Б.Амгаланбаяр:Тарваганы түүхий элэг,бөөр биед сайн гэдгийг шинжлэх ухааны салбар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

Монгол улсын нутаг дэвсгэрийн 17.3 хувь нь тарваган тахлын байгалийн голомттойд тооцогддог. Эрт үеэс л тарваган тахлын талаарх ойлголттой байсан ард түмний хувьд яагаад энэхүү өвчлөлөөр халдварлаж, амь эрсдэх тохиолдлууд гарсаар байна вэ?

Тарваган тахал өвчин, түүний голомтын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны төвийн албаны дарга, судлаач эмч Б.Амгаланбаяртай ярилцлаа.

-Тарваган тахал өвчин баруун аймагт гарлаа. Тарваган тахлын голомттой гэдэг нь тогтоогдсон байсан уу, эсвэл шинээр голомт илэрсэн тохиолдол уу?

– Монгол улсын хувьд мал, амьтны тоо нь хүн амын тооноос хэд дахин их, зоонозын халдварт өвчний эрсдэлтэй бүс нутагт багтдаг. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 17.3 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой буюу тарваганыхаа дунд тахлын халдвар нь байнга идэвхитэй байж байдаг. Сүүлийн жилүүдэд 10 орчим шижигтэй дуудлага ирснээс жилд дунджаар тарваган тахлын нэг тохиолдол батлагдаж байна.

Баян-Өлгий аймгийн хувьд 2009 онд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж байсан. Увс аймгийн хувьд сүүлийн жилүүдэд намжмал байдалтай байсан. Байгалийн голомттой гэдгийг мэдсээр байж тарваганы түүхий эд эрхтхийг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, биед сайн гэсэн ам дамжсан яриагаар идэж, хэрэглэх нь муйхар зан. Click To Tweet  Иргэдийн дунд зэрлэг ан амьтдын түүхий эд эрхтэнийг залгих, цусыг нь уух эрсдэлтэй зан үйлүүд байсаар байгаа учраас тарваган тахал гарахгүй гэсэн үндэслэл байхгүй.

-Танай төв сүүлийн үед тарваган тахал өвчний талаар хэзээ ямар судалгаанууд хийсэн бэ?

-Хамгийн сүүлд гэвэл Баян-Өлгий аймгийн, Ногоон нуур сумын Цагаан нуур тосгон, түүний ойролцоох хил орчмын бүс нутагт ОХУ-тай хамтарсан тандалт, судалгааг 2017-2018 онуудад хийж гүйцэтгэсэн. Энэхүү тандалт судалгаагаар байгалийн голомт маш өндөр, хүн халдварлах эрсдэл өндөр байгаа нь тогтоогдсон. Өөрсдийгөө хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар иргэдэд мэдээлсээр байхад л ийм тохиолдлууд гарч байгаа нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. “Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг бий. Одоо үед бол үгүй шүү.

Эрүүл мэндийн салбарын хөгжил эрчимтэй хөгжсөн судалгаа, шинжилгээ ихээр хийгдэх болсон одоо үед бол иргэд урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн боловсролтой байснаар өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой.

-Тарваган тахлын шинжилгээний ангиуд хөдөөгүүр ер нь их явдаг уу. Одоо тэгэж  явахаа больсон уу, эсвэл технологи хөгжөөд заавал явж голомтод шинжлэх шаардлагагүй болсон уу?

-Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 1931 онд анх Тарваган тахлыг судлах товчоо гэсэн нэртэйгээр байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш зоонозын бүх төрлийн өвчнийг байгалийн голомт дээр нь буюу мал амьтдын дунд судалж, эрсдэлийг тогтоох чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн яамны харъяа 16 салбар бүхий үндэсний төв үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо бид  тандалт, судалгааны ажлуудыг улирал болгонд зохион байгуулж, байгалийн голомтыг тодорхойлж, иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Зуны улиралд эрсдэлтэй бүх цэгүүдэд хяналт хийх, лабораторийн шинжилгээ хийж, байгалийн голомтын эрсдэлийг тогтоож, эрсдэлт бүлгийн хүн амд тахлаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах, дархлаажуулалтад хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.

-Ер нь тарваган тахлын голомт,эсвэл тийм өвчин гарах эрсдэлтэйг яаж шинжилж мэддэг вэ?

-Тарваган тахлын голомт байж болох газар дээрээс дээж авч, лабораторийн шинжилгээ хийснээр тогтоодог.

-Голомт,өвчлөл,эрсдэлтэй бүсийн талаарх хүмүүсийн мэдлэг,мэдээлэл, ойлголт муу байгаагаас тахлаар хүмүүс өвчлөөд,нас бараад байна гэж ойлгож болох уу?

-Тарваган тахлын халдвар авсан тохиолдлууд бол хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. 2015 оны БОАЖЯ-ны  сайдын тушаалаар жилийн бүх улиралд тарвага агнахын хориглосон байхад л иргэдийн дунд тарвага агнах, хууль бусаар худалдаалах, тээвэрлэх байдал буурахгүй байна. Үүнд орон нутгуудад хууль хүчний хяналтын байгууллагуудаас хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иргэд маань өөрийнхөө амь насаар дэнжин тавин, олон нийтэд аюул учруулж, мэдээ мэдээллийг үл тоон эрсдэлт зан үйлүүдийг хийсээр байгаа нь муйхар зан шүү дээ.

Тарваган тахал бол  маш өндөр зардал, өртөгтэй, цогц хариу арга хэмжээг шаарддаг өвчлөл юм. Тарваган тахлын ноцтой дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэг, хил болон худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг хаах, аялал жуулчлалын хувьд бүгд зогсонги байдалд ордог учраас эдийн засгийн хувьд маш их хохиролтой.Ер нь тахал байж болзошгүй тохиолдол илрэхэд мэргэжлийн бүх байгууллагууд нэгдэж, өндөр зохион байгуулалтан дор ажилласны дүнд хүнээс хүн халдуулахгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлдэг.

Тарваган тахал гэдэг өвчлөлийг мэдэхгүй, сонсоогүй Монгол хүн гэж бараг байхгүй гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд тарваган тахлын өвчлөл маш эрсдэлтэй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Мэдсээр байж энийг идчихвэл сайн юм байх даа гэсэн ямар ч шинжлэх ухаанд суурилаагүй, муйхар үйлдлийг хийсээр байна. Бидний хувьд иргэд тарваган тахал гэж юу байдгийг тэртэй тэргүй мэдэх юм чинь гээд зогсохгүй, нийт хүн амд сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллийн бүх сувгаар хүргэхийг хичээж ажиллаж байна.

-Хүн амыг тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үүргийг хэн хүлээдэг вэ?

-Зоонозын өвчин судлалын үндэсний төв үүнд голлох үүрэгтэй. Гэхдээ ер нь хүн эрүүл байх, эрүүл мэндийн боловчролтой байх асуудал бол ганцхан Зоонозын өвчин судлалын төв, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны дүнд бий болох зүйл биш. Олон нийтийн идэвхи оролцоо, бусад байгууллагуудын хамтын ажиллагааны дүнд бий болно. Иргэн өөрөө эрүүл байхын тулд эрүүл мэндийн боловсролтой байх үүргээ ухамсарлах ёстой.

Эрсдэлт голомтот амьдран, оршин суудаг нийт 30 000 орчим иргэнд тарваган тахлын дархлаажуулалтыг хийдэг.Улс даяар тарваган тахлын дархлаажуулалт жил бүрийн долдугаар сарын 10-наас эхэлдэг. Click To Tweet

-Тарваган тахлаар өвчилсөн өвчтөн эмчлэгдэх боломж ер нь бий юу?

-Эмчлэгдэх боломжтой боловч халдвар авсан тохиолдолд иргэд маань хууль бусаар агнасан, худалдаж авсан зэрэг хуулийн хариуцлага хүлээх учраас тарвагатай харьцсанаа нууцалдаг. Ингэж нууцалснаар маш их цаг хугацаа алдаад байна. Мөн өөрөө гэрээрээ оншлох, эмчлэх оролдлого хийж, эмнэлэгт очохоосоо зайлсхийдэг. Хэрвээ тарваган тахлын эрсдэлт нөхцөлд орсон даруйдаа эмнэлгийн байгууллагат хандан,эмчилгээг цаг тухай бүрт нь эхэлбэл тарваган тахал өвчин бол эмчлэгддэг өвчин.

Тарвагатай харьцсан, хөдөө орон нутагт зорчиж байх явцад дараа халуурах, дотор муухайрах, бие эвгүйргэх, бөөлжих, булчирхай цочих шинж тэмдгүүд илэрвэл:

  • Нэгдүгээрт, өөрийгөө гэр бүлийнхэн, ойр орчноосоо бүрэн тусгаарлах хэрэгтэй.
  • Хоёрдугаарт, эмнэлгийн үйлчилгээ авч байгаа хүмүүсийг, эмнэлэгт ажиллагсдыг эрсдэлд оруулах учраас эмнэлгийн байгууллагад үнэнээ хэлж, дуудах нь хамгийн зөв арга.

-Тарваган тахлын өвчлөл хүнийг яагаад маш богино хугацаанд үхэлд хүргэдэг вэ?

-Тарваган тахлын нян биед оронгуутаа маш хурдацтай үржиж,тархаж,  бие махбодийн ашигтай бичил биетэн, бүх эрхтэн системийг үйл ажиллагааг доголдуулж, зогсоосноор нас баралтад хүргэдэг.

Азаар ч гэх юмуу эрүүл тарвага таараад,түүхий бөөр, элгийг идвэл хүний эрүүл мэндэд үнэхээр ач тустай юм уу?

-Энэ бол шинжлэх ухаанаар хэзээ ч нотлогдоогүй зүйл.

Тарваган тахлын нян өөрөө хэзээ ч хүний нүдэнд ил харагддаггүй, хэдэн мянга дахин микроскопоор өсгөж байж харагддаг бичил биетэн байдаг. Тийм учраас тахлаар өвчилсөн тарвагыг эрүүл тарваганаас нь нүдээр ялгах ямар ч боломжгүй.

Дэлхий дээр мал, амьтнаас халдварладаг нийт 200-300 төрлийн халдварт өвчин бий. Ганц тарваганы түүхий махыг идсэнээр зөвхөн тарваган тахал гэлтгүй маш олон өвчлөлийн халдвар авах, бусдад халдаах эрсдэл үүсч байдаг учраас мал, амьтны түүхий махыг идсэнээр биед сайн гэдгийг шинжлэх ухааны салбарт хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Дээр үеэсээ л монголчууд тарваганы түүхий эд эрхтнийг эмчилгээний зориулалтаар иддэг бсан уу.Эсвэл сүүлийн үед л иддэг болсон уу?

-Миний мэдэхээр тарвагыг агнах нь монголчуудын дунд эрт дээр үеэс хойш байсан. 1300-аад оны үед дайн байлдааны үед тарваган тахлыг бактереологийн зэвсэг болгон ашигладаг байсан. Тахлаар өвдсөн нэгийгээ дайсны хэрэм цайз руу оруулаад, дайсны цэргүүдийг бүгдийг нь халдварлуулж үхэлд хүргэж байсан түүхүүд байдаг. Click To Tweet Тэгэхээр монголчуудын хувьд эрт дээр үеэс л тарваган тахал өвчлөлийн талаар, яавал халдварладаг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бүх л зүйлсийг мэддэг байсан байгаа юм. Үүнийгээ дагаад тарвагыг агнах, хоол хүнсэндээ тодорхой хэмжээгээр хэрэглэх явдлууд байсан.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ