Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

2019-05-01

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг  Засгийн газрын хуралдаанаар холбогдох хүмүүст даалгалаа.

Тус музей нь геологи газарзүй, ургамал амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн салбаруудын 10 мянга гаруй үзмэртэй бөгөөд хэн нэгний бүтээсэн эд өлгийн зүйлийг үзмэрээ болгодоггүй, байгалиас  үзмэрээ цуглуул­дагаараа онцлогтой юм.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2013 онд гарч, музейн олон нийтэд үйлчлэх үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.

Сүүлийн зургаан жилийн турш тус музейг шинээр барих уу хуучин барилгыг нь   сэргээх үү гэдэг асуудал тодорхойгүй байсан юм. Холбогдох албаны хүмүүс хуучин барилгыг сэргээх боломжгүй гэж мэдээлсэн.   Салбарын сайд нь  хотын төвийн ашиглалтын шаардлага хангахгүй музейн газруудыг дуудлага худалдаагаар худалдаалж, олсон ашгаар нь Байгалийн түүхийн музейг шинээр барихад хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдээлж байсан удаатай. Түүний энэ мэдэгдэлд Байгалийн түүхийн музейн газар  багтсан гэж олон нийт үзэн эсэргүүцсэн. Ямартай ч Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарлаа. Харин хуучин газрыг ямар зориулалтаар ашиглах нь тодорхой бус хэвээр байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ