• Хариуцлагагүй ажилласан Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилж,гүйцэтгэх удирдлагыг өөрчилнө

    2019-05-02

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ийм шийдвэр гаргав.  Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.

    2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.  Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

    Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр ажилладаг.Түүний багийг Засгийн газраас хариуцлагагүй ажилласан гэжээ.

     

    Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат

     

    Засгийн газраас мөн Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчилнэ гэсэн. Одоо  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай нар ТУЗ-ийн гишүүдээр ажилладаг.

    Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай ажилладаг байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ