Ш.Раднаасэд: 33 их наяд бол татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж байна. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ХЗБХ-ны санал дүгнэлтийг ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг санал болгож, ХЗБХ-ноос дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Танилцуулгаас харвал хуулийн байгууллага, төрийн байгууллагаар мэргэшсэн хүмүүс байна. АТГ-ын удирдлагууд улстөрчид томоохон хэргүүдийг илрүүлдэггүй, мухарладаггүй, хариуцлага тооцож чаддаггүй асуудал нийгмийг бухимдуулдаг. Эрх мэдэлтэн албан тушаалтнууд сургалтын сангаас эхлээд бүх зээлийг авчихсан байна. Тэгээд энэ асуудлыг нийтэд нь нялзааж байгаад намжааж байна. Энэ асуудлуудыг тодорхой болгож, шийдвэрлэх хэрэгтэй. Оюутолгой, Капитал гээд асуудал үргэлжилж байна. Тиймээс энэ асуудалд хуулийн дагуу шийдэж, анхаарч ажиллахыг захиж хэлмээр байна. Өмнөх удирдлага чинь 33 их наяд төгрөгийг шалгаж байгаад өршөөлийн хууль гараад аргагүй өршөөсөн гэж ярьж байна лээ. 33 их наяд шүү дээ”

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “АТГ-ын шалгаж буй хэргүүдийг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Би АТГ-ын даргаар томилогдвол хуулийн дагуу ажиллах болно”

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг “Улстөрөөс ангид үйл ажиллагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ шударга хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна. Иргэд шударга ёс тогтоохыг хүсч байгаа. Түүнийг сайн ойлгож ажиллах хэрэгтэй. Томоохон хэргүүдийн илрүүлэлт дээр шуурхай ажиллах шаардлагатай байна. АТГ-ын өмнөх удирдлагуудын сайн ажлыг үргэлжлүүлж, саар ажлыг хаях хэрэгтэй. АТГ-ын өмнөх удирдлагууд С.Зоригийн хэрэг болон томоохон хэргүүдийн илрүүлэлт дээр шуурхай сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Ялангуяа Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шалгаж, хэрэгт татна гэдэг бол хэр баргийн хүнээс гарахааргүй зориг байсан. Тиймээс энэ хүмүүсийн сайн ажлыг үргэлжлүүлээрэй. Өмнөх парламентын гаргасан хууль тогтоолыг эргэж харах шаардлага байна уу. Тухайлбал, Өршөөлийн тухай, Ил тодын тухай хууль гээд. Олсон орлогууд нь ил болсон байх. Орлогыг нягталж үзэж болдоггүй юм гэхэд үйлдлийг нь шалгаж болохгүй юу. Хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулахад гар хөлийг нь боомилж байгаа тал байна уу”

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд “Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулган хэлбэрээр долоохон зүйлтэй хуулийг баталсан. Энэ бол татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө. Энэ мөнгийг хууль батлуулаад хууль ёсны болчихлоо гэж бодож байгаа. Материалыг нь тагнуул дээр аваад хадгалчилсан. Үзүүлдэггүй. Гэхдээ энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү. Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой. АТГ-ын дарга Х.Энхжаргал ХЗБХ-ны хуралдаанд “ТЕГ-аас мэдээлэл авч чадахгүй байгаа учраас энэ асуудалд явж чадахгүй байна” гэсэн. Тэгэхээр шинээр томилогдох дарга нар энэ үйлдлийг нь ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. Улстөрчдөд энэ байгууллагыг татан буулгачих юмсан гэсэн бодол үеийн үед байсаар ирсэн. Одоо ч байгаа”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “АТГ-ын удирдлага бол маш амаргүй албан тушаал. Өмнөх удирдлагууд нь ч гэсэн маш амаргүй давааг давж, яг бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан дарга нар ховор байхаа. Тиймээс одоо томилогдвол сайн ажиллараарай гэж захимаар байна. Том том хэргүүдийн сэжүүр нээгдчихлээ. Энэ ганцхан танай ажил биш. Танайхаас шалтгаалахгүй. Прокурор, шүүх гээд бий. Оюутолгойн хэрэг дээр АТГ үнэхээр сайн ажилласан. Гэхдээ цаашдаа хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Том хэргүүдийг зөвхөн АТГ дээр ярихгүй, шүүх прокурор гээд нийтэд нь яримаар байна. Том том хэрэг гээд л байдаг. Гэтэл дунд албан тушаалтнууд чинь авлига, хээл хахуул нэхээд ажил цалгардуулаад байгааг бүх хүн мэдэж байгаа шүү. Үүн дээр яаж ажиллах тооцоо байна уу”

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Дунд албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал нэлээн анхаарал татдаг. Томилогдвол энэ чиглэлээр гарч байгаа материалуудыг судалж, тодорхой тоо баримтуудыг гаргаж, хууль санаачлагчдыг мэдээллээр хангаж ажиллана”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн асуудал дээр хэр их мэдээлэлтэй байна. Томилогдвол хэрхэн яаж ажиллах мэдээллээрээ хангагдаж чадсан уу”

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “АТГ-т Оюутолгойн хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл бий. Яг хавтаст хэрэгтэй танилцсаныхаа дараа прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Томилогдсоныхоо дараа цаг наргүй танилцаж, шуурхай ажиллах болно”.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүн маш эр зориг шаардах ажил хүлээж авах гэж байна. Баярлах зүйл байхгүй. Ажлыг та хэдийг сайн хийх байх гэж найдаж байна. Хамгийн гол нь эр зоригтой байж чадах уу. ЖДҮ-чдийн асуудал, Хуульзүйн сайдыг шалгах асуудал орж ирвэл зориг гаргаж чадах уу. Оффшорыг шалгах асуудалд хэрхэн хандах вэ. Та хоёр тохироогоор яваагүй бол ЖДҮ-чдийн асуудлыг оруулж ирнэ биз дээ. Хуулийн байгууллагуудтайгаа тэмцэх шаардлага гарах байх шүү”.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Миний бие хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй. Ажлаа авсны дараа таны асуусан хэргүүдэд эргэж мэдээлэл өгч болох байх аа”.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Есөн жил гаруй энэ байгууллагад ажилласан, удирдлагууд нь ямар нөхцөлд ажилладаг вэ гэдгийг би мэднэ. Албан үүргээ гүйцэтгэхэд харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Оффшорын эсрэг асуудалд санал санаачилга гарган идэвхтэй ажиллах болно”.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Та хоёр хариуцлагатай ажилд очиж байна шүү. Анхны дарга нь учир битүүлгээр амиа алдсан. Нэг дарга нь шоронд байгаа. Х.Энхжаргалын хувьд том хэргүүдийн эсрэг хөдөлж чадсан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг шалгаж байгаа. Эдийн засгийн том, том хэргүүд дээр маш сайн ойлголттой ажиллаж байсан хүн шүү. Х.Энхжаргал даргын дутууг нь гүйцээж ажиллаарай. Том хэргүүдтэй тэмцэхэд маш их бэрхшээл, саад гарна. Хамгийн ойрын хүнээр чинь нөлөөлүүлэх гэж үзнэ. Оюутолгой хэрэг бол жинхэнэ дээрэм болсон. Та хоёрыг гурван сая нүд ажиглана шүү. Сайн ажиллаара”й.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нэр дэвшигчдийг салбартаа туршлагатай хүмүүс гэж харж байна. Өмнөх удирдлагуудын тухайд магтах зүйл бий. Төрийн өндөр албан тушаалтнууд хулгай хийсэн бол шоронгийн хаалга татдаг юм гэдгийг Х.Энхжаргал дарга харуулсан шүү. Үүнийг та хоёр баллуурдах вий. Улс орноо хулгайлсан хулгайчдыг амьдрах боломжгүй болгох ёстой. Өмнөх удирдлагуудын эхлүүлсэн ажлыг хэрхэн авч явах нь уу гэдгийг хүн бүхэн харж байгаа шүү. Нийгэмд гэмт хэрэг, зөрчил гаргахгүйн төлөө та бүхэн ажиллах ёстой шүү. Улс төрийн захиалгаас хол байгаарай. Амьдралд чинь гай болно шүү. Шударга бус бүхэнтэй л хатуу тэмцээрэй. Үүнийг зүрх сэтгэлдээ тээж ажиллаарай”.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Авлигаас ард түмнийг соён гэгээрүүлэх, урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажилладаг байгууллага. Хэрэв би энэ албан тушаалд томилогдвол анхаарч ажиллах болно”.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ