Л.Эрдэнэбулган: Хаягдал усны бохирдол стандартаас давбал нөхөн төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж төлдөг болсон

2019-05-09

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганатай Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. 2012 онд уг хуулийг баталсан ч хэрэгжүүлээгүй шүү дээ. Нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь юу вэ?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн   гол агуулга нь усыг их бохирдуулдаг   аж ахуй нэгж байгууллагад өндөр төлбөр  ногдуулах, бохирдол бага гаргадаг аж ахуйн нэгж байгууллага бага  төлбөр төлөх юм. Түүнчлэн хаягдал усыг стандартын төвшинд  цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг ус бохирдуулсны төлбөрөөс гурван жил хүртэлх хугацаагаар чөлөөлөх,ус бохирдуулсны төлбөрөөс орсон орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлж, усны бохирдлыг арилгах, хяналт шинжилгээ хийх, тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засварын үйл ажиллагаанд орлогын 50-аас доошгүй хувийг зарцуулдаг байхаар хуульчилсан. Мөн төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой болгож өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр томоохон гол нууруудад цутгаж байгаа бохирдлын хэмжээг үе шаттайгаар бууруулах эдийн засгийн хөшүүргийг бий болгоно гэж харж байгаа. Click To Tweet

-Аж ахуйн нэгж байгууллагуудын усыг  их, бага бохирдуулж байгааг яаж хянах юм. Ихэвчлэн уул уурхайн компаниуд байгаа шүү дээ?

-Хуулийн төсөлд ус бохирдуулах бодис буюу органик, хүнд металл, эрдэс гэх мэт дөрвөн бодисын төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсан. Аюултай бохирдуулагч бодисын төлбөрийг хэмжээг бууруулаагүй, хэвээр үлдээсэн.Харин  дээд хэмжээг нь нэмэгдүүлсэн.   Ус бохирдуулсны төлбөрийн доод, дээд хязгаарыг тогтоогоод Засгийн газарын тогтоолоор төлбөрийн хэмжээг тогтоохоор хуульчилсан байгаа.

-Төлбөрийн доод хэмжээг ямар үндэслэлээр бууруулсан бэ?

-Бохирдол бага гаргадаг аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дарамт бага учруулах, мөн бохирдлоо стандартын төвшинд цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалтыг илүү тодорхой болгосон. 2012  онд батлагдсан хуулиар нөхөн төлбөрийн хэмжээ буюу хаягдал усны стандартын хэмжээнээс давсан тохиолдолд ус бохирдуулсны нөхөн төлбөрийг гурав дахин үржүүлж ногдуулдаг байсан. Сая баталсан хуулиар нөхөн төлбөрийн хэмжээг бохирдлынх нь хэмжээнээс хамаараад 2-5 дахин гэж өөрчилсөн. Click To TweetӨөрөөр хэлбэл, төлбөрийн хэмжээг нэг талдаа бууруулж байгаа ч нөгөө талдаа бохирдол стандартаас хэтрэх юм бол нөхөн төлбөрийн хэмжээг 5 дахин нэмж төлөх юм. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр хэдий чинээ их бохирдол  гаргана төдий чинээ их төлбөр төлнө гэсэн үг. Мөн стандартын хэмжээнээс давсан хаягдал усаа гаргадаг нөхөн төлбөрийн хэмжээг шатлан бууруулах тогтолцоог бий болгож байгаа. Тухайн аж ахуйн нэгж байгууллага  стандартын хэмжээнээс давсан хаягдал устай байж болно. Харин стандарт руугаа ойртох бүрт нөхөн төлбөр нь дагаад буурна. Мэдээж их бохирдол гаргадаг аж ахуйн нэгж шууд стандартын төвшинд хүргэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээнд үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх  цаг хугацаа, техник тоног төхөөрөмж хэрэгтэй.

Эдгээр боломжуудыг бий болгосноор энэхүү  хуулийн төсөл усыг бага бохирдуулж байгаа аж ахуйн нэгжид ээлтэй байх юм. Цаашлаад  бохирдлоо буулгах гэж байгаа үйлдэл болгоныг эдийн засгийн аргаар урамшуулах тогтолцоог бий болгосон. Өнгөрсөн хугацаанд хууль хэрэгжээгүйн улмаас ус бохирдуулсны төлбөр гэж авч байгаагүй. Харин  хаягдал усыг татан зайлуулах үйлчилгээний хөлс гэсэн төлбөрийг аж ахуйн нэгж байгуллагуудаас авдаг. Энэ нь ус бохирдуулсны төлбөрөөс тусдаа.

Ус бохирдуулсны төлбөр гэдэг нь усыг үйлдвэрлэл үйлчилгээндээ ашиглаад хаягдал усыг бохирдуулаад гаргаж байгаа үйлдэл дээр төлбөр ногдуулах үйл явц юм.

-Тухайлбал, “Оюутолгой” компани жилд хэдий хэмжээний ус бохирдуулдаг вэ. Говьд ус хамгийн тулгамдсан асуудал байдаг?

-Томоохон уул уурхайн компаниуд хаягдлын сантай байдаг. “Оюутолгой” дээр жишээ аваад ярихад хаягдлын сан нь нэвчилтгүй технологиор хийсэн. Хаягдлын сан дахь усаа эргүүлэн ашигладаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл үйлчилгээндээ ашиглаж  байгаа нийт усны 85  хувийг эргүүлэн ашигладаг. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5.2-т хаягдал усны бохирдуулагч бодисыг тооцох агууламж, тооцоолох арга аргачлалыг 2015 онд баталсан. Энэ журамд өөрчлөлт оруулна. Click To Tweet Тэр юу вэ гэхээр уул уурхайгаас хэрхэн яаж төлбөр авах гэдэг аргачлалыг одоо боловсруулж байгаа юм. Мэдээж энэ хууль батлагдсанаар эрх ашиг нь зөрчигдөх аж ахуйн нэгжүүд байгаа. Тэднийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсаны үндсэн дээр журам гарна.

-Малчдын малын тоо толгойгоос хамаарч, мөн газар тариалан эрхлэгчдээс төлбөр авна гэж анх оруулж ирсэн нь буцаагдсан. Яагаад ийм санал оруулж ирсэн бэ?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдаад 4,5 хууль хамт  явж байсан.Эдгээрийн нэг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Энэ хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан дээр хууль санаачлагчид нь буцаая гэсэн шийд гарсан. Мөн УИХ-ын  тогтоолоор Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах буюу малчид, газар тариаланчдаас ус ашигласны төлбөрийг маш бага хэмжээгээр авах санал буцаагдсан байгаа. Тэгэхээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 78 мянган аж ахуйн нэгжид хамааралтай. Click To Tweet2017  оны статистик мэдээллээр улсын хэмжээнд 155 мянга орчим бүртгэлтэй аж ахуйн нэгж байгаагийн 78  мянга орчим нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон мэдээ байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ