• “Синапс” ХХК гарааны компаниудад хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж нийлүүлэхээр болов

    Шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжих, экспортын   баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх бодлогын хүрээнд ШУТС, ”Синапс” ХХК -тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг  байгууллаа.“Санамж бичиг-т ШУТС-гийн захирал С.Намсрайжав, “Синапс” ХХК-ийн захирал Д.Нарангэрэл нар гарын үсэг зурсан юм.

    “Синапс” ХХК-ийн хувьд  судалгааны нарийн тоног төхөөрөмж, лабораторийн тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлгийн багаж хэрэгслүүд, тест урвалжуудыг худалдаалж, угсрах, суурилуулах, шинээр судалгааны болон сургалтын лабораторийг иж бүрэн тохижуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

    “Синапс” ХХК-ийн оффис дахь лаборатори тохижуулалтын загвар үзүүлэн.

    “Синапс” компани нь хүнсний салбарт тэргүүлэгчид болох “Жүр Үр” Бейкери, “Имарт”,”Талх Чихэр”, АПУ зэрэг хувийн хэвшлийн компаниуд, мөн Мэргэжлийн хяналт, МУИС, ШУТИС-ийн судалгаа, шинжилгээний лабораторийг тус тус иж бүрэн тохижуулж, хүнсний аюулгүй байдлын манаанд 11 жилийн турш тасралтгүй зогсжээ. 2008 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт 200 гаруй байгууллагатай хамтран ажиллаад байна.

    Монголдоо түншийн харилцааг амжилттай бий болгосон тус компани нь АНУ, Герман, Япон, БНХАУ, Итали, Англи зэрэг орнуудын ISO 9001, 140001 стандартыг хэрэгжүүлсэн 30 орчим үйлдвэрлэгч, худалдааны компанитай дистрибьютер, агентын гэрээгээр түншлэн ажилладаг.

    “Харилцагчдын хөргөгч”

    Өнгөрсөн 11 жилийн хугацаанд тэд тогтвортой үйл ажиллагааг хангахаас гадна, үргэлж шинийг сэтгэж, эрэлхийлж ирсэн нь тэдний шинэ оффисын байран дахь “харилцагчдын хөргөгч”-нөөс харагдана.

    ”Синапс” компанийн хамт олны ажилдаа баримталдаг зургаан зарчмын нэг нь шинэлэг, санаачлагч байх. Тохижилт хийж, үйлчилгээ үзүүлсэн харилцагчдынхаа бүтээгдэхүүнээс “хэрэглэгчдийн хөргөгч”-өө дүүргэж, ирсэн зочдоо дайлдаг ажээ.

    Тус компани ШУТС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар  эрдэмтэн, судлаачдын хувьд хамгийн хүндрэлтэй үе шат болох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг, маркетингийн тал дээр ментор буюу зөвлөх үйлчилгээ үзүүлэх, холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбож өгөх үүргийг  хүлээлээ.

    Мөн өмнө нь эрдэм шинжилгээний байгууллагууд  “Синапс” ХХК-иас лабораторийн тоног төхөөрөмжийг зах зээлийн зарчмаар худалдан авч байсан бол “Санамж бичиг”-ийн хүрээнд төрийн болон бизнесийн салбар хоорондын худалдааны уян хатан бодлого хэрэгжүүлэхээр болов. Тухайлбал, гарааны компаниуд,инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг эрдэм шинжилгээний байгууллагуудад хөнгөлөлттэй үнээр олон шат дамжлагагүй шууд нийлүүлэхээр болов. Түүнчлэн ”Синапс” ХХК-иас дэлхийн шинжлэх ухааны салбарт нэвтэрч байгаа хамгийн сүүлийн үеийн багаж төхөөрөмжийн мэдээллийг түгээж, цаг тухай бүрт нь санал болгосноор эрдэм шинжилгээний байгууллагууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, судалгааны ажлын чанар илүү нэмэгдэнэ гэж үзэж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ