• Нөхөн сонгуульд 12 нам оролцох хүсэлтээ хүргүүлжээ

    УИХ-ын нөхөн сонгуульд нам, эвсэл оролцох, эсэхээ илэрхийлэх сүүлчийн өдөр нь өчигдөр байсан тул улс төрийн хүчнүүд холбогдох бичиг баримт, бүртгүүлэх хүсэлтээ СЕХ-нд хүргэв. Харин нэр дэвшигчийг энэ сарын 28-наас өмнө тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм

    УИХ-ын нөхөн сонгуульд нам, эвсэл оролцох, эсэхээ илэрхийлэх хуулийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-ны 23.59 цагаар дуусгавар болсон бөгөөд өчигдөр 18.00 цагийн үед МАН, АН, МАХН, ИЗНН, ХҮН, ЗОН, Ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монгол консерватив нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхын засаглал нам зэрэг 12 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн. Харин Монголын хүний төлөө нам сонгуульд оролцоно хэмээн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулсан ч СЕХ-нд хүсэлтээ хараахан ирүүлээгүй байв.

    Нөхөн сонгуульд оролцох тухай нам, эвслийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш СЕХ тав хоногт багтаан ирүүлсэн баримт бичгийг нягталж, шалгаад бүртгэх, эсэх шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, хүсэлт хүргүүлсэн намуудыг бүртгэх, эсэхийг шийдэх эцсийн хугацаа нь энэ сарын 5. Баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн хугацаанд ирүүлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл СЕХ тухайн нам, эвслийг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзах эрхтэй. Тиймээс тус байгууллагаас нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасны дараа л хэдэн нам, эвсэл сонгуульд оролцох талаарх мэдээлэл тодорхой болох юм.

    Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн товлон зарлаж, зохион байгуулж, явуулах цаг хугацааны хуваарийг СЕХ баталсан. Энэ хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд үргэлжилж байгаагийн нэг нь нам, эвслийн бичиг, баримт, хүсэлтийг хүлээж авах юм. Үүнээс өмнө Үндэсний аудитын газар нам, эвсэл, нэр дэвшигчдээс нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, Хэнтий аймгийн Сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 21-нээс өмнө, аймгийн Сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороодыг 26-наас өмнө байгуулах зэрэг ажлыг хуваарийн дагуу хийсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ