• Ж.Должинсүрэн:Улс орны хөгжлийн луужин болдог бодлого төлөвлөлтөө Монгол Улс 1990-ээд оноос гээчихсэн

    Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэнтэй ярилцлаа.

    Монгол Улс хөгжлийн  бодлогоо зөв тодорхойлж чадаж байна уу. Хөгжлөөрөө бид хаана явна вэ?

    -Хөгжлийн бодлого төлөвлөлтгүйгээр Монгол Улсын хөгжлийн тухай ярих боломжгүй. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд бид зах зээл гэдгийг  амьдрал дээр бодитоор мэдэрч ирлээ шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос эхлээд л Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлтөө гээчихсэн. Хөгжлийн бодлого төлөвлөлт гэдэг маань одоо яриад байгаа шинэ зүйл биш юм. Манай улс аль социализмын нийгмийн үед маш сайн төлөвлөлттэй байсан. Үүнийг нийгмийн шилжилтийн үед соц нийгмийн үед байдаг хоцрогдсон зүйл гэж орхигдуулсан. Яагаад гэвэл зах зээл  чөлөөтэй, өөрийнхөө жам ёсоор явах ёстой гэж үзээд өнөөдрийг хүртэл ямар ч төлөвлөлтгүйгээр явж  ирсэн. Гэтэл капитализмын нийгмээр  эдийн засгаа босгоод ирсэн хөгжиж байгаа улс орон, одоо амжилттай хөгжөөд явж байгаа улс орнуудын жишээг харахаар төлөвлөлтөө хамгийн зөв хийсэн байна.

    Зах зээлийн эдийн засгаа төлөвлөлтийн тогтолцоогоор босгож ирсэн Япон, Солонгос зэрэг орны хажууд манай улсын хөгжил аль төвшинд явж байгааг хүн бүр хэлнэ. Эдгээр улсууд цэвэр төлөвлөлтөөрөө эдийн засгаа босгож чадсан.

    Харин одоо төлөвлөлтөө  амжилттай хийгээд хөгжиж байгаа Малайз,Филиппин зэрэг орон байна.Угтаа бол төлөвлөлтгүйгээр улс  орон хөгжих тухай яриад ч нэмэргүй.

    Социализмын нийгмийн үед маш сайн хийж байсан төлөвлөлтөө баллуурдаж хаях биш зах зээлийн шилжилтийн нийгэмтэйгээ уялдуулаад авч явсан бол өнөөдөр Монгол Улсын хөгжил арай өөр төвшинд байх байсан болов уу.

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?

    -1990-ээд оноос  2015 он хүртэл  хөгжлийн бодлого төлөвлөлтийг бүхлээр нь зохицуулах  хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан.  Өөрөөр хэлбэл,  тухайн салбарын хууль  болон бусад хуулиар зохицуулж ирсэн. 2015 онд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бүхлээр нь зохицуулсан хуулийг баталсан нь сүүлийн 25 жилийн хугацаанд гарсан маш том ахиц  дэвшил юм. Гэсэн ч учир дутагдалтай зүйлс олон  байгаа. Хууль батлагдахаас өмнө гарсан  хуульд нийцэхгүй байгаа  бодлогын баримт бичиг ч байна.  Нөгөө талаар хуулийн хэрэгжилт хангалтгүй, учир дутагталтай байгаа учраас шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.  Нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоо, залгамж чанарыг цогцоор нь хангах, мөн инстутын тогтолцоог  бэхжүүлж, зөв тодорхойлох зэргийг оруулж  өгсөн байгаа.

    -Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүрэг ямар статустай явж ирэв?   

    -Өнөөдрийг хүртэлх 28 жилийн 16 жилд нь Сангийн яаманд хавсарга байдлаар, үлдсэн жилүүдэд зургаан байгууллагыг дамжин хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүргээ авч явсан байна.   Хэдэн тийшээ савалж, өөр өөр байгууллагаар дамжих бүрт байгууллагын институц, боловсон хүчний чадавхи алдагдаж байсан.

    Төлөвлөлтийн систем нь улс орны хөгжлийг чиглүүлэгч луужин болж өгдөг.  Төлөвлөлтөө зөв хийсэн улс орон хөгжинө.

    Төлөвлөлтийг байгууллага, боловсон хүчний чадавхи дээр тулгуурлаж хийнэ. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилд Монгол Улсын хөгжлийг  тодорхойлох институц нь энэ тэнд явж ирсэн байх нь.Өнгөрсөн жилүүдэд гаргасан алдаагаа олж харсан ч өнөөдөр үүнийгээ засаж чадахгүй, бас л ялгаагүй Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар гэсэн хоёр байгууллагын дунд явна. Тийм ч учраас хуульд өөрчлөлт оруулж байж, үүнийг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

    -Төрийн бодлого, уялдаа холбоо, залгамж чанар  байхгүй байгаа нь юутай холбоотой вэ?

    -Одоо хэрэгжиж байгаа бодлогын  баримт бичгүүд хоорондоо ямар ч уялдаагүй, замбараагүй хэт олширсон, нэгдмэл чанаргүй, алсын хараа руугаа чиглээгүй, ямар үр дүнд хүрэх нь ойлгомжгүй. Үүнийгээ дагаад хариуцлагын тогтолцоо ярих боломжгүй байдал үүсчихсэн байдалтай байна. Мэдээж сонгуулийн дөрвөн жилийн хугацаа нөлөөлж байна. Сайд болсон хүн тухайн салбараа яаж харж байгаагаас салбараа хөдөлгөж явдаг. Дараагийнх нь ч мөн адил. Салбараар нь авч үзэхэд ийм байна.

    Засаг дотор  бүхэлд нь аваад үзэхэд сонгуулиар гарч ирсэн  төрийн эрх барьж байгаа  нам нь мөрийн хөтөлбөртөө юу амласан, улс орны хөгжлийг яаж харж байгаагаас хамаараад бодлого  өөрчлөгддөг. Дараагийн Засгийн газар бас л ялгаагүй. Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд бодлого тодорхойлно.

    Өмнөх сайд, Засгийн газарын  тодорхойлсон бодлого  ямар үр дүнд хүрэхийг үл харгалзан залгамж чанаргүй эсрэг тийшээ явдаг. Гэтэл алсын харааны хөгжилд хүрэхийн тулд эхний үе шатандаа тодорхой үр дүнд хүрсэн байх ёстой. Түүнийгээ дүгнээд дараагийн үе шат руу орж  хөгжил рүү дээшээ дэвших байтал бодлогын савлагаанаас болоод дахиад л шинийг эхэлдэг. Хамгийн чухал нь бодлогоо тодорхойлох чадавхиа алдчихсан учраас зөв томьёолж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, үр дүнд суурилсан бодлого  томьёолох чадавхи алдагдчихсан.Үүнийг хянах бололцоогүй. Хянах бололцоогүй болно гэдэг нь зөв, буруу аль вэ  нь гэдгийг дүгнэж  чадахгүй   болсон байна.

    Үүний үр дүнд маш олон замбараагүй, уялдаагүй бодлогын бичиг баримт  олноор гарсан байна.

    Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 200 гаруй урт, богино хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөр байна.

    Манайх шиг жижиг эдийн засагтай улсын хувьд энэ маш их тоо. Нэг салбарт хэчнээн бодлогын баримт бичиг байгаа нь эндээс харагдаж байна. Уг нь бол бүх салбарыг хамруулсан нэгдсэн нэг цогц харилцан уялдааг нь тооцсон  дунд хугацааны бодлоготой түүнийгээ жил жилээр хэрэгжүүлдэг, хэн нь юу хийх нь тодорхой цэгцтэй систей байх ёстой юм. Ийм байвал ард иргэдэд хөгжлийн бодлого нь тодорхой, төр нь юу хийх  гэж байгаа нь ойлгомжтой байна. Одоо бол маш замбараагүй байдалтай, төрийн албаныхан нь өөрсдөө бичиг цаасан дундаа төөрөлдсөн шинжтэй байна. Тиймээс зайлшгүй реформын шинэчлэл хийх ёстой.

    ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

    -Засгийн газраас хугацаандаа  25 жил буюу  2045 он хүртэлх Монгол Улсын  хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулах  талаар ярьсан. Ажлын хэсэг нь байгуулагдсан уу. Дахиад  шинэ хөгжлийн хөтөлбөр боловсруулах юм уу?

    -“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” алсын харааны бодлогын баримт бичгийг 2016 онд УИХ-аар баталсан. Гэхдээ энэ баримт бичигт  алдаатай зүйлс байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Бид ч хүлээн зөвшөөрдөг. Одоогийн Засгийн газраас алсын харааны бодлогоо шинэчлэх хэрэгтэй гэсэн байр суурийг хэлж байгаа. Шинээр гарч байгаа бодлогын бичиг баримтууд хуулийнхаа дагуу хийгдэх ёстой. Энэ бодлогын бичиг баримт нь 25 жил байж болохгүй дээд тал нь 20 жилээр хийх  ёстой.

    Яагаад гэвэл өнөөдөр хэрэгжиж байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг 15-20 жилийн хугацаатай гарна гээд заасан байдаг. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бодлогын баримт бичигт Засгийн газар хоёр жил тутамд, дөрвөн жил тутамд хөнлөнгийн үнэлгээ хийх ёстой. Сангийн яам яамдуудаас мэдээллийг авч зангидаад тайлангаа ЗГХЭГ-т танилцуулж, Засгийн газрын хурлаар орж хэлэлцэгдэх ёстой. Өнөөдрийн  байдлаар ороогүй байгаа. Шалтгаан нь тайлагнах ажил хангалтгүй хийгдсэн. Өөрөөр хэлбэл,ямар ажил хийсэн, аль нь ямар төвшинд явж байгааг  зангидахын аргагүй,  тэгсэн ингэсэн гэсэн  үр дүнгүй тайлангийн процесс явсан гэсэн ойлголттой байна. Тогтвортой хөгжлийн зорилтод маш өндөр шалгууртай зорилт тавьсан. Дунд хугацааны бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаатайгаар эхний дунд хугацаанд юу хийх вэ, гарсан үр дүн дээрээ тулгуурлан хоёрдахь дунд хугацаанд юу хийх вэ зүйл одоо хэрэгжиж байгаа  хуульд байхгүй байгаа. Тийм ч учраас хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улс дунл хугацааны ийм бодлоготой болно гэдгийг суулгаж өгсөн.

    2040 он хүртэл хийгдэх алсын харааны бодлогод дунд хугацааны бодлогыг хийё гэсэн чиглэл явж байгаа. Гэхдээ урт хугацааны болон дунд хугацааны бодлогыг хийх шийд хараахан гараагүй байна. Ажлын хэсэг байгуулагдаагүй. Хэрэг эрхлэх газрын төвшинд яригдаж байгаа.

    Засгийн газрын мөрийн хөтөлбөр намын амлалт дээр тулгуурладаг. Төр нь ялалт байгуулж гарч ирсэн намын бодлогод нийцүүлж биш  алсын харааныхаа бодлогыг тодорхойлдог байх ёстой.

    Одоо хэрэгжиж байгаа хуульд  дунд хугацааны бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаатайгаар эхний дунд хугацаанд юу хийх вэ, гарсан үр дүн дээрээ тулгуурлан хоёрдахь дунд хугацаанд юу хийх вэ гэдэг зүйл байхгүй байгаа. Тийм ч учраас хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улс дунд  хугацааны ийм бодлоготой болно гэдгийг суулгаж өгсөн. 2040 он хүртэл хийгдэх алсын харааны бодлогод дунд хугацааны бодлогыг хийё гэсэн чиглэл явж байгаа. Гэхдээ   Ажлын хэсэг байгуулагдаагүй. Хэрэг эрхлэх газрын төвшинд яригдаж байгаа.

    Өнгөрсөн хугацаанд батлагдсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт ямар байсан талаар хийсэн хяналт  байдаг уу?

    -1996 онд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал гэсэн нэртэй анхны алсын харааны бодлогын баримт бичиг гарсан. Үүнээс хоёрхон жилийн дараа 1998 онд  Монгол Улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр нэг алсын харааны бодлогын баримт бичиг баталчихаад хоёрхон жилийн дараа дахиа өөрчилж баталсан байна. Үүний дараа 2008 онд  Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан. Хоёр дахь  үе  хэрэгжиж эхлэх үед 2016 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ийг баталсан. Үндэсний хөгжлийн газар, судлаач эрдэмтэдтэй хамтраад  эдгээр баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж үзсэн.

    Шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой тооцоо судалгаагаар батлагдсан бол хөдлөөд байх шаардлагагүй. Гэтэл эдгээр баримт бичгүүд дээр хөгжлийн бодлогоо  янз бүрээр тодорхойлчихсон.

    Бодлого тогтворгүй янз бүрээр гардаг нь эргээд ард иргэдийг төөрөгдүүлэх, төрийн алба хаагчид, эрдэмтэн судлаач, гадаадын судлаачдад ч Монгол Улс яг ямар замаар яаж хөгжих гээд байгаа нь ойлгомжгүйн бодит жишээ байна.

    Мөн яаж хэрэгжсэн талаарх үнэлгээ байхгүй,цаас болоол үлдсэн байгаа. Төрийнхөн өөрсдөө цаасан дундаа эргэлдэх байдлыг бий болгож байна.Тиймээс  институтын тогтолцоог заавал хийх ёстой. Өнөөдрийн байдлаар яам тус бүр бодлого уялдаагүй байна. Уялдааг нь хэн хангах нь тодорхойгүй байдалтай  байна.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ