Авлига авсан МХЕГ-ын байцаагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Аззаяагаас гадна Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Авлига өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ.

2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр АТГ-т шалгагдсан.

Тэр үед Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсоноор прокурор яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэргийг нь шилжүүлсэн байна.

Уг хэрэгт нийтдээ 25 хүн нэр холбогдож, шүүхээр хэрэг нь оржээ. Ингээд Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нар шүүхээр шүүлгэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ