Хүчний байгууллагад ажилладаг эмэгтэйн гомдол:Өглөө 6 цагийн  үед  дарга намайг  дуудаж  өрөөндөө  оруулаад  дахин  үнсэх гэж дайрсан…

2019-04-30

Байгууллагын  дарга  Н  нь  эмэгтэй  албан  хаагчдад  байнга   ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг талаар албан болон албан бусаар яригддаг боловч ямар нэг хуулийн арга хэмжээ авдаггүй, тэр байтугай албан тушаал байнга дэвшиж байдаг. Дарга  Н  нь  эмэгтэй  хүнийг  …зөвхөн  дур  хүслийг  нь  хангагч  мэтээр авирлаж харилцдаг…

Жишээлбэл:   тухайн   байгууллагын   ажилтан   Э   ХЭҮК-т   хандаж гаргасан гомдолд “албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн  22  цагийн  үед  намайг  дуудаж  өрөөндөө  оруулсан  юм. Тухайн үед Н дарга архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна. Толгой бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би  гарыг  нь  тавиулах  гэтэл  тавихгүй  байхаар  нь  дарга  аа,  би гарчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгтэл өглөө 6 цагийн  үед  дахин  намайг  дуудаж  өрөөндөө  оруулаад  дахин  үнсэх гэж дайрсан” гэжээ.  “Мөн  …байгууллагын  ажилтан  Б,  түүний  эхнэр  Т  нар  хамт  ажилладаг  бөгөөд  дарга  Н  шөнийн  3  цагийн  үед  эхнэр  Т  руу нь “хаана байна, би одоо л орж ирж байна” гэж мессэж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б  цагдан  хоригдож,  цагдаагийн  байгууллагад  шалгагдсан” гэжээ.

Эдгээр жишээ бол нэг  төрийн байгууллагын эмэгтэй албан хаагчдаас ХЭҮК-т ирсэн гомдол.

Өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг танилцуулсан бөгөөд хэвлэгдэн гарсан тайлан илтгэлд дээрх жишээнүүд оржээ.

 

 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлын байрны бэлгийн дарамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа зэрэг хууль хүчний байгууллагад их гарч байгааг өнөөдөр тайлан танилцуулах үеэр онцоллоо.

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогч гомдлоо  шийдвэрлүүлж  чадахгүй  байгаа  гол  шалтгаан  нь  хохирогчоос нотлох баримт шаарддаг,хохирогч хамгаалал, аюулгүй  байдал  баталгаагүй,  хувийн  нууцлал,  мэдээлэл  алдагддаг,   тухайн   байгууллагын   хөдөлмөрийн   дотоод   журамд  уг  асуудлыг  хэрхэн  шийдвэрлэх  талаар  тодорхой  тусгадаггүй, ёс зүйн зөрчил болон байх ёстой зүйл мэтээр үзэх хандлага зэрэг хүчин зүйлсээс болдог байна. Тиймээс  ажлын   байран   дахь   бэлгийн   дарамттай   тэмцэх,   урьдчилан  сэргийлэх  хууль  эрх  зүйн  орчныг  сайжруулах,  хохирогч  хамгаалах  болон  үйлчилгээ  үзүүлэх  механизмыг  бий  болгох,  энэ  чиглэлээр  ажилладаг  байгууллагуудыг  мэргэшүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,  Жендэрийн  эрх  тэгш  байдлыг  хангах  тухай  хуулийн  хэрэгжилтийг  сайжруулахад  төрийн  болон  төрийн  бус  байгууллагууд  хамтран  ажиллах  хэрэгцээ,  шаардлага  байгааг илтгэлд тусгажээ.

 

Монголын   эмэгтэйчүүдийн   сангаас   2016   онд   хийсэн   цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн  хохирогчдын  97.5 хувийг   эмэгтэйчүүд,  2.5  хувийг  эрэгтэйчүүд  эзэлж байна гэж гарчээ.

Ажлын  байран  дахь  бэлгийн  дарамт  үйлдэгчдийн  97.5  хувь  нь  эрэгтэйчүүд, үүний   87.4  хувь  нь  дээд  боловсролтой,  69.2  хувь  нь  удирдах  албан тушаалтнууд байна гэжээ. Мөн боловсролын салбарт тэр дундаа их, дээд сургуулиудад ажлын байрны бэлгийн дарамт ноцтой асуудал болж байгаа ч үүнээс урьдчилан  сэргийлэх,  илэрсэн  даруйд  таслан  зогсоох талаар байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгаа талаар тус тайланд дурьдсан байна.

Түүнчлэн театр, урлаг, спорт, соёлын газруудад тайзны ард буюу бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад ихээр өртдөг байна. Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын  сүлжээнээс  хийсэн  цахим  судалгаагаар бэлгийн дарамтад өртсөн 18-24 насны эмэгтэйчүүдийн 25 хувь нь, эрэгтэйчүүдийн 13  хувь  нь  урлаг,  спортын  болон  цахим  орчинд  бэлгийн  дарамтад өртсөн байна.

Жендэрийн  эрх  тэгш  байдлыг  хангах  тухай  хуулийн  хэрэгжилтийг  хангахын  тулд Засгийн  газрын  2017  оны  129  дүгээр  тогтоолоор  “Жендэрийн  эрх  тэгш  байдлыг  хангах  үндэсний  хөтөлбөр”-ийг  батлан  хэрэгжүүлж байгаа.    Уг хөтөлбөрийн 3.1.1-д   “хөдөлмөрийн   мөлжлөг,   ажлын   байран  дахь  ялгаварлан  гадуурхалтын  аливаа  хэлбэрээс  урьдчилан   сэргийлэх,   тэдгээрийг   үл   тэвчих   орчныг   бүрдүүлэх  асуудлыг  төр,  хувийн  хэвшлийн  байгууллага,  аж  ахуйн  нэгжийн  хөдөлмөрийн  дотоод  журамд  тусгуулан  хэрэгжилтийг  үнэлэх  үзүүлэлтийг  тодорхойлж  нэвтрүүлэх”,  3.5.4-т аж  ахуйн  нэгж,  байгууллагад  хүчирхийлэл,  түүний  дотор   ажлын   байран   дахь   бэлгийн   дарамт   гарахаас   сэргийлэх,  хохирогчийн  хүсэлт,  гомдлыг  ажил  олгогчийн  зүгээс шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэж заасныг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Монголын   эмэгтэйчүүдийн   сангаас   2016   онд   хийсэн   цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн  хохирогчдын  97.5  хувийг  эмэгтэйчүүд,  2.5  хувийг  эрэгтэйчүүд  эзэлж  байсан  бөгөөд  ажлын  байран  дахь  бэлгийн  дарамт  үйлдэгчдийн  97.5  хувь  нь  эрэгтэйчүүд,  87.4  хувь  нь  дээд  боловсролтой,  69.2  хувь  нь  удирдах  албан тушаалтнууд байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ