• Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр оо, та нарт АН томдоно шүү

    АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр гурван зүйлийн талаар мэдээлэл хийж байгаагаа илэрхийлээд ийнхүү ярилаа.

    “Нэгд: АН-ын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа гэж ямархуу юм болсоныг эргэж нэг хэлэх цаг болсон гэж бодож байна. Сунгаанд би нэр дэвшиж өрсөлдсөн. 2014 онд Ц.Элбэгдоржийг МАНАН мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяагаа үзээгүй дээ. Намайг 2016 оны 11 сарын 30-нд сэжигтэн болгосон. Ингээд АН-ын даргын сунгаанд сэжигтэн явлаа гэдэг хар пиар хийсэн. Сунгаанд шударга бус явагдсан бөгөөд Ц.Элбэгдорж, М.Энхболд нар “Шударга бусын хонгил”-оо ашиглаж хийсэн. С.Эрдэнэ намайг намын байрны асуудлыг зарсан гэсэн. С.Эрдэнийг хийсэн хэргээр нь барьцаалан хөдөлгөхийн тулд хийсэн хэргээр нь барьцаалсан. С.Эрдэнээг АН-ын хурлаар батламжлах ёстой байтал, болоогүй байхад М.Энхболд хадаг, сүү бариад баяр хүргээд гүйсэн. Ерөнхийлөгчийн сунгаанд үзэхэд бас л Ц.Элбэгдорж нар хийсэн. Хаана яаж луйвардсан нь ил бий. Яг санал хураахын өмнө С.Эрдэнэ Р.Амаржаргалыг дэмжинэ шүү гэсэн. Харин аз болж Х.Баттулга дундуур нь гарч ирсэн. Р.Амаржаргалыг яагаад дэмжсэн гэхээр М.Энхболдын аманд өгөх гэж байсан хэрэг. Ц.Элбэгдорж “2017 он хүртэл би суулаа, 2025 он хүртэл М.Энхболд чи суу” хэмээн түүнийг Ерөнхийлөгч болгох гэсэн хэрэг. Тиймээс Р.Амаржаргалыг зөөлөн боорцог гэж харсан.

    АН улс төрийн бодлого, хөгжил ярьдаг бүтэц байх ёстой ч 60 тэрбумын схемийг өөрсдөө хэрэгжүүлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хамгаалж, эрүүдэн шүүлтийг байх ёстой гэж хэлдэг болсноос гадна С.Эрдэнэтэй үзэл бодол нийлээгүй УИХ-ын гишүүд битгий хэл намын жирийн гишүүдээ хөөдөг болсон. Ингэж хөөснөөрөө нам хохирч, УИХ-д бүлэггүй болж, сөрөг хүчний дуу хоолой үгүй болсноор Монгол Улс хохирч байна. АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан дээрэмчид нам биш болгож байна. АН-д бүх юмыг мөнгөөр хэмжиж байна. Зөвхөн залуучуудын байгууллагын дарга болохын тулд 120 саяыг төлүүлж байна. Арай ч дээ. Л.Болд, Ж.Батзандан хоёр зөв байр суурь барьсан гэж бодож байгаа. С.Эрдэнийн байр сууриас зөрсөн болохоор намаас хөөсөн. Ингэж сөрөг хүчний дуу хоолойг байхгүй болгож байгаа юм.

    АН шинэчлэгдэж байна, мундаг болж байна гэх. Гэтэл ротаци болж нэг суманд 3-хан хүн санал өгч байна. Түүнийгээ бас будлиулж байх юм. Юу вэ. АН-ыг шинэчлэхийн тулд “АН нэгдэл” хэмээх нэгдлийг уриалж, орон нутаг, аймаг, сум, дүүргийн бүх гишүүдийг нэгдэхийг уриалж байна.

    АН-аас хөөсөн албан ёсны бичиг өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд худал гүтгэж намаас хөөсөн бичигтэй бичиггүй намаасаа явахгүй гэдгээ хэлээд “2014 онд Н.Алтанхуяг шиг адгийн муухай амьтан байгаагүй. Байгалийн баялгийг аятайхан шиг зөв хуваарилж болдоггүй юм уу гэж хэлснээрээ би муу нэртэй болсон. Хүнд хэцүү байсан ч би бууж өгөөгүй. Шударга бусын хонгилынхон намайг “алсан” гэж бодсон. Алсан уу гэвэл алсан. Үхсэн үү гэвэл үхээгүй” гэв.

    “Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт би нэг юм хэлчихмээр байх юм.  Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа та нарт АН дэндүү томдоно шүү. АН гэдэг чинь ардчилсан хувьсгалыг манлайлж ард түмнээ сэрээсэн нам. Одоо шударга ёсыг сэргээх ажлыг эхлүүлэх нам. Та хоёр энэ нам руу битгий хуруу хумсаа дүрээд бай. С.Эрдэнэд бас хэлье. С.Эрдэнээ би чамайг дэндүү сайн мэднэ дээ. Ард түмэн ч мэддэг болчихож. Эрдэнээг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийгээд байгааг нь ард түмэн харчихсан, ойлгочихсон. С.Эрдэнэ чи гэмт бүлэглэлийн гар хөл болж тэдний дохио зангаагаар юм хийдгээ болио.  Хүн гүтгэдгээ болио. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга. Чамайг зайлуулна, үүнийг хатуу хэлье” гэлээ

    Тэрбээр мөн “Хийсэн хууль бус үйлдлүүд нь тодорхой болсон, улс орны хөгжлийг 10-20 жил хойш татсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” хэмээн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараас асууж байгаагаа мэдэгдлээ. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

    -”Капитал” банкны дампуурал танай намтай холбоотой юу?

    -АН холбоогүй. Холбогдвол Нийгмийн даатгал, тэр дундаа С.Эрдэнэ холбогдоно.

    -АН-аас таныг хасах намын үүрийн шийдвэр гарсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

    -Би МУИС-д 10 жил багшлаад Ардчилсан хувьсгалд 1990 онд анхнаас нь орсон хүн, С.Эрдэнэ, Бямбацогтын хүргэнээр хөөлгөх гэж ороогүй.

    -АН Баруун төвийн нам болж байгаагаа мэдэгдэж, өмнөх гишүүдээ гуйхгүй, өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ тухайд?

    -Би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа болиод намаа цэгцлэх гэтэл намаас хаслаа гэж яриад байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж болохгүй. Намаас хасах хасахдаа яахаараа хүн гүтгэдэг юм бэ. Яршиг л байна. Өнөөдрийг хүртэл би тэр цаасыг нь ч хараагүй. Цаасны ч хэрэг байхгүй.

    -Таныг Ерөнхий сайд байхдаа Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгасан гэдэг. Энэ шийдвэрийнхээ золиос нь болж байгаа юм биш үү? 

    -Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгахыг УИХ-ын 9 гишүүн санаачилсан. Харин би дараа нь сэргээх санал гаргаж байсан. Тухайн үед манай Засгийн газар дэмжихгүй гэсэн санал өгсөн.

    -Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

    -Нэр дэвших тухай бол 77 дугаар асуудал. Би ялзарсан систем, энэ хачин хулгайч дээрэмчдийн гарт 1990 онд байгуулсан намаа үлдээмээргүй байна. Гарч явмааргүй байна. Тиймээс өөрчилнө, тэмцэнэ.

    -Намын байр зарсан мөнгийг яасан юм бэ?

    -Намын байрны суурийг зарсан 7 тэрбум төгрөг намын данс руу орсон. Би Ажлын хэсгийг буруутгадаггүй. Намын байр байсан суурин дээр барьсан барилгаас 2,200 ам метр талбайг АН авна гэсэн гэрээг Ц.Оюундарь дарга оруулсан байсан.

    -АН-ыг шинэчлэхийн тулд юу хийх вэ?

    -Нэгдэцгээ, битгий хульчий. Энэ байтугай өөрчлөлт шинэчлэлт хийж байсан хүмүүс.

    -Таны энэ шинэчлэлийн ард Ерөнхийлөгч байгаа юу?

    -Байхгүй. Харин Ерөнхийлөгчөөс болоод миний тэмцэл удааширсан байх. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан учраас завгүй, улстөржиж болохгүй байсан. Миний ард хэн ч байхгүй.

    -Ерөнхийлөгчийн зөвлөх болсннор намаа шинэчлэх ажилд хугацаа алдсан уу? Харамсдаг уу?

    -Хугацаа алдаагүй, харамсдаггүй. Харин Ерөнхийлөгчтэй хамтарч Монгол Улсын ялзарлыг нураахад оролцсон.

    -Шударга бусын хонгил нурсан уу?

    -Нураагүй, хэлтэрч байх шиг байна. Л.Гансүхийн эхлүүлсэн видеонуудыг үзээрэй. Хүнийг яаж бөөс, хуурс шиг алдгийг хар л даа. Бид байхгүй, та нар үлдэх нийгэм. Нийгмээ цэвэрлэж авмаар байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ