• Ч.Батсүрэн:Монгол эрдэмтдийн технологиор хийсэн нэхмэл шаалийг 50 мянгаар зарж байгаа нь ноосны үнэ цэнэ 10-15 дахин өссөн гэсэн үг

    Ноолууран түүхийн эдийн ердөө 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл эцсийн бүтээгдэхүүнээр экспортод гаргадаг. Ноос, ноолуур, арьс ширний салбарт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, шинэ техник технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний боловсруулалт, чанарт дэвшил гаргах нь дотоод зах зээлээ хамгаалах нэн шаардлагатай юм.

    Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаачид, ШУТИС-ийн эрдэмтэн багш болон үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран Монгол ноосны үнэ цэнийг анхдагч үнээс нь 10-15 дахин өсгөж, өдөр тутамд хамгийн их хэрэглэгддэг нэмүү өртөг шингэсэн нэхмэл бүтээгдэхүүн болгох боловсруулалтын технологийг бий болгожээ. Мөн технологит суурилсан ноос ноолууран түүхий эдийг өрхийн амьжиргааны болон жижиг дунд үйлдвэрлэлийн төвшинд боловсруулах тоног төхөөрөмжийг зохион бүтээжээ.

    Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Инноваци, хөгжлийн албаны дарга Ч.Батсүрэнтэй ярилцсанаа хүргэе.

    Тэрбээр “Дэлхий дээр ноос ноолууран бүтээгдэхүүний нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй гэсэн гурван төрөл л бий. Судлаачийн зүгээс харахад хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний  60 хувийг нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна. Нэхмэл бүтээгдэхүүнд нэхээд бэлэн болсон материалаар оёсон бүх л төрлийн цамц, өмд, дотуур хувцаснууд багтана.

    Харин бидэнд олдоц нь сайн, өртөг багатай түүхий эд болох ноос нь байна.

    Ноос, ноолуур түүхий эдээ л бид аль болох дээр дурдсан хүмүүсийн өдөр тутамдаа хамгийн их өмсөж, хэрэглэдэг нэхмэл бүтээгдэхүүн болгох хэрэгтэй.

    Ингэж хэрэглэгчийн масс өндөр үйлдвэрлэл рүү шилжүүлж чадсанаар анхдагч түүхий эдэд нэмүү өртөг шингэсэн, дотоодын зах зээлийг дэмжсэн, экспортлох  бүтээгдэхүүн болно” гэсэн юм.

    -Хонины ноос түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулахад технологийн ямар шатуудыг дамжиж байна вэ?

    -Ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн технологийг ерөнхийд нь анхан шатны боловсруулалт, дунд шатны боловсруулалт, эцсийн боловсруулалт гэсэн гурван үе шаттад хувааж болно. Анхан шатны боловсруулалт нь бохир ноос ноолуураас хялгасыг нь ялгах хүртэл дамжлага, дунд шатны боловсруулалт нь будахаас нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх дамжлагууд, эцсийн дамжлага нь тэдгээрийг хэрэглэгчийн хүсэлт таашаалд нийцүүлэн хэрэглээний шинж чанаруудыг бий болгох дамжлага юм. Ноос ноолууран бүтээгдэхүүн нь химийн болон механикийн бас хослуулсан, өндөр температурын гэх мэтчилэн боловсруулалтын 60 орчим дамжлагыг дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрч байна.

    -Нэхмэл бүтээгдэхүүний нимгэн, салхи нэвтрүүлдэг, гэх мэт онцлог нь юу вэ? Ноолууран бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүйтний улиралд хэрэглэдэг гэсэн ойлголт байдаг.

    – Ноос ноолууран бүтээгдэхүүн гэхээр л хүйтний улирлын хэрэглээ гэсэн ойлголт бий. Бидний энэ боловсруулсан нарийн ээрмэл/утас/ үйлдвэрлэх технологи нь ноос ноолуураар нимгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгож өгч байгаа юм. Харин ноос ноолуурыг ингэж нарийн ээрмэл/утас/-ээр нэхмэл бүтээгдэхүүн болгоод, түүгээрээ оёж бэлэн эдлэл, хувцас хийснээр зун, намрын улиралд ч өмсөхөд халууцахгүй жилийн дөрвөн улиралд хэрэглэгдэх боломжтой.

    -Ийнхүү боловсруулснаар анхдагч түүхий эдийн үнэ, эцсийн бүтээгдэхүүн болоход хэд дахин өсч байна вэ?

    -Үйлдвэрлэсэн жин хөнгөрүүлсэн 90-110г жинтэй /энгийн шааль дунджаар 200г орчим жинтэй/ шааль дээр тооцоо хийж үзье. Хонины ноос манайд 1 кг нь 3000-6000 төгрөгийн хооронд байна. Шинжлэх ухаанд үндэслэн технологийн боловсруулалтыг хийн гарган авсан нэхмэл шаалийг 45000-55000 төгрөгөөр зарж байна.

    Тэгэхээр ноосны үнэ цэнэ эцсийн бүтээгдэхүүн болоход 10-15 дахин өснө.

    Хамгийн гол нь энэхүү үйлдвэрлэл зөвхөн машин тоног төхөөрөмжүүдээр явахгүй хэдэн зуу хэдэн мянган монгол хүнийг ажилтай орлоготой болгох юм.

    Нэхмэл шааль

    -Технологийн дагуу эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх тоног төхөөрөмжийнхөө талаар танилцуулаач? Хөдөлмөр, цаг хугацаа хэмнэх зэрэг ямар давуу талтай вэ?

    -Ноос ноолуур, арьс ширийг хэрхэн боловсруулах талаар судлахаас гадна тэдгээр судалгаандаа тулгуурлан боловсруулах тоног төхөөрөмжийг өрхийн амьжиргааны болон жижиг дунд үйлдвэрлэлийн төвшинд зориулан үйлдвэрлэсэн. Ноос ноолуур боловсруулах тоног төхөөрөмжийн хувьд олон цагаар ажиллахад хүний биед бага ачаалал өгөх, хөдөлмөр хөнгөвчлөх,  хамгийн бага зардлаар хамгийн их бүтээмжтэй байх зэрэг давуу талтай. Бидний бүтээсэн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэе гэвэл технологийг нь хамтад зааж, боловсон хүчнийг нь бэлтгэн өгдөг.

    -Монгол хонины ноосны онцлог нь юу вэ? Энэхүү эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах тоног төхөөрөмж нь тэдгээр онцлогуудад тохируулан зохион бүтээгдсэн гэсэн үг үү?

    -Ноос нь бүс нутаг, цаг агаараасаа хамаарч ерөнхий шинж, урт, нарийн, дотоод, гадаад бүтэц зэрэг нь өөр өөр байдаг. Шинэ Зеланд, Австрали хонины ноос нэг л төрлийн үснээс тогтдог бол монгол хонины ноос нь 4 төрлийн ширхэгтээс тогтдог, хялгас ихтэй, ширүүн байдгаараа онцлог учраас уг шинж чанар тохирсон боловсруулах технологийгшаарддаг. Жишээ нь хялгасыг нь ялгах шаардлагатай, ер нь дамжлага тус бүрд шинж чанараасаа хамаараад өөр өөр боловсруулалтыг шаарддаг. Бидний бүтээсэн өрхийн амьжиргааны болон жижиг дунд үйлдвэрлэлийн ноос ноолуур боловсруулах төхөөрөмж нь дээрх шаардлагагыг бүрэн хангана.

    -Монгол экспортын ноос, ноолууран бүтээгдэхүүнээс хачиг илрэх тохиолдлууд байна гээд байдаг. Энэ нь технологийн боловсруулалтад ариутгах, хачиг устгал муу хийгдсэнтэй холбоотой юу?

    -60 орчим дамжлагуудын дунд чанар шалгагчид ажилладаг. Мөн химийн дамжлагад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодисыг  ашигладаг учраас хачиг байх боломжгүй. Үнэхээр хачигтай байвал түүхий эдийг чанаржуулах хэрэгтэй. Малчид маань ноос ноолуураа зарж борлуулахдаа түүхий эдээ чанаржуулан арчлах нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад маш том тус болж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг болно.

    -Хонины ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгох технологийн боловсруулалтын шийдлийг олоход хэр их хугацаа зарцуулагдсан бэ? Ер нь судлаачдын оюуны бүтээл хэрхэн үнэлэгддэг вэ?

    -Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Анх Манай улс 1930-1934 онд ээрмэл/утас/-ийн машинт үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдаж 1980 онд ээрмэлийн томоохон үйлдвэрүүд байгуулагдсан байдаг. Энэ үеэс үе үеийн эрдэмтэн судлаачид үйлдвэрлэгчидтэй хамтран ээрмэлийн шинж чанарыг сайжруулсаар ирсэн. Нэхмэлийн салбарын туршилт, судалгаа нь маш их цаг хугацаа,хөрөнгө мөнгө, үйлдвэрлэлийн олон машин тоног төхөөрөмжийг хамарсан асар том шугам байж байж явагддаг.

    Ноос боловсруулах өрхийн амьжиргааны болон жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр монгол хонины ноосны үнэ өсөх, малчдын амьжиргаа дээшлэх, цаашлаад ажлын байр бий болно.

    Гэвч энэхүү судалгаанд хамаг цаг зав өөрийн гэсэн бүхий л зүйлээ зориулсан судлаачид маань судалгааны ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр санхүүжилт хайгаад үйлдвэрийн эздийг гуйгаад л явдаг даа.

    Энэ нь л хамгийн хэцүү байдаг. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь маш бага. Манай улсын хувьд оюуны үнэлэмж ийм л төвшинд байна.

    Бас нэг зүйл дээр би маш их эмзэглэдэг энэ нь туршилт сайжруулалт хийгдэж байх хугацаанд хүмүүс нэг удаа хэрэглэж үзээд муу гээд л шууд гадаадын бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлдэг. Би нэг юмыг ердөөсөө ойлгодоггүй юм.

    Бид Хятад улсын өрөөсөн оймс, уранхай хувцсыг нь муу хэлэн  зөөсөөр байгаад тэдний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан.

    Харин дотоодын үйлдвэрээ тийм жишгээр яагаад хөгжүүлж болохгүй байгааг ойлгодоггүй.  Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид маань арай ч уранхай цоорхой юм хийдэггүй шүү дээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ