• ЖДҮ-чин, гурилчин, тариачин Х.Болорчулуун ХХАА-н байнгын хорооны дарга болох нь зөв үү

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгоно. Тэгвэл үүнийг зөв томилгоо биш гэх хүн олон байна. Учир нь Х.Болорчулуун өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компаниараа авчихсан.   Хамаарал бүхий компани гэдэг нь түүний үүсгэн байгуулж,өнөө ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг “Дорнод гурил” компани.

    Х.Болорчулуун дарга нь болж буй  БОХХААБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг нэр дэвшүүлэхээр ярьж байсан ч  тэрбээр мөн л ЖДҮ-чин учраас болохгүй гэсэн.  Б.Батзориг  ХХААХҮ-ийн сайд байхдаа ЖДҮ-г хуваарилан тараасан, цаашлаад өөрийн хамаарал бүхий компаниар ЖДҮ авсан нь ил болсон. Гэтэл  Х.Болорчулууныг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлэн дэмжиж байгаа хэрэг. Үүнийг нөгөө “лам олдохгүй бол буцахдаа зална” гэдгээр тайлбарлаж болох юм. Х.Болорчулуун өөрийн компаниар ЖДҮ авснаа зөвтгөн УИХ-ын Байнгын хорооны хурал дээр “УИХ-ын гишүүн зүй бусаар зээл авахад нөлөөлсөн үү гэдгийг шалгах ёстой. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар хэцүү байдгийг та мэдэх байх. “Дорнод гурил” компани анх удаа энэ сангаас зээл авсан” хэмээсэн юм.

    Улаан цайм хууль бус үйлдлээ зөвтгөх энэ мэт гишүүдийг МАНАН-гийн эсрэг тэмцлийг дэмжсэн гэсэн үндэслэлээр дарга болгоод байвал МАН-ын болоод УИХ, Засгийн газрын нэр хүнд шал руу л унах байх даа. Click To Tweet

    Х.Болорчулуун орон нутагт үйлдвэрлэл эрхлэхэд хүнд гэж тайлбарлаж буй ч үнэндээ тэр бол Улаанбаатар хотын төвд томоохон орон сууцнууд барьсаар буй нэгэн гэдэг. Ийм байтал ичих ч үгүй л худлаа ярих.

    Түүнчлэн  гурилын үйлдвэртэй,тариалангийн компанитай УИХ-ын гишүүнийг Байгаль орчин,хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тавьж байна гэдэг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Том салбарууд хариуцсан байнгын хорооны даргаар ашиг сонирхлын зөрчилтэй ийм нөхрийг томилж байгааг гайхаад ч баршгүй нь.

    Х.Болорчулуун мөн  УИХ дээр Оюутолгой хэмээн байнга попорч ирсэн ч тус компанийг шалгасан ажлын хэсгийн гишүүн мөртлөө хуралдаа огт суугаагүйг нь Д.Тэрбишдагва гишүүн хэлнэ лээ. Тэгэхээр Х.Болорчулуун хэмээх энэ ЖДҮ-чин, гурилчин, тариачин гишүүн попрохдоо хүртэл худлаа орилдог гэдгийг хангалттай харж байна биш үү.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ