О.Сүхбаатар: Гэрлэлтийн баталгаатай болсон 1956 оноос хүн ам өсөж эхэлсэн

2019-05-02

Монгол Улсын хүн амын бодлогын талаар МҮИС-ийн профессор, Доктор О.Сүхбаатартай ярилцлаа.

Монгол Улс хүн амын бодлогын түүхээс ярилцлагаа эхлье?

-Аливаа улсын оршин тогтнох үндэс нь хүн амаа өсгөх. Хүн амаа өсгөсөн улс орон л дэвжиж, дээшилнэ. Манжийн үед монголын хүн ам үнэхээрийн хүнд байдалд байсан. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 40 хувь нь лам болсон. Эмнэлэг хүртэл байхгүй болж гүрэм, домоор эмчилдэг болсон. Европын шинжлэх ухаан хөгжөөгүй байсан учраас эрүүл мэндийн ойлголт байхгүй байсан үе. Хүн амын тооллогыг 1912 оны үеэс эхэлж хийх гэж Да лам Цэрэнчимэд зүтгэсэн боловч лам, тайж нарын эсэргүүцлээс болоод чадаагүй.

Ингээд анх 1918 онд хүн амынхаа анхны тооллогыг хийсэн байдаг.

Тухайн үед 542 мянга гаруй монголчууд тоологдсон. Нас баралт нь  төрөлтөөсөө хол давсан үе.Тэр үед Монголд 100 мянган хятад, 17 мянга орчим төвд, 5 мянга орчим орос байсан байгаа юм. Эндээс харахад Монгол Улсын хүн амын бүрэлдэхүүн маш эгзэгтэй, аюултай байдалд байсан байна. Ингээд 1921 оноос хятад, төвд үүд нэлээн буцсан. Энэ үеэс хүн амынхаа бодлогод анхаарч  хүн амаа  өсөх зөв  чиглэл рүүгээ    явсан гэж хэлж болно.

-Энэ үеэс хүн амаа өсгөх ямар бодлого баримталж эхэлсэн бэ?

-Хүн амаа өсгөх янз бүрийн бодлого баримталж эхэлсэн. Тухайлбал, Амар гуай олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тусгай үнэмлэх өгөх зэрэг ажлыг санаачлан гаргаж байсан. Нөгөө талаар энэ үед Монголын урд хил маш аюултай байсан. Улс орноо хамгаалах 80 мянган цэргийг 5 жил хүртэлх хугацаагаар барьж байсан нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Элчин сайд Самбуу гуай бэлгийн замын халдварт өвчнийг устгах, эмчлэх  зөвлөлтийн баг бүрэлдэхүүнийг урьж илрүүлэх гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсний үр дүнд, нэгэн зэрэг 400 гаруй орос эмч нар ирж, монголчуудыг бэлгийн замын өвчнөөс салгаж чадсан.

Манжийн үеийн үлдэгдэл нэг айхтар зүйл байсан нь эрэгтэйчүүдийн олонх нь лам нар байсан.

Үүнээс болоод эрэгтэйчүүд гэр бүлийн асуудалд маш хөнгөмсөг ханддаг, эх, хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хохироодог байсныг 1956 онд арилгаж гэр бүлийн баталгаатай болгосон. Яг энэ үеэс эхлээд Монгол Улсын хүн ам өссөн. 1988 гэхэд хүн амын тоо хоёр сая хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл, 1954 оноос хүн амын өсөлт идэвхжсэнээс хойш хүн амын тоо 2,8 дахин өссөн. Ямар ч улс хүн амаа ингэж хурдан өсгөж байгаагүй. Энэ өсөлтийг бий болгохын тулд эх, хүүхдэд хандсан энэрэнгүй бодлогыг хэрэгжүүлж байсантай холбоотой юм.

-Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн амын өсөлт буурсан шүү дээ. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-1990 он гарснаар хүн ам өсгөхөд анхаарч байсан бодлого алдагдсан. Түүгээр ч барахгүй үр хөндөлт, түүнээс сэргийлэх арга замыг өөр аль ч улсад байгаагүйгээр бүдүүлгээр нэвтрүүлсэн. Нөгөө талаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг  хүн амын өсөлтийг сааруулж, зогсоох  хүртэл хамгийн буруу хэлбэрээр Монголд хэрэгжүүлсэн. Үүнээс болж 2,8-аас буухгүй байсан  хүн амын өсөлт 1990 онд  1,1 хувь болтлоо буурсан. Саяхан гурван сая дахь иргэнээ хүлээж авч, өнөөдрийн байдлаар албан ёсны тоо 3 сая 200 мянган иргэнтэй гэж тоологдож байна. Өөрөөр хэлбэл, үр хөндөлт, жирэмслэлтээс  хамгаалах аргуудыг бүдүүлгээр хэрэгжүүлснээс болоод  нэг сая 200 мянган хүүхдийг эхийнх нь хэвлийд устгасан гэх судалгаа байдаг. Энэ бол маш харамсалтай тоо. Чөлөөт зах зээлд шилжсэнээс болж хүн ам өсөөгүй, төрийн зохицуулалттай зах зээлд шилжсэн бол арай өөр байх байсан л даа. Ардчилал манайд нэр төдий л байгаа болохоос үндсэндээ  гутаагаад, дампуурчихсан.

-Хүн ам өсгөх нь улсын хөгжилд ямар хувь нэмэртэй юм бэ?

-1990 оноос өмнө авч хэрэгжүүлж байсан бодлогоо үргэлжлүүлээд аваад явсан бол бид өнөөдөр таван сая хүн уруу дөхчихсөн байх байсан.  Өнөөдрийн монгол улсын хөгжил арай өөр төвшинд байх байсан болов уу. Эдийн засаг тэлэлтээс эхлээд.  Цаашид өмнө нь хүн амын бодлогод  хэрэгжүүлж байсан уламжлалаа сэргээгээд алдаагаа засах талаар анхаарах ёстой. Ингэхийн тулд нэгдүгээрт, аль ч улсын үндсэн хуульд байдаггүй заалт манай улсын Үндсэн хуульд бий. Энэ нь “иргэн хүссэн газраа амьдарна” гэж заасан. Гэтэл эсрэгээрээ бусад улс орны үндсэн хуульд “иргэний байршилт, хөдөлгөөнийг төр зохицуулна” гэж заасан байдаг. Манай улсын  хүн амын 55-аас доошгүй хувь нь нийслэлдээ эргэлдэж байна.  Нийслэл рүү ирэх төвлөрлийг сааруулсан ажлыг төр засгаас хийх ёстой.

-Ер нь хүн амаа өсгөх бодлого гэж яг юуг хэлдэг юм бэ?

-Хүн амын бодлого эрүүлжүүлж өсгөх, орлоготой болгох, боловсролтой болгох гэх мэт зүйлсээс бүрдэнэ. Уг нь ийм дарааллаар байх ёстой юм. Харин манайд эсрэгээрээ боловсролоо нэн тэргүүнд тавьсан. Дарга нарын хүүхдүүд гадаадад өндөр боловсрол эзэмшиж байна. Жирийн айлын хүүхэд сургуулийн суурь мэдлэгээ ч бүрэн олж авч чадахгүй хэмжээнд байна шүү дээ. Хүн амын үзүүлэлтийг дээрх зүйлсээр гаргадаг юм. Манай улс 1989 онд дэлхий дээр хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 67-д бичигдэж байсан гэтэл өнөөдөр орлогогүй, эрүүл мэнд муу зэргээсээ болоод 130 хавьцаа бичигдэж байна. Тиймээс нэн тэргүүнд хүн амаа эрүүлжүүлэх бодлогыг зөв хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед “дархан бэр, хатан бэр” гэх цол тэмдгийг ээжүүд их авах болжээ. Ер нь ингэж өгөх нь зөв юм уу. Нэг хэсэг нь хүйсээр ялгаварлан гадуурхаж, хүний эрх зөрчсөн үйлдэл гэж байна?

-Энэ бол нэг хүний л бизнес. Хуучин дөрвөн хүүхэд гаргасан эхийг  тодорхой хэмжээгээр урамшуулдаг байсан болохоос янз бүрийн бэрд өргөмжлөх юм байгаагүй. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Ний нуугүй хэлэхэд 1990 оноос өмнө бид жендерийн бодлогыг маш сайн авч хэрэгжүүлж байсан. Эрэгтэй, эмэгтэй хүн адилхан цалин авахаас эхлээд. Тэгтэл яасан байх нь уу. Дахиад л 1990 оноос эхлээд шал буруу замаар авч явсан. Хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийг 34-хөн настайд нь тэтгэвэрт гаргасан. Дэлхий дээр шившиг байхгүй юу. Хүний эрх үндсэндээ устсан.

-Цус ойртолт их боллоо гэх юм. Үнэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх  хэмжээнд очсон уу?

-Зарим хүмүүс монголчуудын хүн амын 98 хувь цус ойртсон гэж ярьдаг нь шал худлаа юм. Нэг голынхон ах дүүгээ мэдэхгүй гэрлэж байна гэж яриад хүмүүс маш бүдүүлэг юм ярьж байгаа. Нэг дор  хэд хэдэн овгийн улсууд байна. Эцгийн талын овгоо л барьж гэрлэнэ шүү дээ. Эхийн тал хамаагүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ