• Сэтгүүлчдийн аюулгүй байдлаас хэвлэлийн эрх чөлөө эхэлнэ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 3-ны  өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж ирсэн.

    Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл:“Сэтгүүл зүй ба хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль” сэдвийн дор дэлхийн 100 гаруй улс орон тэмдэглэн өнгөрүүлж байна.

    Харин манай улсын хувьд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форумыг өнөөдөр зохион байгуулж байна. 

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес:

    Ардчилал нь ил тод байдал, найдвартай мэдээлэлгүйгээр ардчилал биш болно. Шударга, хараат бус тогтолцоог бий болгох, удирдагчдыг хариуцлагатай, үнэний төлөө дуугардаг байлгах тулгын гурван чулууны нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

    2015 онд НҮБ-аас батлагдсан Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилгын  16.10-д “Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах” тухай заасан.

    Тэгвэл сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг бий болгохын тулд хийж болох хамгийн эхний арга хэмжээ юм.

    Хэдэн сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэснийхээ төлөө цагдан хоригдож, сүрдүүлэгт автаж, цаашлаад амиа алдаж байна вэ?

    Хамгийн олон сэтгүүлч амь эрсэдсэн улсаар Эх сурвалж: Олон улсын сэтгүүлчдийн холбоо

     

    Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдээлж байгаагаар 2018 онд дэлхийн хэмжээнд нийт 96 сэтгүүлч албан үүргээ биелүүлж яваад амь эрсэджээ.

    2017 оныхоос 12-оор өссөн үзүүлэлттэй байгаа юм. Афганистан улсад нийт 16 сэтгүүлч амиа алдсан нь дэлхий даяар сэтгүүлчдэд хамгийн аюултай улсад тооцогдож байна. Хүйтэн дайн, бослого үймээн дунд байдаг учраас аргагүй ч биз..

    Сүүлийн 10 жилд дэлхий дахинаа 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад амийг нь хороосон гэх тоо баримт гарчээ. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүр дунджаар нэг сэтгүүлч өрнөж буй үйл явдлыг олон нийтэд мэдээлснийхээ төлөө амь насаа алдаж байна.

    Дайн, үймээн, бослогын халуун цэгт бус өөрийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний авилга, хээл хахуулийн асуудлыг хөндөн, хэвлэн нийтэлснийхээ төлөө бусдын нөлөөн дор амиа алдах нь цөөнгүй тохиолддог.

    Энэ явдал нь зөвхөн буурай хөгжилтэй улс орнуудад ч биш, өндөр хөгжилтэй Европын орнуудад ч түгээмэл. Жишээлбэл, 2018 оны хоёрдугаар сард Словакийн бизнес эрхлэгч болон улс төрчид Италийн гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон байсныг судалж байсан эрэн сурвалжлах сэтгүүлч Ján Kuciak, сүйт бүсгүйн хамт аллагын хохирогч болсон харамсалтай тохиолдол гарсан.

    Дэлхийн хэмжээнд цагдан хоригдсон сэтгүүлчдийн тоо Эх сурвалж: Олон улсын сэтгүүлчдийн холбоо

    Дэлхий хэмжээнд 2018 онд 250 гаруй сэтгүүлч цагдан хоригджээ. Эдгээрээс хэвлэлийн эрх чөлөө хамгийн мууд тооцогддог Турк улсад 68, БНХАУ-д 47 сэтгүүлч тус тус цагдан хоригдсон байна.

    Монгол улсын хэмжээнд сэтгүүлчдийн аюулгүй байдал хэр хангагдсан бэ гэвэл муу гэж хэлнэ.

    Манай улсын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн хувьд арай ч амь насанд нь халддаггүй ч,  бие эрхтэн, эрүүл мэндэд нь халдах, айлган сүрдүүлж, дарамтлах, доромжлох, шүүх, хүчний байгууллагаар дарамтлуулах,  эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорих үзэгдлүүд хамгийн түгээмэл тохиолддог.  Мөн нууц эх сурвалжийг нь хэлүүлэхийг албадан, шаардах зэрэг сэтгүүлчийн эрхийг зөрчсөн  тохиолдлууд олонтаа. Тэр тусмаа, сэтгүүлчийг нь сүрдүүлээд үр дүнд хүрэхгүй болохоороо редакцыг нь сүрдүүлж эхэлдэг дүр зураг бий болчихсон харагдана.  Зарим сэтгүүлчид маань өөрсдийн мэргэжлийн эрхээ мэдэхгүйн улмаас чимээгүйхэн торгуулаад өнгөрөх нь ч бий.  Хэрвээ дээрх тохиолдлын аль нэг нь тохиолдсон бол мэргэжлийн буюу хууль, өмгөөллийн байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулж, хуулийн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ