• Харвардын профессор Такэучи Хиротака МУИС-ийн урилгаар Монголд зочилж, гурван өдөр лекц уншина

    АНУ-ын Харвардын Бизнесийн сургуулийн профессор, дэлхийн хэмжээний корпорациудын бизнес зөвлөх Такэучи Хиротака МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнууд, төр болон бизнесийн байгууллагын төлөөллүүдэд зориулан лекц уншиж байна. Тэрбээр Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд өмнө нь долоон жилийн өмнө ирэхдээ мөн адил МУИС-д  уригдан, лекц уншиж байжээ.

    Энэхүү арга хэмжээг  МУИС-ийн эрдмийн хамт олон сургалт, судалгааны чанараа дээшлүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх,  үйлдвэрлэх, инноваци болгох чиг үүрэг, цаашлаад дэлхийд өрсөлдөх эрдэмтэн багш, оюутнуудыг бэлтгэн гаргах зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

    Такэучи Хиротака нь 1976-1982 онд Харвардын Бизнесийн сургуулийн туслах профессор, 1983-1997 онд Токиогийн Хитоцубаши их сургуульд дэд профессор, профессор, 1998-2010 онд Токиогийн Хитоцубаши их сургуульд Олон улсын байгууллагын стратегийн (ICS) Ахисан түвшний сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2010 оноос Харвардын Бизнесийн сургуулийн Менежментийн профессороор ажиллаж байна.

    Профессор Такэучигийн бүтээлээс.

    Профессор Такэучи “Шилдэг туршлагын хувьсгал” бүтээлийг бие даан туурвисны зэрэгцээ  бусадтай хамтран “Корпорацийн өөрийн инноваци: Эмх цэгцгүй байдал ба зохион байгуулалтыг удирдах нь”, “Ялгаварт байдлыг удирдах нь: Глобал менежментийн зам мөр”, “Мэдлэг бүтээгч компани” (Уг бүтээл нь Америкийн хэвлэлүүдийн холбооны Бизнес ба менежментийн салбарын 1995 оны “Шилдэг шинэ ном” шагналыг хүртсэн), “Япон өрсөлдөх чадамжтай юу?”, “Мэдлэгийн менежмент дэх Хитоцубаши”, “Тоёотaгийн гайхамшиг”, “Ухаалаг компани” зэрэг бүтээлийг бусад зохиолчидтой хамтран бичжээ.

    Түүний хувьд үндэстэн дамнасан корпорациудад менежмент, маркетинг, санхүү, бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт менежментийн хурал, семинарт тогтмол оролцож илтгэл хэлэлцүүлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Япон эрдэмтэн юм.

    Профессор Такэучи Хиротака нь нийт гурван өдрийн цуврал лекцийг уншина. Эхний өдрийн лекцийг МУИС-ийн багш нарт зориулан “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр явуулсан бол өнөөдөр бизнесийн байгууллагын төлөөллүүдэд  “Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар: салбарын өрсөлдөөн, стратеги, байршил” сэдвээр бодит байдалд тулгуурласан лекц, хэлэлцүүлгийг өрнүүлэв.  БСШУСЯ болон харьяа байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд рүү чиглэсэн “Мэдлэгийн менежмент” сэдэвт сургалт нь маргааш буюу тавдугаар сарын 8-нд явагдах юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ