• Т.Төртогтох:Монголд бүтээгдсэн анхны хиймэл дагуулыг ивээн тэтгэх сонирхолтой хувийн хэвшлийнхнийг урьж байна

    Монгол улс анх удаагаа өөрийн хиймэл дагуулаа 2017 онд хөөргөсөн. Тэгвэл хоёр жилийн хугацаанд сансраас үйл ажиллагаагаа явуулсан “Мазаалай” хиймэл дагуул маань тавдугаар сарын сүүлээр агаар мандалд унаж дуусах юм. “Мазаалай”-н дараа яах бол?  “Мазаалай”  туршилтын зорилготой байсан. Харин үүний дараа бойжин, сансарт хөөрөхөөр хүлээгдэж буй “Тэмүүлэл” хиймэл дагуул бол шинжлэх ухааны судалгааны зориулалттай юм. Ийнхүү Монгол  Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болохуйц өөрсдийн хэрэглээний хиймэл дагуултай болоход нэг шат ойртож буй цаг үед  “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээсэн МУИС-ийн Физикийн тэнхимийн судлаач, инженер Т.Төртогтохтой ярилцлаа. 

    -Мазаалайн хиймэл дагуулыг гурван Монгол залуу Япон улсад суралцаж байхдаа хийсэн гэсэн, энэ талаар яриагаа эхлүүлье?

    -2015 онд намайг Японы Кюүшюүгийн технологийн институтэт суралцахаар очиж байхад “Мазаалай” хиймэл дагуулын төсөл хамт эхэлсэн. Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин бид  гурав суралцаж тэдний технологийг эзэмшингээ, “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээсэн.

    “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээсэн Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин, Т.Төртогтох нар

    Сансар огторгуйд өөрсдийн хийсэн хиймэл дагуултай болж, хэрэгцээгээ хэнээс ч хамааралгүйгээр хангахын тулд технологийг нь хамгийн эхлээд эзэмших ёстой. 2015 онд төсөл нь эхлээд, 2017 онд хөөргөсөн гэхээр нийтдээ хөгжүүлэлтийг нь хийхэд хоёр жилийн хугацаа зарцуулагдсан гэсэн үг л дээ.  Хөөргөснөөс хойш сансраас үйл ажиллагаа нь явагдаж дуусан, 2019 оны тавдугаар сарын сүүлийн 10 хоногт агаар мандалд орж унаж дуусна гэж тооцоолж байна. Click To Tweet

    Дэлхийг нэг удаа тойроход 80-90 минутыг зарцуулж, өдөрт нийт 15 удаа тойрдог. Click To Tweet

    -Мазаалай хиймэл дагуулыг хөөргөсөн нь бидэнд ямар ололт, амжилт  авчрав?

    -НАСА, JAXA зэрэг сансрын төвүүд бол улс төрийн байгууллага, технологиороо хоорондоо байнга өрсөлдөж байдаг. Танайх энэ технологийг ав гээд хэзээ ч зүгээр өгдөггүй.

    Бид өөрсдөө сансрын технологийг бий болгохгүй бол, өөрөө манайд орж ирэхгүй. Click To Tweet

    “Мазаалай” хиймэл дагуул бол шинжлэх ухааны туршилтын зориулалттай. Хэрэглээний хиймэл дагуул хийх хэмжээнд хүрэхийн тулд бид эхлээд өөрсдийн гэсэн технологитой болох шаардлагатай. Мазаалай хиймэл дагуул бол хиймэл дагуулын технологийг Монголдоо бий болгосон анхны алхам.

    -“Мазаалай”-н сансрын үйл ажиллагаа нь дуусч, агаар мандал руу ороод буучихлаа. Түүний дараа хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

    – “Мазаалай”-н дараа бид “Тэмүүлэл” төслөө эхлүүлээд явж байна.

    “Мазаалай” туршилтын зориулалттай байсан бол “Тэмүүлэл” хиймэл дагуул судалгааны зориулалттай байна.

    Дээр хэлсэнчлэн хэн ч бидэнд технологио өгөхгүй учраас бид өөрсдөө л хэрэглээний хиймэл дагуулын технологийг нь гаргаж авах хэрэгтэй.  Хэрэглээний хиймэл дагуулыг Монголдоо зохион бүтээхэд шаардлагатай технологийг гаргаж авах даалгаврыг “Тэмүүлэл” хиймэл дагуулаар гүйцэтгэх юм.

    “Тэмүүлэл” хиймэл дагуул дараах гурван даалгавартай байна.

    • Сансраас зураг дарна.
    • Алслагдсан газраас цаг уур, хөрс, орчны мэдээллийг цуглуулах
    • Өндөр хүчдэлийн хагас дамжуулагч төхөөрөмжийн сансрын цацрагт эвдрэх магадлалыг шалгах

    Бид сансраас дарсан зургаараа хот төлөвлөлт, ойн сангийн устал, тариалангийн гарц зэрэгт хяналт тавихуйц төвшний хэрэглээний хиймэл дагуулыг хийхэд зөвхөн технологит нь л гэхэд 5 сая ам.долларын төсөв шаардлагатай. Click To Tweet “Мазаалай”-гаас  хэрэглээний төвшин рүү шууд үсрэх боломжгүй.

    -“Тэмүүлэл” судалгааны хиймэл дагуулыг хэзээ хөөргөхөөр төлөвлөөд байна вэ, гол тулгамдаж байгаа ямар саад бэрхшээлт байна вэ?

    -2020 оны сүүлээр, эсвэл 2021 оны эхээр хөөргөхөөр төлөвлөөд байна. “Тэмүүлэл” нь “Мазаалай”-н адил 10смx10смx10см хэмжээтэй, жингийн хувьд ч 1.3 килограмм орчим байх учраас хөгжүүлэлт нь жилийн хугацаанд хийгдэнэ. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол санхүүгийн асуудал.

    -Улсын хэмжээнд хиймэл дагуул, сансар судлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэгдэж байна уу? Ер нь хиймэл дагуулын инженерийн эрэлт хэрэгцээ ирээдүйд хэрхэн өсөх вэ?

    -Одоогийн байдлаар Монгол улсад энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж эхлээгүй байна. Өмнө нь огт байгаагүй юмыг эхлүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Өнгөрсөн өвлөөс эхлээд хиймэл дагуулын чиглэлээр хөтөлбөрийг шинээр бий болгох шаардлагатай гэж үзэн бэлтгэл ажлаа хангаж, бакалаврын,магистрын ийм ийм хөтөлбөр байх ёстой гээд саналаа өгчихсөн байгаа. Шийдвэр гаргах төвшинд шийдэгдвэл хиймэл дагуулын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Click To Tweet

    Бүх төрлийн систем инженерчлэлийн төрлүүдийг өөртөө багтаасан байдаг учраас хиймэл дагуул хийгээд сурчихсан хүн гар утас, компьютер, автомашин гээд ямар ч систем дээр ажиллаж зохион бүтээх чадвартай байдаг.

    Нэгэнт сансар гэх даралт, температурын туйл болсон нөхцөлд ажилладаг хиймэл дагуулыг хийдэг болчихсон байхад дэлхий дээр ажилладаг төхөөрөмжийг ч хийж чаддаг болчихсон байна.

    -Мазаалай, Тэмүүллийн хэмжээг яагаад 10смx10смx10см хэмжээтэй байхаар зохион бүтээсэн юм бэ. Хэрэглээнийх биш судалгааны чиглэлийнх болохоор тогтсон хэмжээ нь ийм байдаг юм уу?

    10смx10смx10см хэмжээтэй, 1.2 килограмм жинтэй Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуул

    Санхүү мөнгөтэй холбоотойгоор хиймэл дагуулын хэмжээг жижиг хийхээс өөр аргагүй болдог. Одоогийн байдлаар нэг килограмм биетийг сансарт хөөргөх хамгийн хямд арга нь 35 000 ам.долларын өртөг бүхий Олон улсын сансрын станцыг хэрэглэх байна Click To Tweet. Тэгэхээр бидэнд үр ашгаа өгөхүйц хэрнээ хамгийн бага зардлаар сансарт хөөргөе гэвэл аль болох жижиг байлгах хэрэгтэй болж байгаа юм.  “Мазаалай” хиймэл дагуул гэхэд 1.2 килограмм жинтэй байх жишээний. Бид хиймэл дагуулаа хүссэн өндөртөө хөөргөж, хүссэн орбитдоо байршуулж, сансарт удаан байлгаж туршилт, судалгаагаа хийе  гэвэл Олон улсын сансрын станцаар биш пуужин ашиглах хэрэгтэй. Хиймэл дагуулаа хэдий чинээ өндөрт хөөргөнө, төдий чинээ хиймэл дагуулын амьдрах нас нь уртасч одоо хоёр жил ашиглаж байгаа бол дөрвөн жил ашиглах боломж бүрдэнэ. Олон улсын сансрын станц нь эдгээр боломжуудын хувьд хязгаарлагдмал байдаг учраас хямдхан байдаг.

    -“Тэмүүлэл” хиймэл дагуулын төсөв, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх боломжтой гэж харж байна вэ. “Мазаалай”-г хийхэд зарцуулагдсан 300 орчим сая төгрөгийн санхүүг хэрхэн босгосон вэ?

    -“Мазаалай” хиймэл дагуулын төсвийн талыг нь  МУИС болон хувь хүмүүсийн хандиваас бүрдүүлсэн бол,  үлдсэн 50 хувийг нь ОБЕГ, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (тухайн үед шадар сайд байсан)  шийдэж өгсөн.

    “Тэмүүлэл” төслийн төсвийг 170 мянга орчим ам.доллар байна гэж тооцоолж байна.  Хөгжиж буй улсуудыг дэмжих сонирхолтой, жижиг хэмжээний хиймэл дагуулыг сансарт үнэгүй хөөргөх шагналын сантай НҮБ, ОХУ-ын хиймэл дагуул хөөргөдөг компаниас зарласан тэмцээнд тус тус материалаа явуулчихсан байна. Гэхдээ тэдний хамгийн гол шалгуур нь хиймэл дагуул нь цагтаа хийгдсэн байх ёстой гэж байгаа. Тэгэхээр хөөргөлтөө хасаад үлдсэн зардал болох 110 000 ам.долларыг өөрсдөө гаргаж ёстой болж байгаа юм.

    “Тэмүүлэл” төслийн хувьд хувийн компаниудыг хөрөнгө оруулна гэж итгэж байна.

    Одоо туршигдаж байгаа технологи ирээдүйд бодит хэрээглний хиймэл дагуул дээр очоод бизнес болно гэж харах хэрэгтэй.

    Монгол улсын анхны хиймэл дагуулыг ивээн тэтгэсэн компани болох, цаашлаад “Тэмүүлэл” хиймэл дагуулыг компанийнхаа нэрэмжит болгож, маркетингдаа ашиглах,компанийэхаа логог “Тэмүүлэл” дээр бий болгож, уриа үгээ радио долгионоор цацуулах зэрэг маш олон боломж байгаа учраас хувийн компаниудыг хөрөнгө оруулагчаар гэж урьж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ