• Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүсийн ялын бодлогыг чангатгах ёстой гэж эмэгтэй гишүүд үзэж байна

    Сүүлийн  үед бага насны хүүхэд алга болох хэрэг их гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд Сэлэнгэ аймагт сураггүй алга болсон гэх  охины цогцос олдсон бол, хойд эцэгтээ тамлуулсан бяцхан хүүгийн  мэдээлэл олон нийтэд дэлгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазлах саналыг гаргасан  бол  УИХ-ын гишүүд ялын бодлогыг чангатгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.  Олон нийт ч хүүхдийн хүчирхийллээс хэрхэн ангижрах вэ гэдэг асуултад анхаарал хандуулж байна.

    Энэ талаар УИХ-ийн эмэгтэй гишүүдийн байр суурийг хүргэж байна.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

    -Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан. Хууль эрх зүйн орчин нь хангалттай байхад яагаад бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна вэ. Энэ нь нөгөө л хуулийн уялдаа холбоогүй, санхүүжилт байхгүй, боловсон хүчний дутагдал зэргээс болж хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхэд хамгааллын ажил дорвитой үр дүнд хүрэхгүй  байна. 2016 онд хүүхэд хамгааллын төсөвт 1 тэрбум төгрөгийг тусгасан байсан.  Энэ төсвийг  2017 онд  5.6, 2018 онд 6.5 тэрбум, 2019 онд 8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүслэн.  Хүүхдийн байцаагч 2012 оноос өмнө байдаг байхад орон тоо нь дүүрэг, хороо болгонд байдаг байсан. Тэд хүүхэд бүртэй, тэдний цаадах гэр бүлтэй тулж ажилладаг байсан. Энэ орон тоог байхгүй болгосноор хүүхэд хүчирхийлэлд өртөх нэг том шалтгаан болж байна гэж би харж байна.

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

    -Ялын бодлогыг чангатгах тухай олон янзын санал гарч байна. Одоо хэрэгжиж байгаа хуульд бүх насаар нь хорих тухай заасан. Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн  гэмт хэрэгтэнг цаазлах санал гаргасан. Энэ асуудлыг хэлэлцэх нь чухал. Нөгөө талаар цаазаар авна гэхээр гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа.  Би хувьдаа ялыг чангатгасан нь дээр гэж үзэж байна.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

    – Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн гаргаж байгаа энэ адгууснаас дор авир аашийг олон удаа ярьж тодорхой шийдвэрүүд гарч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хуулиуд гарсан ч хуулийн ялын бодлого нь сул байна. Тийм учраас Эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст тооцох хууль зүйн хариуцлага, ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж үзэж байна.  Нэгдүгээрт, бүх насаар нь гянданд хорих шаардлагатай гэж үзэж эрүүгийн хуульд  чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих саналыг оруулна. Хоёрдугаарт, өршөөлийн хуулиар хүчингийн гэмт хэрэг хийсэн олон хүмүүс чөлөөлөгдөж байгаа. Тийм учраас цаашдаа ямар ч төрлийн өршөөлийн хуулиар хүчингийн гэмт хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг хамруулдаггүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах бодолтой байна.

    2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэн, 487 хүн хохирсноос 238 буюу 48,7 хувь нь хүүхэд байна. Хүчингийн гэмт хэргийн дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэртхийлгэсэн аюултай мэдээлэл болж байна. Тиймээс гол нь хуулийг чангатгах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан сурталчилгааны ажлуудыг маш нарийн зохион байгуулалттай хийх хэрэгтэй.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ