• Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 5000 хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол, Дүнжингарав хороолол, Сүмбэр орд, Саруул хотхон, Тайм тауэр, Олимп, Олимп виллаж зэрэг хотхоны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тус хороо нь 22 мянган оршин суугч, сургуулийн насны   5000 гаруй сурагчтай ч улсын 133 дугаар сургууль өөрийн гэсэн байргүй “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллэж байна.

    Түүнчлэн улсын нэг ч цэцэрлэггүй хороо  болох талаар тус хорооны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийсэн.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд барьж ашиглалтад оруулсан “Монгол тэмүүлэл” сургууль  нь Кембрижийн стандартаар 160 сурагчтайгаар сургалт явуулдаг юм байна. Харин 133 дугаар сургуульд 1500 хүүхэд суралцаж,  дөрвөн  ээлжээр нэг ангид 40-50 хүүхэд хичээллэдэг ажээ.

    Эцэг, эхчүүд сургуультай холбоотой асуудлаар нийслэлийн Боловсролын газарт гомдол гаргахад “48, 33, 84 дүгээр сургуульд хуваарилж  сургана” гэх хариуг өгчээ. Оршин суугчид “Монгол тэмүүлэл” гэж 160-хан хүүхэдтэй сургуульд сургуулийн байрны талыг эзэмшүүлээд, хорооны хүүхдүүдийг харьяаллын бус гэрээсээ хол сургуульд явуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улаанбаатар хотын Засаг дарга нарт  хандан гомдол гаргасан ч хариу өгөөгүй байгаа гэв.

    Тиймээс маргааш БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт  дараах шаардлагыг хүргүүлэх юм.

    •  160 сурагчтай “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр тийш нь нүүлгээч. Төрд сул байр олон бий.
    • Ирэх намар сургуульд орох насны 683 хүүхэд байна. 26-р хорооны оршин суугчдын дийлэнх нь залуу гэр бүл байдаг. 5 настай 700 гаруй, 4 настай 800 гаруй хүүхэд бий. Тиймээс дахин сургууль барьж манай хорооны хүүхдүүдийн эдлээгүй эрхийг эдлүүлж өгөөч гэж  гэжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ