• Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив

    2019-05-08

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан тул түүний оронд Л.Өлзийсайханыг томилох асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж,100 хувийн саналаар дэмжлээ.   Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил ажилласан бөгөөд үүнээс 8 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажилласан дадлага туршлагатай бөгөөд хуульд заасан шалгуурыг бүрэн хангаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон.

    Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ. Тэрбээр, 1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажиллаж байжээ. Мөн 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 онд ЗГХЭГ-т газрын даргаар тус тус ажиллаж байсан. Энэ оноос УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

    УИХ-ын Тамгын газрын даргын томилгоог маргааш буюу энэ сарын 09-нд болох чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ