•  УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар Л.Өлзийсайханыг томиллоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. Иймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын саналын дагуу Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцсэн.

    Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн 80.4 хувиар дэмжив.

    Ингээд Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг гишүүдийн 88.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

    Л.Өлзийсайхан нь 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ