Д.Тэрбишдагва:УИХ-ын гишүүдэд тараасан материалыг “Оюутолгой”-д өгсөн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой

2019-05-08

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн дүнг хэлэлцэх байсан ч хойшилсон. Учир нь Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тулгаж холбогдох материалыг тараасан тул “Танилцаж амжаагүй” гэх шалтгаанаар хойшлуулсан.  Анхаарал татаж байгаа өөр нэг зүйл нь тухайн асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө хөрөнгө оруулагч талд дүгнэлт бүр дээр саналаа бичиж хүргүүлсэн нь юм. Энэ тухай Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Мөнхбаяр өчигдөр хэлэхдээ “Өнгөрсөн баасан гаригт Эдийн засгийн байнгын хороон дарга албан бичгээр “Оюутолгой” компанид өгсөн” гэж хэлсэн. “Оюутолгой” компани нь ч Эдийн засгийн байнгын хорооноос албан бичиг ирсэн гэж мэдээлсэн бол байнгын хорооны дарга Д.Дамба-Очир албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн юм байхгүй гэх тайлбарыг өгсөн.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас дараахь асуултад хариулт авлаа.

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой  дүгнэлт нөгөө талд оччихлоо. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу хэлмээр байна?

-Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үү, эсвэл дарга нь уу гэдгийг би мэдэхгүй. Аливаа асуудлыг хэлэлцэхээс өмнө, байнгын хороон дээр яригдахаас өмнө УИХ-ын гишүүдэд тараагдсан материалыг өөр нэг байгууллагад өгсөн нь маш зохисгүй асуудал. Хууль хяналтын байгууллага энийг шалгах ёстой. Click To Tweet Яагаад гэвэл хэлэлцэх явцад аваад анализ хийх нь тухайн компанийн асуудал. Гэтэл урьдчилсан байдлаар тарааж өгөөд Эдийн засгийн байнгын хорооны хурал болохоос өмнө “Оюутолгой” компаниас УИХ-д бараг чиглэл өгсөн. Эндээс хэлэлцэх гэж байгаа асуудлыг урьдчилсан байдлаар өгч нөлөөлөх гэсэн ноцтой хардлага надад төрж байгаа Click To Tweet. Гэхдээ энийг хаанаас хэн яаж тараасан, ингэж болох уу үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага нь шийдэх байх. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд төрийн гурван өндөрлөгтөө, Эдийн засгийн байнгын хорооны даргад, байнгын хорооны гишүүдэд хураангуйгаар нь материалаа өгсөн. Хэлэлцэхээс өмнө нөлөөлөх гэсэн байдлаар орж ирж байгаад харамсаж байна. Өнөөдрийн зарим хэвлэл мэдээллээс харж байхад бидний гаргасан санал дүгнэлтээс ишлэл  авсан байна лээ. Хэлэлцэх ёстой асуудал  мөн үү гэвэл  мөн. Харин урьдчилж тараагаад шалгуулсан байгууллагынх нь нөхдүүд бидэнд дүгнэлт өгөөд байгаа нь зохимжгүй юм. Бидний гаргасан тайлан нууцлалын зэрэгтэй тайлан биш.

-Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүн нь та. Гэтэл хөрөнгө оруулагч талд дүгнэлт очоогүй байгааг мэдээгүй нь хариуцлагагүй асуудал биш үү?

-Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд материал “Оюутолгой” компанид өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Би яахлаараа хариуцлага хүлээх ёстой билээ. Хүчээр надад хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол бүтэхгүй шүү. Намайг хэтэрхий чанга шалгасан гэж нэг хэсэг нь шахаж байгаа бол нөгөө хэсэг нь муу шалгасан гэж шахаж байгаа. 2008 оноос хойш “Оюутолгой”-н талаар ямар ч өөрчлөлтгүйгээр шударга ажиллаж байгаа. Шадар сайд байхдаа гурван сайдыг толгойлж, өөрөө Засгийн газрын гишүүн байхдаа шалгасан хүн.

-“Оюутолгой” компаниас гаргасан мэдэгдэлд Эдийн засгийн байнгын  хорооны даргаас бичиг ирсэн гэж мэдээлсэн. Энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны даргатай уулзсан уу?

-Эдийн засгийн байнгын хорооны даргын ахлах зөвлөх Мөнхбаяр гэж хүн өчигдөр өнгөрсөн баасан гаригт Эдийн засгийн байнгын хорооны дарга албан бичгээр “Оюутолгой” компанид өгсөн гэж хэлсэн. “Оюутолгой” компани нь ч Эдийн засгийн байнгын хорооноос албан бичиг ирсэн гэж мэдээлсэн. Яг өөрөөс нь сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна.

-Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр үр дүн гарах уу?

-Хоёр талаас дүгнэлт гарсан. Хоёр тийшээ хараад суухгүй нь ойлгомжтой. Дүгнэлт, санал зөвлөмжөө гаргачихсан. Одоо Эдийн засгийн байнгын хороо юм уу УИХ-аар тогтоолын төсөл гарна. Энэ эцсийн шийдвэр байх юм. Өөрөөр хэлбэл, бидний санал дүгнэлтээс юуг нь оруулах вэ, хатууруулах уу зөөлрүүлэх үү гэдэг тогтоол гарна. Тодорохой хэмжээнд хөрөнгө оруулчихсан татвар төлж байгаа байгууллага юм чинь үүнийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Ямар тогтоол шийдвэр гарахыг сайн хэлж мэдэхгүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ