Хог хаягдлын менежмэнтийг сайжруулах агуулгатай хурлуудын үр дүнг нэхэв

2019-05-07

Манай улсад нэг жилд 3 сая орчим тонн,  нийслэлийн хэмжээнд 1,4 сая хог хаягдал гарч байгаа. Бид энэ тоог  мэднэ. Өнгөрсөн 10 гаруй  жилийн хугацаанд дээрх тоог хэрхэн багасгаж, хогны менежмэнтээ яаж сайжруулах вэ гэ гэдэг асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд ярьж хэлэлцэж иржээ. Өнөөдөр ч мөн адил БОАЖЯ-наас “Хог хаягдлын менежмэнт” үндэсний форумыг зохион байгуулж,  гарц гаргалгаагаа хэлэлцэв. Хэлэлцүүлгээр хог хаягдлын асуудлаа шийдэхэд тулгамдаж буй саад бэрхшээлийг нөгөө л уялдаа холбоо байхгүй, хөрөнгө санхүүжилт дутмаг байгаатай холбон тайлбарласан. Эдгээр шалтгааныг 2,3 жилийн өмнө  түүнээс ч өмнө ярьж л байсан.

Ярьж өнгөрөх бүрт улсын хэмжээнд хог хаягдал жил бүр 253 мянган тонноор, нийслэлийн хэмжээнд 135 мянган тонноор нэмэгдэж иржээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн 390 цэгт 3,4 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 151 мянган тонн хог хаягдал хаягдаж, 22 мянган  га талбайг бохирдуулстан байна. Түүнчлэн нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээгээр дэлхийн улс орнуудаас 12-т орсон байх  юм.

Монгол Улсын өнөөгийн хог хаягдлынхаа 90 хувийг  дарж булшлах аргаар  шийдэж байгаа. Харин олон жилийн турш уйгагүй ярьж  ч ирсэн бүрэн шийдэж чадахгүй байгаа дахин ашиглах, боловсруулах  гэх мэт аргууд үлдсэн хувийг эзэлж байгаа юм.Өөрөөр хэлбэл,  нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой бол үүний 10  хүрэхгүй хувийг л цуглуулж, дахин боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар улсын данстай дахин боловсруулах үйлдвэр  нэг ч байхгүй байгаа. Нарангийн энгэрт 3,2 сая ам.долларын  санхүүжилтээр  барьсан, хатуу хог хаягдлаас шахмал түлш гаргаж авах үйлдвэр өнгөрсөн жил шатчихсан.

Харин аж ахуйн нэгжүүдийн 23 орчим  дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал “Төрөөс шалтгаалж байгаа асуудлууд нь  хог хаягдлын менежмэнтийг шийдэхэд саад болж байна. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн санаачлагаар үйлдвэр байгуулах газраа олоод үйлдвэрээ барьсан.  Хөнгөлөлт дэмжлэг гэж  алга.

Хувийн хэвшлийнхэнд хөрөнгө, мөнгийг нь шийдээд өгчихбөл хог хаягдлын асуудлыг шийдэх боломж бүрэн байна.

Төр засгийн бодит дэмжлэг хэрэгтэй байна. Тэгсэн атлаа бүх юмаа ногооруулна гэж яриад байгаа.  Бодитой болгох хэрэгтэй. Хог хаягдлын менежмэнтийг сайжруулна гэж хэдэн ч удаа хурал хийдэг юм. Ямар ч ахиц дэвшил алга” хэмээн шүүмжлэлтэй хандсан.

Хог хаягдлаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа сайн жишгийг харуулсан олон аж ахуйн нэгж байгууллага бий. Үүний нэг нь үндэсний үйлдвэрлэгч  “Мах маркет” компани. Тус компани хаягдал өөх, тосоор лаа, гарын саван зэргийг  зах зээлд нийлүүлэхээр үйлдвэрлэж эхэлсэн байна.

“Мах маркет” компанийн хаягдал өөх, тосоор хийсэн бүтээгдэхүүн

Харин “Оюутолгой” компанийн тухайд өнгөрсөн онд уурхайн талбайд үүссэн нийт хогийн 49 хувийг дахин ашиглаж, боловсруулсан байна.  Тухайлбал, хаягдал хоол хүнсийг нь “Экоминерал” ХХК дахин ашиглаж бордоо хийсэн бол, хуванцар савын 60 гаруй хувийг  “Ханбогд вейст менежмент” ХХК дахин боловсруулж хуванцар хийц хийжээ. Гэх мэтчилэн тус компани аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг байна. Харин  аюултай хог хаягдлаа тусгай зориулалтын талбайд хагалдаг гэх мэдээллийг тус компанийн Байгаль орчны мэргэжилтэн Б.Ууганбаяр хэлсэн.

“Оюутолгой” компанийн гал тогооноос гардаг хаягдал тосоор “Сайн” барааны саван хийжээ.

 

Хог хаягдлыг ангилан ялгадаг болсон ч бас л учир дутагдалтай байгаа. Хэдэн хогийн сав  байршуулаад ангилж ялгаж байгаа ч эцсийн дүндээ боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас хогийн цэг дээр л очиж байгаа.

Тиймээс ангилан ялгалтын хамгийн үр дүнтэй арга нь дахивар нөөцийн цэгийн тоог нийслэлд  нэмэгдүүлэх.  Өөрөөр хэлбэл, дахивар нөөцийн цэгийн тоог  нэмээд ялгасан хогийг нь мөнгөөр худалдаад авч эхэлбэл иргэд хүссэн хүсээгүй хогоо ангилаад эхэлнэ. Одоогоор нийслэлд 200 орчим цэг байгаа ч зөвшөөрлийг нь өгөөгүй байгаа юм байна. Хог хаягдлын хуулийн дагуу дахивар нөөц авах цэгийг хуульчлана гэж заасан байдаг ч ИТХ батлаагүй саармаг  байдалтай байгаа ажээ. Д.Батжаргал гуайн хэлснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн мөнгөөр иргэдийн ангилсан хогийг худалдаж авах 100 цэг нэмж байгуулах зөвшөөрлийг гурван жил хөөцөлдөж байгаа ч өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй гэсэн.

Н.ЦЭРЭНБАТ:ГУРАВХАН САЯ ХҮНТЭЙ УЛС БАЙЖ ХОГНЫ МЕНЕЖМЭНТЭЭ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛООД БАЙНА 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Санхүүг нь шийдэж чадаагүйгээс  хог хаягдлынхаа асуудлыг  шийдэж чадахгүй байна. 2017 онд Хог хаягдлын тухай хуулийг баталж нэг шат ахисан. Одоо төр, хувийн хэвшил хамтдаа цогцоор нь шийдэх ёстой болжээ. Санхүүжилтийн хүндрэлийг даван туулахын тулд Эко төлбөрийн тухай хуулийг санаачлан боловсруулж байгаа. Энэ хуулиар цугласан төлбөрийг 60 хувийг хог хаягдлыг дахин боловсруулдаг аж ахуйн нэгжид татаас байдлаар өгөхгүй бол гуравхан сая хүн амтай манай улсад цаашдаа хогны менежмэнтийг шийдэхэд хэцүү болоод байна” гэсэн юм. Мөн тэрээр, одоо байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлаад  хувийн хэвшлийн пластик, шилэн хог хаягдал  дахин боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд дэмжиж ашиглалтад оруулна. Харин ерөнхий хог хаягдлын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн концессийн шугамаар хоёр төсөл яригдаж байгаа гэх мэдээллийг өгсөн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ