•  Хөгжлийн банкнаас зээлсэн 490 тэрбумаар ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан уу

    Хөгжлийн банкны хамгийн том 9 зээлдэгчдийг зарлаад байна. 100 тэрбумаас дээш зээл авсан компанид төрийн өмчийн ТОСК, Эрдэнэс-Монгол, ДЦС-4 ТӨХК мөн ХХБ түүнтэй хамаарал бүхий Хөтөл, Кью Эс Си зэрэг компани багтжээ. Эндээс “Монголиан коппер корпорейшин” компанид зээл олгож “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос худалдан авах 400 гаран сая ам.долларыг нь бүрдүүлэлцсэн компаниуд сонирхол татаж байна. ХХБ өөрөө 168.5 тэрбум төгрөг зээлдсэн бол тус банкинд очсон Хөтөл ХХК 161.2 тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлжээ. Тэгвэл мөн л ХХБ-тай холбоотой Кью Эс Си  ХХК 161.3  тэрбум төгрөг авчээ. Нийлээд 490 тэрбум гэсэн үг.

    Одоогоор “Кью Эс Си” гэдэг компанийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад оролцсон байж болзошгүй гэдэг шалтгаанаас болж гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, зогсонги байдалтай байгаа юм гэнэ. Тус компанитай холбоотой асуудлыг Засгийн газартай зөвшилцөж, тогтоолыг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсвэл хуулийн дагуу зээлийг эргэн төлүүлэх аж.

    “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг эхнээс нь барьж авсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар ХХБ-ийг төрийн мөнгөөр худалдан авсан гэж үзэж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тэгвэл ХХБ-ныхан тухайлбал Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар төрийн мөнгөөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан хэмээн гүрийдэг ч бодит баримтууд ийнхүү гарч ирсээр байна.

    Мөн энэхүү том зээлэгчид нь дандаа улстөрд томоохон холбоо сүлбээтэй компаниуд байгаа нь ч сонирхолтой юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын МАК цемент ХХК, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуугийн Цэцэнс майнинг энержи, Бэрэн ХХК том зээлдэгчид багтжээ. Тэгэхээр Хөгжлийн банкны зээлийг улстөр-бизнесийн бүлэглэлийнхэн авдаг гэдэг нь тодорхой харагдаж байна.

    Есөн том зээлдэгчийг танилцуулбал,

    1. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/- 257.5 тэрбум төгрөг
    2. Худалдаа хөгжлийн банк – 168.5 тэрбум төгрөг
    3. МАК цемент ХХК – 166.3 тэрбум төгрөг
    4. Эрдэнэс Монгол ХХК -166.1 тэрбум төгрөг
    5. Кью Эс Си  ХХК – 161.3   тэрбум төгрөг
    6. Хөтөл ХХК – 161.2 тэрбум төгрөг
    7. Цэцэнс Майнанг энержи – 140.9 тэрбум төгрөг
    8. ДЦС-4 ТӨХК -105.1 тэрбум төгрөг
    9. Бэрэн ХХК – 101.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.

    Эргэн төлөлтөд хүндрэл учирсан таван зээлдэгч

    Эдгээр зээлдэгчээс ТОСК, Кью Эс Си, Хөтөл, Эрэл зэрэг дөрвөн ААН-ийн зээлийн эргэн төлөлт удааширч, хүндэрчээ.  Нэр дурдсан  компаниудад 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 123 тэрбум төгрөгийг эргэн төлж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

    -ТОСК-ийн хувьд хамгийн өндөр дүнтэй зээлийг авсан ч хамгийн асуудалтай зээлд багтаж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос өмнө Хөгжлийн банкнаас их хэмжээний эх үүсвэрийг ТОСК-д гаргаж, орон сууцны хорооллууд барьж ашиглалтад оруулсан ч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй явж ирсэн байна. Эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газартай зөвшилцөж, шийдвэрт хүрэх юм байна.

    -“Хөтөл” ХХК-ийн хувьд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч улсын комисс зарим хэсгийг хүлээн аваагүй учраас бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаас болж зээлийн төлөлт удааширчээ. Энэ улиралд багтаж, улсын комисс бүрэн хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч эхэлбэл зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэх хүлээлттэй байгаа юм байна.

    -Мөн “Эрэл” ХХК-д олгосон зээлийн эх үүсвэрээр байшин үйлдвэрлэх комбинат барьсан ч өнөөдрийн байдлаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байгаа учраас зээлийн эргэн төлөлт удааширчээ.

    -Харин “Кью Эс Си” гэдэг компанийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад оролцсон байж болзошгүй гэдэг шалтгаанаас болж гарсан Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, зогсонги байдалтай байгаа юм байна. Тус компанитай холбоотой асуудлыг Засгийн газартай зөвшилцөж, тогтоолыг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсвэл хуулийн дагуу зээлийг эргэн төлүүлэх юм байна.

    -Эдгээр том зээлдэгчээс гадна Капитал банк дампуурсантай холбоотойгоор тус банкаар дамжуулан зээл олгож байсан Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр түгжигдэж, асуудалтай зээлд багтсан байна.

    Асуудалтай зээлүүд нь Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэх талаар  холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Мөн Хөгжлийн банк зээлийн эрсдэлийн сангийн эх үүсвэрээ нэмэгдүүлсэн бөгөөд зөвхөн эдгээр таван зээлдэгчдэд 265.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан үүсгэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ