• АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, Ж.Батсайхан гэж бэ

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр таван асуудал хэлэлцэхээр төлөвлөж байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсан ч гишүүдийн зүгээс горимын санал гаргасан.

    Хурлаар хамгийн эхэнд  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Л.Болд “АТГ-ын удирдлагуудын томилгоог  хэлэлцье” гэсний дараа Хүний эрхийн комиссын илтгэлийг ирэх долоо хоногт болгож хойшуулсан.

    АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав. Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм. УИХ-ын нэр бүхий гишүүд Хууль зүйн байнгын хороотой хамтран Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогдуулж, өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.

    Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэдгээ илэрхийлсэн.

    АТГ-ын даргад нэр дэвшиж буй З.Дашдаваа болон дэд даргад нэр дэвшиж буй Ж.Батсайхан нар гэж хэн бэ, өмнө нь ямар албан тушаал хашиж байсан талаар хүргэе. АТГ-ын даргад нэр дэвшигч Зандраагийн Дашдаваа эрхзүйч мэргэжилтэй, Хэнтий аймгийн харьяат. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн бор шувуу ч нисч байна.

    Боловсрол: 

    • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
    • МҮДС Хууль зүйн ухааны магистр

    Ажлын туршлага:

    • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
    • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
    • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
    • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
    • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
    • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
    • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
    • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
    • Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

     АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь АТГ-ын даргаар Б.Дангаасүрэн томилогдохдоо дөрвөн даргыг шинээр томилсны нэг нь юм.   Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил хянадаг байсан. Тэндээсээ ШШГЕГ-ын дэд даргаар очоод байхад нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чөлөөлсөн байдаг. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн гэх нь бий.

    Боловсрол:

    • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
    • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
    • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

    Ажилласан байдал:

    • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
    • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ