• Академич Д.Төмөртогоогийн нэрэмжит монгол хэл, бичгийн улсын олимпиад эхэллээ

    2019-05-02

    Монгол хэл, бичгийн улсын 51 дэх олимпиад өнөөдөр МУБИС-д эхэллээ. Олимпиадын нээлтэд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич, доктор, профессор, Монгол судлалын олон улсын холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо, Монгол Улсын гавьяат багш доктор, профессор, олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга Ц.Өнөрбаян, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор  М.Базаррагчаа, Монгол Улсын гавьяат багш Д.Дуламсүрэн нарын эрдэмтэн багш нар болон 21 аймаг, 9 дүүргээс олимпиадад оролцохоор ирсэн багш, сурагчид оролцов.

    Гавьяат багш Ц.Өнөрбаян “Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулдаг Монгол хэл, бичгийн улсын олимпиадыг зохион байгуулаад 50 жил болсон байна. Анх 1969 онд зохион байгуулж, өнөөдөр 51 дэх олимпиадыг нээж байна. Энэ удаагийн олимпиад УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачлага, БСШУС-ын яамны зөвшөөрлөөр Монгол Улсын Боловсролын их сургуульд 40 шахам жил ажилласан, миний багш, бид бүхний багш, Монголд төдийгүй дэлхийд данстай эрдэмтэн, академич Д.Төмөртогоогийн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой юм.

    Тавин жилийн хугацаанд манай олимпиадад оролцсон олон арван эрдэмтэн мэргэд улс орны өнцөг булан бүрт оюуны хишиг хүртээж явна. Монгол хэл, бичгийн олимпиадад хамгийн олон жил буюу 20 жил Увс аймгаас ирж оролцож байгаа Мягмаржав багшдаа тусгайлан баяр хүргэмээр байна” гэв.

    Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Монгол, хэл бичгийн улсын олимпиад анх удаа академич хүний нэрэмжит буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат гавьяат багш Д.Төмөртогоогийн нэрэмжит болж байгаад бахархаж байна.

    Жилийн өмнө аймгийнхаа 50 гаруй эрдэмтэнтэй уулзаж, БСШУС-ын хоёр сайдыг дамнаж хүсэлт гаргаснаар өнөөдөр Д.Төмөртогоо багшийн нэрэмжит улсын олимпиад зохион байгуулагдаж байна. Академич Д.Төмөртогоо бол Өмнөговь аймгийнхны төдийгүй дэлхийн энтэй доктор хүн. Иймд БСШУС-ын яам, Ханбогд сумынхан төдийгүй “Оюутолгой” компанийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч дэмжиж, хамтарч оролцож байгаагааг дуулгахад таатай байна. Бид монгол хэл, бичгийнхээ соёл агуулгаар өөрийгөө чимж, үгийн сайхнаар хэлэлцэж байх учиртай. Хувь хүн миний хувьд энэ салбар шинжлэх ухааныг үргэлж хүндэлж явдаг. Ингээд нийт олимпиадад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.

    Академич Д.Төмөртогоо багш Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. Өмнөговь аймгийн I арван жилийн сургуулиас ажлын гараагаа эхэлж, Боловсролын их сургуульд 40 шахам жил монгол хэл, бичгийн багш мэргэжилтэнг бэлтгэсэн байна. Түүнчлэн МУБИС-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Одоо Монгол судлалын олон улсын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монгол хэл, бичгийн улсын олимпиадын хувьд өнөөдөр багш нарын шалгалт явагдаж, маргааш сурагчдын дундах шалгалт үргэлжилж, шилдгүүдээ тодруулах юм байна.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ