Малчдаас иргэдэд ченжүүдийн шат дамжлагаар хүрч байгаагаас мах үнэтэй байна гэв 

2019-05-06

Манай улс 60 сая гаруй толгой малтай хэрнээ махныхаа үнийг барьж дийлэхгүй байна гэлцдэг. Махны үнэ өсч буйн шалтгааныг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй холбон тайлбарлах нь ч бий. Тэгвэл ченжүүд оролцож, малчдаас иргэдэд хүрэх шат дамжлага их байгаа нь махны үнэ өсөх  шалтгаан болж байгааг ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр зохион байгуулсан “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлэгийн үеэр онцлон хэлсэн.

Үнийг бууруулах ганц шийдэл нь малчдаас иргэдэд хүрэх шат дамжлагыг багасгах гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Өөрөөр хэлбэл, малчид үйлдвэрт нийлүүлж, үйлдвэрээс хэрэглэгчдэд  шууд  хүргэнэ.  Харин иргэн өөрөө хувийнхаа хэрэгцээнд гар аргаар нядлаад хэрэглэж болох техникийн зохицуулалтыг  тун удахгүй салбар яамнаас Засгийн газраар батлуулах ажээ.  Өөрөөр, одоо өсч буй махны үнэд хяналт тавих боломж байхгүй юм байна.

Дээрх техникийн зохицуулалт батлагдвал Хүчит шонхор, Дэнжийн мянга зэрэг захад өөрчлөлт орно гэдгийг албаны хүн хэлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Бид 30 жилийн өмнөөс урьд өмнө хүнс бэлтгэдэг, боловсруулдаг, худалдаалдаг байсан тогтолцоогоо өөрчилж, зах зээлийн тогтолцоо руу шилжсэнээр хүн бүр, өрх бүр үйлдвэрлэгч гэсэн ойлголт түгэн дэлгэрч, үүнтэй зэрэгцэн хүн бүр өөрсдийн дур дураар хүнс үйлдвэрлэгч, хүнс импортлогч, худалдаалагч болж хувирчээ. Салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын ажилчид, хүнсний сүлжээний оролцогчдоос гарсан саналуудад үндэслэн хууль эрх зүйн орчныг шинэчлэх, дэлхийн хөгжилтэй улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон асуудлын шийдвэрийг төрийн бүх л түвшинд гаргасан боловч үр дүн сайн гарахгүй байна” гэсэн.

Түүнчлэн махны төрлийн үйлдвэрийг цогцоор нь шийдэж чадахгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилсэн. Эмээлт, Налайх зэрэг газарт зөвхөн мал нядалгааны төвийг бий болгосон нь арьс шир, дэл сүүл гэх мэт бусад дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж байгаа нэг шалтгаан  юм. Нөгөө талаас эрүүл ахуйн шаардлага хангахгүй  мал нядалгааны газрууд олон  байдаг нь эрүүл  мэндэд эсрдэл учруулах хэмжээнд хүрсэн.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар  хоол, хүнснээс шалтгаалан хордлого  авсан  337  өвчилсөн нь  хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх, хяналт хийдэг арга барилыг өөрчлөх, хууль эрх зүйн орчны гажуудлыг засах шаардлагатай байгааг илтгэж байна. Тухайлбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт шалгалтыг оны эхэнд заавал хийх ёстой гэж зарлаж, тогтсон хугацаанд шалгалт хийхээр хуульчилсан  нь мэргэжлийн хяналтынхны шалгалт ямар ч үр дүнгүй болдог байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид төлөвлөсөн шалгалтад нийцүүлж, стандарт шаардлагыг баримталж, бусад үед стандарт бусаар явуулах эрсдэл байсаар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар  нийслэлийн иргэдийн худалдан авалтаа хийдэг томоохон захуудын нэг “Хүчит шонхор” зах дээр:

  • адууны мах бөөний үнэ-7000-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ-8700-9000 төгрөг,
  • үхрийн мах бөөний үнэ-7500-8500 төгрөг жижиглэнгийн үнэ-9500-13000 төгрөгийн үнэтэй,
  • ямааны мах бөөний үнэ-6000-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ нь-7800-9000,
  • хонины мах бөөний үнэ-6800-7800 төгрөг, жижиглэнгийн үнэ-8000-9200 төгрөгийн ханштай байна.

Харин Баянзүрх дүүргийн Амгалан захад үхрийн шинэ мах ястай яамгүйгээс хамаарч 10000-13000,  хонь 9000-10000 төгрөгийн ханштай байна.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар Хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувь, ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Махны үнийг тогтворжуулах  зорилгоор жил бүрийн хавар нөөцийн махыг худалдаанд гаргадаг.  Гэвч энэ жилийн хувьд нөөцийн мах оройтож хэрэглэгчдэд хүрэхийн зэрэгцээ өмнөх жилүүдийнхээс ховор, үнэтэй байгаа гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж жилд дунджаар 12 мянган тонн махыг бэлтгэдэг байсан бол энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонн махыг бэлтгэжээ. Өнгөрсөн сард 500 тонн  нөөцийн мах борлуулсан бол энэ сард 1500 тонн мах борлуулах юм байна. Түүнчлэн Монгол хүний нэг хоногийн махны хэрэглээ 125 грамм байх ёстой байдаг бол 3-4 дахин хэтрүүлж хэрэглэж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс жилийн дөрвөн улиралдаа махныхаа хэрэглээнд анхаарч, махаа хэрэглэбэл цаашид дотоодод нийлүүлэх нийлүүлэлт нэмэгдэх боломжтой гэдгийг Т.Гантогтох дарга хэлсэн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ