөнгөнөөс  иргэддээ тараасан зуухны мөнгийг төлсөн байсан. Дөрөв дэх жилдээ энэ зээлийн эргэн төлөлтийг төлөөд явж байна. Гэтэл утаа буурсан уу, үгүй.Бусдаас мөнгө зээлэхээ боддог болохоос биш эргээд ядмагхан төсвөөсөө эргүүлж төлж байгаа гэдгээ боддоггүй. Утаагаа бууруулчихсан бол хамаа алга. Гэтэл ямар ч үр дүнгүй зуухны мөнгийг бид төлөөд явж байна.

    Дахиад Азийн хөгжлийн банкнаас бодлогын зээл гээд 130 сая ам.долларыг 2018-2019 онд зарцуулна гээд авсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд эхний санхүүжилт 260 тэрбум төгрөгийг авсан. Үүнийг агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэнд нь хохирч байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулах ёстой байсан.

    260 тэрбум төгрөг гэдэг эрүүл мэндийн салбарын нийт төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө атлаа өнгөрсөн өвлийн утаанд хүүхэд өвдөөд эмнэлэгт очиход тийм их хэмжээний өөрчлөлт дэмжлэг эрүүл мэндийн халамж үйлчилгээг мэдрээгүй шүү дээ.

    Тэгээд сая энэ оны эхний улиралд үлдсэн 30 сая ам.доллароо авсан. Бас л нөгөө вакцинжуулалт, эрүүл мандэд зарцуулах зорилгоор. Гэтэл бидний вакцинд үсрээд л 10 тэрбум төгрөг зарцуулдаг юм байна лээ ш дээ.

    -Энэ олон зээл тусламж нь хаашаа ороод, юунд зарцуулагдаад байгаа юм бэ?

    -Сангийн яам орж ирсэн мөнгийг авдаг байгууллага.Хамтран хэрэгжүүлэгч нь бусад яамд. Сангийн яам энэ мөнгөнүүдийг аваад төсвийн цоорхойгоо нөхөж байна уу гэж бид нар хардаж байгаа. Дээр үед хүнээс мөнгө зээлэх болохоороо өвчтэй ээж, хүүхдийнхээ асуудлыг ярьж байгаад аваад архи уучихдаг байсан шиг яг манай Засгийн газар ийм байгаа байхгүй юу. Утаанд хүүхдүүд маань хордож байна, өвдөж байна гээд гадныхан бүгдээрээ өрөвдөөд хөнгөлөлттэй зээл тусламж өгчихдөг. Үүнийг нь Сангийн яам авчихаад хаа хамаагүй асуудлыг утааг бууруулаа асуудалтай хамруулж үзэнгүүтээ төсвийн цоорхойгоо бөглөх маягаар утаа нэрээр авсан ззээлээ зарцуулчихдаг. Гэтэл утаанд хордож байгаа хүүхэд багачууд нь зээлийнхээ үр шимийг хүртэхгүй, хэдэн жилийн дараачаас нь татвар төлөгч ээж, аав нар нь  төлдөг.

    Орлогод нийцсэн орон сууц төсөл хэрэгжүүлэхээр 570 сая ам.долларыг зээлэх гэж байгаа. Нэг их наяд гарах тоо. Өмнө нь   авсан 320, 130  сая ам.доллар   одоо авах   гэж байгаа 570 сая ам.доллар гээд нийтдээ нэг тэрбум  ам.долларын зээл болж байгаа юм. 1 тэрбум ам.доллар нь   2 их наяд 650 тэрбум төгрөг.  Бид өмнөх     10 жилд 550 тэрбумыг ямар ч үр дүнгүй зарцуулчихаад одоо үүнээсээ тав дахин өндөр нугалчихсан зээлийг аваад зарцуулж байна.

    -Өмнөх 10 жилд утаагаа бууруулж чадсангүй. Тэгвэл эндээс алдаагаа олж, суралцаж чадсан уу?

    -Би харин ингэж асуумаар байна. Өмнөх алдаанаасаа юу сурсан юм, юугаа сайжруулсан юм. Зөвхөн Монголын Засгийн газар ч нь биш. Иргэд нь ч бэлэн биш. Ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг байгууллагууд өмнөх алдаанаасаа юу сурсан гэж  манайх шиг ядуу оронд мөнгө зээлж байгаа юм бэ. Бидэнд мөнгө хэрэгтэй юу гэвэл үнэхээр хэрэгтэй. Манайх шиг орон хөгжлийн зээлгүйгээр урагшлахад хэцүү. Гэхдээ үр дүнтэй зарцуулахын тулд өмнөх  алдаанаасаа суралцаад дараагийн алхмаа хийх ёстой байхгүй юу. Гэтэл манай Засгийн газрыг гуйсан зоргоор нь олон улсын санхүүгийн  байгууллагууд хариуцлагагүйгээр мөнгө өгөөд иргэд нь өрөнд ороод дуусч байна. Засгийн газар нь өрөө үлдээгээд  улс төрчид нь буугаад явчихна.Нөгөө л авсан зээлийг нь бид төлнө.

    Миний хүүхэд дөрвөн настай.Гэтэл ямар ч үр дүн үзүүлээгүй зуухны мөнгийг миний хүүхэд 24 нас хүртлээ татвараасаа төлнө.

    Бодвол Монголд л амьдарч байна байх. 21 настай сургуулиа төгсөөд гурван жил  ажил хийгээд 2012 онд тараасан зуухны мөнгийг миний хүү төлөхөөр байгаа байхгүй юу. Үнэхээр харамсалтай байна. Бид нар хүүхдүүддээ өр л үлдээж байна шүү дээ.Үр дүнтэй л өр үлдээя гэж хэлмээр байна.

    -Нийслэлчүүд ирэх жилээс түүхий нүүрс хэрэглэхгүй. Төр, иргэд үүнд бэлэн байна уу?

    -Хувийн хэвшлийнхэн болон улсын үйлдвэрүүийн түүхий нүүрсийг бид дөрөв хоног шатааж үзсэн. Ингэхэд нэг зүйлийг ажигласан. Яахав аль аль нь 30 минутын дотор шатаад дулаанаа өгчихөж байгаа юм. Гэтэл Багануурын нүүрс нэг цагийн турш уугиад л байгаа юм. Энэ нь утааны бөөгнөрлийг  бий болгодог. Өмнөговийн нүүрс хар утаа хаядаг шинж чанартай юм билээ. Коксжсон нүүрс тэгдэг гэсэн. Хар утаагаа багасга гэсэн хүсэлтийг үйлдвэрлэж байгаа байгууллагад өгсөн. Click To TweetТатвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж байгаа үнэтэй түлш.

    Харин иргэд гэр дотроо дулаанаа удаан хадгалах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Одоо иргэдийн хариуцлагын асуудал яригдаж эхэлж байна. Иргэд гэр байшингаа дулаалах ёстой. Нэг талаас улс нь ингэж хөдөлж байна. Нөгөө талаас иргэн хүн дулаалгаа сайн хийж, дулаан алдагдлаа багасгах ёстой.

    Ингэж хоёр талаасаа хамтарч оролцож байж, утааныхаа асуудлыг бага ч гэсэн шийдэж чадна.  Өнгөрсөн хугацаанд мэргэжлийнхэнтэй уулзаж байхдаа  түлш хоёр янз  байдаг гэдгийг мэдэж авсан. Хурдан хугацаанд шатаж  дулаанаа  өгдөг түлш 9,10 цаг дулаанаа барих  шинж чанар нь бага байдаг. Орой унтахдаа хийгээд  өглөө босоход нь дулаанаа барьдаг түлш гээд хоёр  янз байгаа юм. Хэрвээ цаашдаа түлшээ авч авья гэж бодож байгаа бол ийм хоёр шинж чанартай түлшийг хоёуланг нь гаргах хэрэгтэй гэж хувь хүнийхээ хувьд дүгнэсэн.

    Бэлтгэл ажлаа бол хийж байгаа. Одоогийн нүүрс борлуулж байгаа иргэдийн хувьд түлшний үнийн бодлогыг алдагдуулах саналыг их ирүүлж байгаа. Тонн тутамд нь 20 мянган төгрөг нэмж зарна гэх мэт.500 хүний орлого чухал юм уу нийслэлийн 1 сая 700 мянган хүний амьсгалах асуудал чухал… Click To Tweet

    Хэрвээ татвар төлөгчдийн мөнгөөр их үнэ өртөг шингэж бүтсэн сайжруулсан түлшийг хэдэн борлуулагчид дур мэдээд тонн тутамд нь үнэ нэмээд зарах юм бол түлшний бодлого нийтдээ унана. Дахиад агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны бодлого унана. Дахиад нийтээрээ хохирно.Энэ асуудалд хүмүүс хүний эрх ярьж дуугарах гэж байгаа бол 1 сая 700  мянган хүний эрх ашгийн төлөө дуугарах хэрэгтэй.Тиймээс түлш борлуулах ажилд түлш борлуулахыг хүсч байгаа, чин сэтгэлтэй айхтар өндөр ашиг харахгүй, гэхдээ тогтвортой орлоготой  больё гэсэн хүсэлтэй хүмүүсийг орох ёстой гэж бодож байна. Хуучин нүүрсний ченжүүдээр борлуулбал түлшний бодлого унах эрсдэлтэй юм байна гэж харсан.

    -Шахмал түлшний чанар, илч өвөл Улаанбаатарчуудыг халааж дийлэх үү?

    -Миний анзаарснаар илчний хувьд асуудал байхгүй. Багануурын нүүрснээс хамаагүй илчтэй санагдсан. Эх үүсвэр нь Өмнөговийн хагас коксжсон нүүрс. Ер нь цаашдаа түлшний бодлогыг урт хугацаанд явуулмааргүй байна. Богино хугацаандээ хэрэглээд дэд бүтцийнхээ асуудлыг шийдмээр байгаа юм. Урт хугацаанд агаарын бохирдлыг бууруулах бодлогодоо анхаараад оновчтой шийдэл гаргах, түүндээ хөрөнгө мөнгөө төсөвлөөд үйл ажиллагаагаа  төлөвлөөд явах хэрэгтэй. Түлшийг таван жилээс дээш хэрэглэмээргүй байна.

    Нүүрс л бол нүүрс ш дээ. Утаа л гарч байгаа тохиолдолд агаарын бохирдол байсаар  байна. Орон сууцжуулах асуудал бас үнэхээр хүндрэлтэй юм билээ. Бид анх ганц шийдэл нь орон сууц гэж ярьдаг байсан. 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт тавьчихлаа. 100  саяд хуваагаад үзэхээр үсрээд 5000 айл байна. Орон сууцанд маш их  мөнгө тавиад байгаа хэрнээ яг утааг бууруулах хувь нь хэтэрхий бага учраас орон сууцжуулалт хөгжлийн бодлогын асуудал болчихоод байгаа  юм. Агаарын бохирдлын асуудал хоолойд тулсан тулгамдсан асуудал учраас богино хугацааны шийдлүүдээ заавал зэрэг авч явах ёстой.

    Өнгөрсөн 17 жил утаатай тэмцэхдээ зөвхөн зуух, түлш хоёртой ноцолдсоор байгаад урт хугацааныхаа ажлыг хийгээгүй. Үүнээс болж өнөөдөр бид дахиад л дэд бүтэцгүй сууж байна Click To Tweet. Утаагаа гаргасаар байсан ч гэсэн үүнтэй зэрэгцээд дэд бүтцийнхээ хөтөлбөрийг маш сайн хийгээд явж байсан бол өнөөдөр бид хоёр өөр төвшний юм яриад сууж байх байсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм гэж гаргасан.

    Үнэхээр энгийн  би ч гэртээ сууж байгаад бичиж чадна.  Гэр хорооллын дулаан, бохирыг нь нэгдсэн байдлаар шийдэх юм уу бие даасан байдлаар шийдэх юм уу, холимог шийдах юм уу, холимог шийдвэл аль хэсэгт нь төвийн дулаанаар хангах юм бэ, сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчнийхээ хэдэн хувийг хангах юм гэх мэт олон асуудлыг тодорхой болгох ёстой.

    -Агаарын бохирдол ганцхан Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн асуудал биш болжээ. Ихэнх аймаг утаатай байна. Одооноос л бодлогоо зөв тодорхойлж, үр дүнтэй ажил хийхгүй бол гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна?

    -Иргэд энэн дээр нэг зүйлийг ойлгодоггүй. Зөвхөн Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс утаанд хордоод байгаа юм биш. Хөдөө орон нутагт жирэмсэн ээжүүд, хүүхдүүд бидэнтэй ялгаагүй утаанд хордож байгаа гэдгийг ойлгох ёстой. Ховд аймгийн утааг бууруулах зорилгоор өнгөрсөн онд 100 сая төгрөг төсөвлөсөн. Гэтэл хотын иргэд уурласан. Яахлаараа хөдөө утаа бууруулах гэж мөнгө өгдөг юм гэж. Улаанбаатарчууд хүн  Ховд аймгийн иргэд хүн биш юм уу. Тэнд ч гэсэн нялх хүүхэд утаагаар амьсгалж байна ш дээ.10 гаруй жил утаандаа дарлагдаж байж өнгөрсөн жил дөнгөж 100 -хан сая төгрөгийг Ховд аймагт төсөвлөсөн.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ