• Уурхайчин эмэгтэйчүүд чуулж байна

    2019-05-03

    Ж.Чулуунцэцэг гуай 1985 онд  Налайхын Техник мэргэжлийн дунд сургуулийн токар, призерийн ангийг төгссөнөөс хойш Багануурын уурхайд 34 дахь жилдаа ажиллаж буй уурхайчин эмэгтэй юм. Багануурын уурхайд залуу  насаа өнгөрөөж, залуу үедээ  мэдсэн сурсан зүйлсээ зааж сургаж яваадаа бахархаж явдаг гэдгээ УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй  “Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд” II чуулганы үеэр илэрхийлсэн.

    Тэрээр, “Бүсгүй хүн уурхайд ажиллана гэдэг тун хэцүү. Мэргэжлийн багаж хэрэгслээс эхлээд бүх л зүйлс эрчүүдэд зориулагдсан байдаг. Залуу  байхдаа ч халширдаг л байлаа. Одоо бол уурхайчин мэргэжилдээ хачин их хайртай”  гэсэн юм. Түүний ажилладаг Борнуурын уурхай нийт 1300 гаруй ажилтантай, үүнээс 160 гаруй эмэгтэй ажилчин байдаг бол Чулуунцэцэг гуайн хэлтэст 11 эмэгтэй ажилладаг ажээ.

    Өнөөдрийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт ажиллагсдын 14 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ бусад салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн цалин хөлснөөс харьцангуй өндөр хэмжээнд байгаа нь сайн үзүүлэлт юм.

    Гэвч салбар дотроо эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 13,5  хувиар бага байна. Үүнээс жендерийн эрх тэгш байдал буюу удирдлага менежерийн төвшин дэх эрэгтэйчүүдийн давамгайлсан байдал, тэдний цалин хөлс ний зөрүүтэй байдлаас шалтгаалж байгаа нь харагдаж байгаа юм.

    Тиймээс цаашид жендерээс үл хамааран адил ажил  хөдөлмөр эрхэлж буй хүмүүст эн тэнцүү цалин хөлс авдаг байх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  илтгэлдээ онцолсон. Мөн тэрээр, уурхайд ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын ачаалал, цаг хугацааны хуваарилалтыг ар гэрийн амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхдийнх нь боловсролын асуудалтай уялдуулан зохион байгуулах зорилт хангалттай хэрэгжихгүй байгаад анхаарч ажиллахаа хэлсэн.

    НҮБ-аас батлан хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн тунхаглал”-ын 5 дугаар зорилтод “Жендерийн тэгш байдлыг хангахын зэрэгцээ охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх,” зорилтыг тунхагласан. Манай улс 2011 онд Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг  дэмжих зорилгоор Засгийн газраас жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Дээрх зорилтын хүрээнд уул уурхайн салбарын жендерийн бодлогыг  салбар яамнаас боловсруулжээ.

    Өнгөрсөн оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24 , экспортын бүтээгдэхүүний 87 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүлсэн байна.

    Чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ