•    “Нам” доор байдаг

    “Нам”  гэдэг үгийг дээр байдаг юмны нэр болгож ойлгох болсоор нэлээн олон жил өнгөрлөө. “Намын удирдлагын доор” гэж ярьдаг болсон маань үүнийг гэрчлэх билээ. Гэтэл “нам” гэдэг нь үнэндээ дээр биш доор байдаг юмны нэр болой.

    Зарим хүн 1920-иод оноос хойш “нам” гэж ярьдаг болжээ хэмээн ухаарсан. Үнэхээр ч улс төрийн нэр томъёон дотор “нам” гэдэг  үг хориод оноос нэвтэрч газар авсаар сүүлдээ юм бүр дээр яригдах болж, одоо үед “олон намын тогтолцоо” гэх ойлголт бүрэлдэв. Үгсийн уурхайг уудлаад үзэх юм бол “нам”гэдэг үг тийм ч залуу биш магадгүй хамгийн хөгшин үг гэж ойлгогдоно.

    Бүүр эрт балрын шүмэр хэлэнд “нам” гэдэг үг түгээмэл хэрэглэгдэж байжээ. Манай тооллоос төө өмнөх явдал шүү дээ. Ийм өндөр настай үг гэдэг нь ч аандаа үр ач, гуч, жич нарынхаа өнөр олноор аргагүй л нотлогдоод байгаа билээ. “Монгол хэлний товч тайлбар толь” сөхөөд үзэхэд “намын” төрлийн үгнүүд бараг зуугаадыг нэрлэж болохоор байгаа юм.

    Эртний шүмэрүүд анхны тэнгис далайг “нам” гж нэрлэж байжээ. Тэрчлэн анхны ууган далайг ивээх дагиныг ч мөн наму, намму гэдэг байж. Түүнчлэн хувь заяаг, үхэл ба хувь тавилангийн бурхныг “намтар” гэдэг байжээ.  Монголчууд өнөө ч “нам дор газар” гэж ярьдаг. Тэрчлэн Афганистаны моголууд газар нам дор орж чийгтэй устай болохыг “нам” гэдгээр тодорхойлдог ажээ.

    Монголчууд бас ихээхэн чийг устай бамбалзуур газрыг “намаг” гэдэг. Түүнээ бас “намалзах” ч гэж нэрлэж буй. Бурхан буудай уулын бэл рүү “Намалзах” гэдэг тариа тарьдаг газар байдаг билээ. Бас өөр нэг ойлголтыг “намарга” гэнэ. Тэр нь өвс ногооны навч гишүүнд бөнжигнөн тогтсон шүүдрийн дуслыг хэлсэн үг. Өвсний намарга түүж ээждээ цай чанаж өгөх юм бол дөнгөж ганцхан удаа үүрээр босож хөхүүлсний ачийг хариулах төдий тус болно гэж хуучны яриа байдаг билээ.

    Шүмэрүүд хувь тавилангийн бурхан шүтээнийг “намтар” гэдэг байсан бол монголчууд өнөө үед  аливаа хүмүүний үзэж өнгөрүүлсэн, туулж ирсэн замналыг “намтар”/газар дээрх аж төрөл/ хэмээн нэрлэсээр байна. “Намтар” бол эртний монгол уран зохиолд биеэ даасан томоохон хэлбэр, тодорхой төрөл зүйл байлаа. Тэр бүхнийг эргэцүүлж бодоход “Нам” гэдэг их сурвалжит  эртний үг болох нь аяндаа ойлгогдож магад.

    Ийнхүү бичиж байтал санаанд минь “нама” гэдэг өөр нэг үг орж ирээд мэдээллийн халил руу түлхлээ. Эртний “Махабхаарата” /манайхан мах бариад гэдэг/  туульсын дотор Нала, Дамаянти хоёрын тухай найраглал“Асид ража Нало нама, Вирасено суто бали” гэж эхэлдэг бөгөөд энд бидний ярьж буй “нам” /нама/ гэдэг үг орсондоо ч биш ерөөсөө долоохон ийм үгний 16 эгшиг дотор 9 нь /а/ байгаад л анхаараасай гэж бодоод иш татлаа. Үгийн уурхайд “лав”гэдэг үгийн тухай ярьж байхдаа монгол хэлэнд ямар үсгээр хамгийн олон үг хэлдгийг дурдан “А” үсэг /авиа/ ХДБ-ын дараа орж толгой цохидгийг мэдээлсэн. 14352 монгол үгэнд 10 мянга 208 удаа /а/ үсэг орсон баримтыг тэнд дурдсантай холбогдуулаад хэлэхэд эртний самгард хэл мөн ийм үзүүлэлтийг дарвид болон тамиль хэл түүнээс ч илүү “аачлагдсан” байдаг гайхмаар баримт хэл шинжээчдийн толгойг гашилгах болуужин. Тэрчлэн “Н” гэдэг бол эгшиг долоог цөмийг нь өөртөө татан үг бүтээлгэдэг ид шидтэй нэгэн юм.

    “Нам” гэдэг олон утгатай, өдий төдий үр садантай үг хэзээ ямагт доор бүхий юмны нэр байсан болохоор газрын тухайд бол нам дор, намаг, намилхайн дүр зургийг, улс төрийн тухайд нам нийлж, сэм нэгдэхийн утгыг, чимээ аниргүйн тухайд бол нам жим, нам гүмийн ойлголт юм шүү.

    #Түдэв

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ