• УИХ-ын гишүүн Л.Болдын саналыг байнгын хороо залруулж, Т.Чимгээ,Б.Содномдаржаа нарыг хуулийн хүрээнд суллахаар болов

    2019-05-08

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дугаар илтгэлийг сонслоо. Энэ үеэр С.Зориг агсны амь насыг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн талаар гишүүд санал хэллээ.

    УИХ-ын гишүүн Л.Болд “Хүний эрхийн комиссын эрх үүргийг нэмэх  шаардлагатай. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Бидэнд хэлээгүй. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах хэрэгтэй” гэсэн  бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Монгол Улсын гурван иргэн хилс хэргээр ял хүлээж, хоригдож байгаа. Эрүүдэн шүүсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, прокурор хяналт тавьж ажиллаж байна. Одоо болтол тэднийг цагдан хориогүй байна. Б.Хурц өчигдөр хорих ангиас суллагдах гээд хөөцөлдөж яваа сураг байна. Тэр Ц.Элбэгдорж гэдэг нөхөр эрүүдэн шүүх ажилд оролцсон, зохион байгуулсан шүү” хэмээлээ.

    УИХ-ын гишүүн Л.Болд Хууль хяналтын байгууллагаас  хууль зөрчиж, гэмт хэрэг тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул иргэн  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй  суллах арга хэмжээ авах тухай  саналыг оруулсан. Уг томъёоллоор санал хураалт явуулахад 42,9 хувиар дэмжигдсэн ч  байнгын хорооны гишүүд хүчингүй болгохыг шаардав.

    Учир нь байнгын хорооноос хэн нэгнийг суллах, барих тухай арга хэмжээг Засгийн газарт чиглэл өгч болохгүй гэсэн юм. Энэ талаар  УИХ-ын Ц.Мөнх-Оргил байнгын хорооноос хэнийг ч суллах чиглэл өгч болохгүй. Байнгын хорооноос ямар чиглэл Засгийн газарт өгч болох вэ гэхээр прокурор, шүүхийн байгууллагад асуудлаа хурдан ном журмаар нь шийд. Шүүх нь шийдвэрээ гарга гэсэн чиглэл өгнө үү гэхээс биш хэн нэгнийг сулла, хорь гэсэн чиглэл өгч болохгүй. Санааг нь дэмжиж байна. Болд гишүүн саналаа өөрчилж оруулж ир гэлээ.

    Ц.Нямдорж: Эмэгтэй гишүүдээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийг хамгаалах  талаар  дуугарсан хүн байхгүй

    Хууль зүйн сайд Ц.Нямдорж:

    Асар их хүндрэл учирч байгаа шүү. Шаардсан материалыг гаргаж өгөхгүй байх  тохиолдол өдөр болгон гарч байгаа. Дургүйд хүчгүй гэдэг зүйл болж байх шиг байна. Энэ бол зүгээр нэг асуудал биш шүү. 1937 оны үйл явдлыг Монголын төр таслан зогсоож чадах уу гүү юу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн талаар их дуугардаг юм билээ. Энэ хэрэг дээр эмэгтэй гишүүдээс хэн дуугарсан юм. Таг. Хурдан шийдчих асуудал дээр худлаа цаг алдаад байгаа шүү. Нэг жил 5 сар энэ хэрэг дээр ажилласан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн.

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Эрүүдэн шүүх шүүхдээ хамгийн харгис хэрцгийгээр шүүсэн. 2015 оны гуравдугаар сард айлын хашаанд цогцос аваачиж хаясан. Энэ харгис эрүүдэн шүүлт мөн. Одоо юу яриад цаг аваад байгаа юм. Дөрвөн жил өнгөрчихлөө.

    Хүсвэл нэг өдрийн ажил. Саармагжуулах гэсэн арга тасралтгүй л явагдаж байна. Ерөнхий шүүгчдээ яагаад томилохгүй байгаа юм. Энэ Монгол Улсад төр гэж байна уу. ХЭҮК-ийнхон одоо дуугарсан шиг дугарах хэрэгтэй ш дээ. Үүдэнд нь очоод хэвтчихээ гэж би та нарт хэлж л байсан. Сүүлийн 70 жилийн хугацаанд би ийм зүйлийг сонсоогүй. Тэрнээс өмнөхийг нь би мэдэхгүй. Материалаа нуугаал, жүжиг тавиал. Энэ байдлаа болих хэрэгтэй ш дээ.

    Үүний дараа УИХ-ын  гишүүн Л.Болд саналаа татаж, шинэ томъёоллоор “Эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул ял эдэлж буй зарим иргэдийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал оруулж ирсэн. Уг саналыг Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 86,7 хувийн саналаар дэмжсэн. Мөн ХЭҮК-ийн 18 дахь тайлан илтгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг 93,3 хувийн саналаар дэмжлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ